Монголчуудын зуу зуун жилийн түүх соёл, өв уламжлалын илэрхийлэл болсон Монгол бөх сүүлийн үед мөхлийн ирмэгт ирж байгаа бололтой.

Энэхүү мөхлийг үзэгч, ард түмэн бус харин бөхчүүд өөрсдөө бий болгож түүх соёл, ёс жудаг, өв уламжлал руугаа нулимж, бөхөө дээдэлдэг түмэн олноо доромжлох болов. Төрийн наадамд ч, бүсийн наадамд ч, аймаг, сумын наадамд ч ялгаагүй.

Уг нь Монголчууд маань эртнээсээ эрийн гурван наадмаа хийж, эр бяртай бөхчүүдээрээ бахдаж, хурдан морьдоо харан сэтгэл баясгаж ирсэн ард түмэн. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол бөхөө хараад лав нэг их бахдаж, баярхаад байхаа больчихов. Жилийн жилд л яригддаг найрааны асуудлыг энд ярихаа больё. Үнэндээ наадмын дэвжээнээ гарсан цөөн хэдэн бөх хэн нь хэнийгээ найраад, хэн нь хэндээ унаж өгөх нь наадамчин олонд тийм ч хамаатай асуудал биш.

Тэртээ тэргүй Монгол бөх тэр чигтээ найраа болчихоогүй нь үнэн юм чинь. Харин хамгийн эмгэнэлтэй асуудал нь бөх хүний ёс жудаг. Монголчууд бид гүндүүгүй нуруутай, шальдир бульдар зангүй жинхэнэ монгол эр хүний хэв шинжийг бөхчүүдээрээ төлөөлүүлэн ойлгодог. Гэтэл энэ жил нэлээдгүй дуулиан тариад авсан Улсын начин Болдпүрэвийн Сугаржаргал гэх нөхөр дахин жудаггүй загнав. Тэрээр энэ жилийн Үндэсний их баяр наадамд үзүүрлэж, гарьд цол хүртсэн Ширбазарын Жаргалсайханы шинэ цолны мялаалга наадмын үеэр бөхийн дэвжээн дээр аймгийн арслан Баярхүүгийн Бат-Өлзийг хэвтэрт ортол нь зодож танхайрчээ. Мунхаг уур, шарандаа дэлбэрч явдаг хэн нэгний хор шарыг гадагшлуулж байдаг талбар бол монгол бөхийн ариун ногоон дэвжээ биш л байлтай.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 20-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд болсон Ш.Жаргалсайханы шинэ цолны мялаалга наадмын дөрөвийн давааны үеэр Б.Сугаржаргал, Б.Бат-Өлзийг барилдах явцадаа бууж өг хэмээн шаардсан хариуд үгүй гэсний төлөө ийн хэвтэрт ортол нь зоджээ. Тэр ч бүү хэл олон түмний нүдэн дээр, бөхийн зүлэг ногоон дэвжээнээ Б.Бат-Өлзийгийн гарыг нь өчиж, хойш нь унагаахдаа толгойгоороо шүд рүү нь мөргөж, хүнд биеэр нэдэрч унагасан байна. Уг барилдааны улмаас ийн хөдөлж чадахгүй хэвтэрт ортлоо гэмтээд байгаа юм. Энэхүү барилдааныг үзсэн олон түмэн Б.Сугаржаргалын бүдүүлэг, жудаггүй байдлалд дургүйцлээ илэрхийлж байсан аж.  Одоогоор аймгийн арслан Б.Бат-Өлзийгийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд өчигдөр онгоцоор Улаанбаатарт буусан байна. Учир нь түүнийг барилдааны үеэр авсан гэмтлийн улмаас эмч нар хөдөлж болохгүй хүнд гэмтэлтэй байна гэсэн учир ийн өчигдөр онгоцоор исэн байна.

Хүн гэхэд дэндүү харгис хэрцгий гэмээр Б.Сугаржаргалын талаар өмнө нь нэлээд таагүй мэдээлэл хэд хэд гарч байсан. Өнгөрсөн онд гэхэд л допин хэрэглэж байсан нь илэрч барилдах эрхээ хальт хасуулж сэргээж байсан удаатай. Мөн энэ жилийн Үндэсний их баяр наадмын гурвын даваанд улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржийг амлаж барилдсан боловч барьц сонгуулж унасан юм. Улмаар Төв цэнгэлдэхэд хоёр бөхийн барилдааныг шүүж байсан хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрт улсын начин Б.Сугаржаргал унасандаа шаралхан гар хүрч олныг бухимдуулсан билээ. Ямар ч наад захын хүндлэх ёсон мэдэхгүй харанхуй бүдүүлэг “нохой зодоонч” шиг Б.Сугаржаргал бөхийн дэвжээг орхих хэрэгтэй болов уу. Ахмад настай хүнээ хүндэлж мэдэхгүй, Монгол бөхийн дэвжээнээ үзэгч олноо дорд үзэж үгэнд нь ороогүй нэгнийг хэвтэрт ортол нь зоддог энэ авир мунхаг хүнээс л гарах байх.  Ёс жудгаа алдсан Монгол бөхийн нэрийг гутаасан хэргийг энэ эрхэмийн үйлдэл хэрээс хэтэрч байх шиг.

Зүлэг ногоон дэвжээн дээр уулс хотойтол дэвж уртын сайхан дууныхаа аянд алдар цолоо уянгалуулан дуудуулах монгол бөх бол монгол түмнийхээ бахархал, харах нүдний нь баясгалан нь, үлгэр дууриалал нь болж ирсэн билээ.

Ёс бус байдлаас бөхийн нэр хүнд унаж бөх гэдэг мөн чанараа алдаж байгаа нь олон зуун жилийн уламжлалтай бөхийн барилдаан үгүй болж жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал л үлдчих вий дээ.