Энэ долоо хоногт “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт  Монголд ирнэ. Тэрээр гүйцэтгэх захирлаар томилогдоод нэг жилийн хугацааг ардаа үдэж буй. Энэ удаад Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын сайд нартай уулзах төлөвлөгөөтэй байгаа гэв. 

Саймон Тротт гэж хэн бэ?

Өмнөх захирал Якоб Стаусхолмыг ажлаа өгөх тухай мэдээллийн дараа олон улсын хэвлэлүүдээр дараагийн гүйцэтгэх захирал болох өндөр магадлалтай хүний жагсаалтад Б.Болд захиралтай хамт идэвхтэй яригдаж байсан хүний нэг. Саймон нь Рио Тинтогийн орлогын 60-70 хувийг бүрдүүлдэг нүсэр том Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлын албанаас дэвшин томилогдсон. 

Их сургуулиа төгссөний дараа Саймон хэсэг хугацаанд гэр бүлийн фермдээ ажиллаж, тариалан болон ноос хяргах ажлыг зохион байгуулдаг байжээ. Гэвч удалгүй тэрээр өөрийгөө хөдөө аж ахуйн ажлаас илүү хүмүүс, баг хамт олонтой ажиллах хүсэлтэй гэдгээ ойлгосон байна.

Ингээд 1999 онд Австралийн алслагдсан Кимберли бүсэд орших Аргайл очир эрдэнийн уурхайд ээлжийн ажилтнаар ажилд орсноор Рио Тинтогийн босгыг анх алхжээ.

50 гаруй настай, гурван хүүхдийн эцэг Саймон Троттыг өнөөдөр ч түүнийг компанийн түүхэнд уурхайн ээлжийн ажилтнаас эхэлж, Гүйцэтгэх захирал хүртэл дэвшсэн анхны хүн гэж онцолдог.

Дараагийн хорин таван жилийн хугацаанд тэрээр компанийн бараг бүх шатанд ажилласан байна. Худалдаа, маркетинг, үйл ажиллагааны удирдлагаас эхлээд стратегийн томоохон шийдвэрүүдэд оролцож, 2008 онд BHP-ийг худалдан авах оролдлогын үеэр Рио Тинтогийн стратегийн багт ажиллаж байв.

Мөн Дампьерын давсны бизнесийг удирдаж, Сингапур дахь арилжааны үйл ажиллагааг ахалж, улмаар компанийн хамгийн ашигтай бөгөөд хамгийн том салбар болох Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай.

Энэхүү урт замналын оргил нь 2025 онд Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон явдал болсон юм.

Тэр Риод 20 гаруй жил ажиллахдаа төмрийн хүдэр, давс, уран, борат, очир эрдэнийн группуудэд удирдах түвшний ажлууд хийсэн Гүйцэтгэх удирдлагын багт бүтээгдэхүүний групп төдийгүй Арилжаа хариуцсан захирлаар ажиллаж байсан өргөн хүрээний туршлагатай аж. Түүний сүүлд удирдаж байсан Төмрийн хүдрийн групп л гэхэд баруун Австралид Оюу толгойтой эн тэнцэхүйц 17 уурхай, тэдгээрийг холбосон төмөр зам, усан тээвэр, боомт, логистикийн цогц систем бүхий дэлхийн түвшний уул уурхайн бизнес байв. Одоо тэрээр тушаал дэвшиж 36 оронд 60 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх дэлхийд хоёр дахь том уул уурхайн бизнесийг удирдахаар болоод буй.

Оюу толгойн гол хөрөнгө оруулагч, менежментийг хариуцдаг гэдэг утгаараа Саймон ирэх хэдэн жилийн турш монголчуудтай ойр ажиллах хүн яахын аргагүй мөн.

Жилд 320 сая тонн төмрийн хүдэр олборлож борлуулдаг төмрийн хүдрийн групп нь “Рио”-гийн хамгийн том бизнесийн салбар. Харин Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш тэрээр “Рио Тинто”-гийн зэс, лити гээд чухал түүхий эдийн төслүүдийн ашиглалт, хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулж байгаа.

 

Эх сурвалж: AFR