Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

УЛСТӨР: Хаврын улстөр тун чиг халуухан үргэлжилж байна. МАН-ын доторх зодоон нийслэл рүү орж халз үзэлцэж байна гэхэд хилсдэхгүй үйл явдлууд өрнөв.

Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Даваа гаригт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг, Ж.Сандагсүрэнг НИТХ дахь МАН-ын Бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж, Баасан гаригт Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд 34 төлөөлөгч оролцож 94,4 хувийн саналаар Д.Ихбаяр даргаар сонгогдлоо.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулаад байсан юм.

Нийслэлд боссон зодооны нэг нь хотын дарга Х.Нямбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн албан тушаалтнуудыг онилов. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайг 6.6 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээж шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Уг мэдээллийн хариуд Тэрбээр “Миний бие 2024 онд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин,  16577 иргэний санал авч, НИТХ-д сонгогдож, нийслэлийн эдийн засаг, дэд бүтэц хариуцсан Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдож, 1.6 жилийн хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд 16 том төслөөс 10 -ыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын дэд бүтцийг шийдэх томоохон төслийг өөрийн биеэр хариуцаж ажиллалаа. Анхан шатанд заахаас удирдах хүртэл ажиллалаа.  Улаанбаатар хотод агаарын бохирдол, түгжрэл гэдэг хоёр дайсан бий. Улс төр амаргүй, гэхдээ  2025 оны төсгөлөөс эхлээд Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын албан тушаал руу дайрсан, эрх мэдэлд шунасан, ажил хийж үзээгүй, Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан, түүний утсан хүүхэлдэй А.Баяр төлөөлөгч нарын бүлэг этгээдүүд албан тушаалын төлөө сүүлийн хагас жилийн хугацаанд биднийг харлуулах,  гүтгэх ажлыг санаатай зохион байгуулж ирлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувиар А.Баярт хэлмээр байна. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 35 нь огцруулъя гээд шийдвэр гаргасан байхад тамгаа авч зугтаад байх юм. Ажил албан тушаалыг авч чаддаг, өгч чаддаг байх хэрэгтэй гэж А.Баярт хэлмээр байна.

Цагдаагийн ерөнхий газар өдөр мэдэгдэл хийсэн, үүнийг гайхсан. Би бол хуулийн байгууллагад хүндэтгэлтэй ханддаг, цаашид ч хүндэтгэлтэй хандана. Ийм учраас Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн ажлаа өгч АТГ-т шалгуулж, хамтран ажиллана" гэх хариултыг өгсөн юм. 

НИЙГЭМ: Нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ

Дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн  Засгийн газрын хуралдаанаар нас барсан иргэдийн “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг ар гэрийнхэнд нь өвлүүлэхээр шийдвэрлэлээ.

Тодруулбал, нас барсан 130 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн эхнэр, хүүхэд, төрсөн ах, эгч дүүс нь нотариатаар баталгаажуулан үнэт цаасны дансаа бүртгүүлснээр хуримтлагдсан ногдол ашгийг өвлөн авах боломжтой боллоо.

ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "1072 хувьцааг иргэн бүрд тарааснаас хойш нас барсан хувьцаа эзэмшигч иргэдэд оногдох ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд хадгалагдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад орж, холбогдох ногдол ашиг нь аль хэдийнэ хуваарилагдсан. Тэгэхээр 2019 оноос хойш өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа ногдол ашиг хуваарилахад нас барсан иргэдэд оногдох ногдол ашиг 66 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан. Энэ ногдол ашгийг Иргэний хуульд заасны дагуу хамаарал бүхий гэр бүл, үр хүүхдэд нь олгоно.  Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх шийдвэр гарлаа. Нас барсан иргэний 1072 хувьцааг өв залгамжлан авах шийдвэрийг энэ оны 6-р сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоолд тусгажээ" хэмээн ярьсан юм.

ЭДИЙН ЗАСАГ: Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна

Татварын бодлогын хүрээнд өр төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг зөөлрүүлж, олсон орлогын 80%-ийг татан авч 20%-ийг нь дансанд нь үлдээх зохицуулалт хийсэн талаар Сангийн яамнаас мэдээллээ. 

Тодруулбал өнөөдөр Татварын хуулиудад дараах нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.  

