Монголын улс төрд багагүй мэдлэг, туршлага хуримтлуулсан хүмүүс цөөнгүй бий. Гэвч тэдний зарим нь улс төрийн өрсөлдөөн, нам доторх зөрчил, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан идэвхтэй улс төрөөс холдож, хуримтлуулсан туршлага нь төрийн бодлогод төдийлөн ашиглагдахгүй үлдэж байна.

Нөгөөтэйгүүр залуучуудыг л улс төрд түлхүү дэмжих нь зөв гэсэн туйлшрал бас их дэлгэрэх боллоо. Гэтэл дэлхийн улс төрийг харахад асар их туршлагатай, 60, 70 гарсан лидерүүд улс орнуудыг удирдаж байна.Харамсалтай нь Монголд ийм насны маш олон лидерүүд улс төрд идэвхтэй оролцохгүй байгаа нь нууц биш.

 

Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан юм.

 

М.Энхсайхан бол Монголын ардчиллын түүхтэй салшгүй холбоотой улстөрчдийн нэг. Ардчилсан хүчнүүд анх удаа сонгуульд ялж, Засгийн эрхийг авсан 1996 онд тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Зах зээлийн эдийн засагт шилжих амаргүй цаг үед Засгийн газрыг тэргүүлж, эдийн засгийн шинэчлэл, төрийн бодлогын ээдрээтэй шийдвэрүүдийг биечлэн гаргасан хүн.Түүнээс хойш ч улс төр, эдийн засаг, дипломат албанд ажиллаж, Монгол Улсын хөгжлийн томоохон асуудлуудтай холбогдож ирсэн. Түүний баримталж байсан бодлого, гаргасан шийдвэрүүдийг бүгд зөв байсан гэхгүй. Санал нийлэх ч зүйл бий, шүүмжлэх ч асуудал бий. Гэхдээ М.Энхсайханы туулсан улс төрийн замнал, төрийн удирдлагын туршлага, эдийн засгийн асуудалд хандах үзэл баримтлал нь өнөөдөр ч үнэ цэнэтэй.

 

Ер нь улс төрийн нам гэдэг зөвхөн сонгуульд оролцдог байгууллага биш. Үзэл санаа, бодлого, мэдлэг, туршлага үеэс үед өвлөгдөж байдаг институц байх учиртай.

 

Гэтэл Монголын намуудад удирдлага солигдох бүрд өмнөх үеийнхнийгээ үгүйсгэх, туршлагатай хүмүүсээ холдуулах, бүхнийг шинээр эхлэх гэсэн хандлага ажиглагддаг. Ингэснээр намын бодлогын залгамж чанар алдагдаж, нэгэнт туулсан алдаа, бэрхшээлийг дахин давтах эрсдэл үүсдэг. Ардчилсан намын хувьд ч мөн адил. Тус намд улс төрийн шинэ үе гарч ирж, шинэ удирдлага, шинэ зорилт, шинэчлэлийн тухай яригдаж байна. Гэхдээ шинэчлэл гэдэг нь өнгөрсөн үеэ бүхэлд нь үгүйсгэхийн нэр биш. Харин өмнөх үеийнхний мэдлэг, туршлагаас хэрэгтэйг нь авч, алдаа оноонд нь бодитой дүгнэлт хийж, дараагийн шатанд гарах үйл явц байх ёстой. М.Энхсайханы тухайд түүнийг заавал сонгуульд нэр дэвшүүлэх, эсвэл намын удирдах албан тушаалд томилох тухай асуудал ярих албагүй байж болно. Харин эдийн засгийн бодлого боловсруулах, хөгжлийн стратеги хэлэлцэх, залуу улстөрчдийг бэлтгэх, олон улсын харилцааны асуудлаар зөвлөлдөх зэрэг чиглэлд хамтран ажиллах боломж бий. Өнөөдөр Монгол Улсад эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах, томоохон төслүүдээ урагшлуулах, геополитикийн өөрчлөлтөд зохицсон бодлого боловсруулах зэрэг олон сорилт тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн намууд зөвхөн өдөр тутмын мэдэгдэл, шүүмжлэлээр хязгаарлагдах бус, бодлогын түвшний өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай.

 

Тийм хэлэлцүүлэгт төрийн өндөр албан тушаал хашиж, улс төрийн хүнд цаг үеийг туулсан хүмүүсийн оролцоо хэрэгтэй. М.Энхсайхан ч тэдний нэг байж болох юм.

 

Ардчилсан нам өөрийн түүхийг бүтээлцсэн хүмүүсийн мэдлэг, туршлагад хэрхэн хандах вэ гэдэг нь тус намын институцийн төлөвшлийг харуулах нэг хэмжүүр юм. Шинэ үе нь өмнөх үеийнхнээсээ суралцаж, өмнөх үе нь залуу үедээ туршлагаа өвлүүлдэг улс төрийн соёл Монголд дутагдаж байна. Ялангуяа АН-д. Тиймээс М.Энхсайханыг Ардчилсан намын бодлогын ажилд урьж оролцуулах нь энэ нам өөрийн хүний нөөц, түүхэн туршлага, бодлогын залгамж чанарт хэрхэн хандах буйг харуулна. Улс төрд шинэ хүн хэрэгтэй.

Гэхдээ шинэ хүн бүр бүхнийг эхнээс нь сурах албагүй. Өмнөх үеийнхний мэдлэг, туршлагаас суралцаж чаддаг байх нь өөрөө шинэчлэлийн нэг хэсэг билээ. Эцэст нь дахин өгүүлэхэд М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай. Энэ нь АН-д ч, ардчиллын хөгжилд ч ихээхэн тус нэмэр болох нь гарцаагүй.

 

Б.Балжир

sonin.mn