Төрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?
2 цагийн өмнө

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ ямар агуулга хөндсөн тухай тоймлон хүргэе.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

- Үнэнийг эрэлхийлж, нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн дуу хоолой болж байдаг та бүхэн бол төр, ард түмнийг холбосон гүүр билээ. Та бүхний гарт нийгмээ зөв чиглэлд хөтлөх, сайн сайханд уриалан дуудах асар их хүч, нөлөө оршдог гэдэгт би үргэлж итгэдэг. Төр, засгийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ алдаа дутагдлыг нь ил тод хэлж, засаж залруулахад та бүхний оруулдаг хувь нэмэр их. Иймээс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл мөн. Цаашид ч төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт та бүхэн үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, эв нэгдэлтэй, иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж байгаа Та бүхний үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байх болтугай.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хүний эрх бодитой хэрэгжих үндэс нь чөлөөт хэвлэл

-Хэвлэлийн эрх чөлөө бол хүний эрхийн баталгаа. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх. Энэ эрх бодитой хэрэгжих үндэс нь чөлөөт, хараат бус хэвлэл. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нь ардчилал, хүний эрх, иргэдийн мэдэх эрхийг хамгаалж буй хэрэг юм. Үнэний талд үзэг нь хурц, үг нь шударга, үйлс нь цэх байг.
Ерөнхий сайд Н.Учрал: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаатай санал нэгдэж ирсэн

-Үнэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эхэлнэ. “Сэтгүүлч хүний үзэгний үзүүрт бусдын амьдрал бий” гэдэг нь нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагыг илэрхийлдэг. Ардчиллын тулгуур нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга хүнд суртал, дарамт, авлигаас түмэн олноо чөлөөлнө. Энэ ажил иргэдэд үнэн зөвөөр хүрэх эсэх нь чөлөөт сэтгүүлзүйгээс шууд хамаарна.Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилсан нь ахиц дэвшил. Миний хувьд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгааг илэрхийлж, иргэд, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талд тууштай зогсож ирсэн. Цаашид сэтгүүлзүйг дарамтгүй, эрх зүйн чөлөөт орчинд ажиллуулах нь бид бүхний хамтын зорилго юм.Үзэг хурц, үзэл бодол эрх чөлөөтэй байж үнэн амьдарч, ардчилал бат оршино.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 84 (7826)







Зочин · 1 цагийн өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд нь дүүрэг аймаг сум бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгч сонгож 4 жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг болох