Самрын нөөц бага байгаа тул түүж, бэлтгэхийг хориглолоо
45 минутын өмнө

Суурьшлын бүсэд баавгай үзэгдэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр (2026.09.10) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд Ц.Сандаг-Очир шуурхай хуралдаан зарлажээ.
Хуралдаанаар зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол, 2026 оны хуш модны самрын ургалтын судалгааны мэдээг үндэслэн 2026 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж бэлтгэхийг хориглолоо.
БОУАӨ-ийн яамны дарга Т.Балжинням “Он гарснаас хойш хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 10 гаруй тохиолдол гарлаа. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Увс аймгуудад албан даалгавар хүргүүлж байна.
Хүрэн баавгай идэш тэжээл дутмаг байгаагаас үүдэн суурьшлын бүсэд орж ирдэг. Мөн иргэд самар, жимс түүхдээ машин тоног төхөөрөмжтэй явж буй учраас ойн бүс нутгаас дайжих үзэгдэл үүсэж байна. Сэг зэм, хог хаягдлыг хаяхдаа анхаарах хэрэгтэй юм.
Баавгай хүн болон эд хөрөнгөд эрсдэл учруулсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллана.
Мөн хил залгаа ОХУ-ын бүс нутгаас баавгай орж ирсэн тохиолдол байна. Суурьшлын бүсэд ихэвчлэн идэш тэжээлийн дутмагтай, туранхай, бамбаруушаа дагуулсан баавгай орж ирж буй. Тэднийг буцаад ой руу нь оруулах үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын хэмжээнд самрыг ахуйн болон үйлдвэрлэлтийн зориулалтаар түүж бэлтгэх тушаал жил бүр гардаг. Энэ жил самар түүхийг хориглосон тушаал гаргаж байна" хэмээн мэдээллээ.






