Хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд “Ойн дагалт баялаг хамгаалах, зохистой ашиглах журам”-аар энэ үеэс самар түүх албан ёсны зөвшөөрлийг олгодог.

Уг журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага ойгоос шинжилгээ, судалгааны зориулалтаар нэг удаа 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар нэг удаа 25 кг хүртэлх дагалт баялаг түүж бэлтгэхийг зөвшөөрдөг байна. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгодог. Ойн анги байхгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч олгох эрхтэй.

Болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахдаа хялбар биш учир модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалан түүж, хуш модны гол иш, титмийг гэмтээдэг. Түүнчлэн болц гүйцээгүй самар нь давирхайлаг учир нян, вирусаар амархан бохирдож, халдварт өвчин тараах нөхцөл болдог аж. Иймд холбогдох хууль, журамд заасан хугацаанд нь самрыг түүж бэлтгэх хэрэгтэй юм.

Манай орны байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг хушин ой эзэлдэг аж.