Э.Батшугар: Эмийн үнэ, чанарт онцгой анхаарна
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Энэхүү уузалтыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 4,900 гаруй эрүүл мэндийн байгууллагад 67 мянга гаруй ажилтан 3.5 сая иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг онцолж, салбарын нийт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд, 60 гаруй хувийг 40 хүртэлх насныхан эзэлж буйг онцоллоо. Мөн төр, засгаас эрүүл мэндийн салбарын хөгжилд онцгой анхаарч, эмч, ажилтнуудын мэргэжлийн үнэ цэнэ, нийгмийн баталгаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг илэрхийлэв.
Тухайлбал, 2026 онд салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарч, одоогоор 30 хувь нь хэрэгжээд байгааг онцоллоо.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг боловсронгуй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, эмийн үнэ, чанарт онцгой анхаарч дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эмийн нэгдсэн худалдан авалтыг хэрэгжүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлд бодлого хэрэгжүүлж байгааг илэрхийллээ. Мөн “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлж байгааг дурдав.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх оролцож, эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, тэдний гэр бүлд талархал илэрхийллээ. Тэрбээр цаашид өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд салбарын үүрэг оролцоо улам чухал байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог дурдан, эдгээрийн үр дүнд хүрэхэд эрүүл мэндийн салбарынхны мэдлэг, ур чадвар, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулан өглөө. Тус уулзалтын үеэр эрүүл мэндийн сайд Э.Батшугарын тушаалаар, Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд одон, медалиудыг нэр бүхий эрхмүүдэд гардууллаа.