 

1 тэрбум төгрөг дотор бизнес эрхэлж орлого олсон байвал хялбаршуулсан горимоор 1%-ийн татвараа төлөөд явна. Үүнээс дээш гараад ирвэл орлого зарлагынхаа харьцаагаар татварын өмнөх ашгаа тооцоод 10 хувиар татвараа төлөөд явна гэв. 

Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6-10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгж 15 хувиар татвар төлөх дундын шатлал нэмж, 600 гаруй аж ахуйн нэгжийн төлөх татварын ачааллыг бууруулна. Мөн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1% болгох аж. 

Татварын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ: 

  • 1. Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна. 
  • 2. ААНОАТ, ХХОАТ-ын тайлан тушаах хугацааг сунгаж, оновчтой болгоно. 
  • 3. Алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтооно.  
  • 4. Татварын тайланг залруулах хугацааг 2 жил хүртэл болгож сунгана.
  • 5. НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэлх хугацаагаар сунгана.  

СПОРТ: Туурга тусгаар Монгол Улсын шигшээ баг тамирчид Азийн элсний VI наадамд амжилттай оролцлоо

Азийн элсний VI наадам БНХАУ-ын Саньяа аралд 9 хоногийн турш 14 спортын төрөлд 45 орны баг тамирчид өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм.

Монголын баг тамирчид уг тэмцээнд 8 спортын төрөлд 50 тамирчин өрсөлдөж 3 хүрэл 1 мөнгөн медальтайгаар 19 дүгээр байрт шалгарсан амжилттай оролцлоо.

  • З. БОЛОРТУНГАЛАГ МӨНГӨН МЕДАЛЬ

Азийн элсний наадмын элсний бөхийн эмэгтэйчүүдийн +70 кгд хүч сорьсон "Хилчин" спорт хорооны бөх, ОУХМ З.Болортунгалаг чөлөөт бөхийн U23 насны ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл,U17 насны ДАШТ-ий хошой алт, Ази тивийн хошой алт, Астана-2023 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Малик Прияад 3:2 оор ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм.

  • Г.ТӨРБОЛД ХҮРЭЛ МЕДАЛЬ 

Азийн элсний наадмын элсний бөхийн эрэгтэйчүүдийн 90 кгд хүч сорьсон "Хилчин" спорт хорооны бөх, ОУХМ Г. Төрболд хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Ли Пэй Лонгтой барилдаж 3:1 ээр ялсан юм.

СОЁЛ УРЛАГ: Архивын Ерөнхий газарт кино, гэрэл зураг, дуу авианы баримтын техникийн музей нээгдлээ 

Архивын Ерөнхий Газраас кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг хадгалах, хамгаалах, ашиглахад хэрэглэгдэж байсан хуучны техник, тоног төхөөрөмжүүдийг олон нийтэд сурталчлах, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр суралцагчдад практик сургалт зохион байгуулах зорилгоор кино, гэрэл зураг, дуу авианы техникийн танхим/бичил музейг нээлээ. Тус танхим музейд кино хальс тоглуулагч, сэргээн засварлах, гэрэл зураг, фото хальс боловсруулах, дуу авианы соронзон хальс унших, хуулбарлах, аналог болон дижитал шилжилтийн үеийн тоног, төхөөрөмж, техник хэрэгслүүдийг байршуулсан бөгөөд эдгээр нь түүхэн дурсгалт зүйлсийг харуулахаас гадна техник, технологийн хөгжлийн үе шат, хувьслыг харьцуулан үзэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 216 дугаар тогтоолоор Урлагийн хэрэг эрхлэх хорооны харьяанд Кино зургийн архив байгуулагдсан нь өнөөгийн Архивын Ерөнхий Газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эхлэл суурь болсон юм. Тус архив эдүгээ 65 жилийн түүхийг бүтээж, Монгол Улсын төр нийгэм, соёл, урлаг зэрэг олон салбарын түүхийг хөгжлийн түүхийг илэрхийлсэн үнэт өвийг хадгалан хамгаалж байна.

Тус архивын сан хөмрөгт 35 мм-ийн хальсан дээрх уран сайхны болон баримтат кино, олон арван жилийн кино мэдээ, баримтууд, 1900-аад оноос өнөөг хүртэлх гэрэл зураг, фото хальс, шилэн хавтан, цахим баримтууд, дуу авианы радио соронзон хальс, DVD, CD пянз зэрэг төрөл бүрийн баримтууд хадгалагдаж байна. Энэ нь манай улсын кино, гэрэл зураг, дуу авианы архивын сан хөмрөгийн нэг юм.