Pa20120608690

Арай ч дээ. Монголын ард түмэн, Монголын төр засаг, тэр тусмаа Ардчилсан нам энэ Л.Гүндалай гэгч увайгүй нэгэнд ямар өртэй болоод даргын сэнтийд залж орхидог байна аа.
Тэрбээр эхээс төрөхдөө даргын сэтэр зүүж төрөөгүй нь лавтай. Харин ч Монголын ард түмэн түүнд итгэл үзүүлэн 12 жилийн турш УИХ-ын гишүүн гэсэн эрхэм албыг үүрүүлсэн нь хангалттай биш гэж үү.
Гэтэл саяхан буюу 2014 оны дөрөвдүгээр сараас УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдсан Боомтын нэгдсэн захиргааны даргаар томилогдсон Л.Гүндалай шинэхэн албаа авангуутаа үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэхийн оронд хувийн бизнесээ цэцэглүүлэх ажилдаа яаравчилан орлоо.
Тодруулбал Л.Гүндалай “Бодь даатгал” компанид хувийн тодорхой ашиг сонирхлын үүднээс онцгой давуу эрх олгоод байгаа аж.
Онцгой эрх гэдэг нь бусад “Бодь даатгал” компанийг Даатгалын компаниудаас онцлон Монгол Улсын бүх боомтуудад дангаар давуу эрхээр байршуулахаар шийдвэр гарган энэхүү үйл ажиллагаагаа Алтанбулаг хилийн боомтоос эхэлж байна.
Энэ үйл ажиллагаа явуулах эрх гэгч мэдэгдлийг Л. Гүндалай “Бодь даатгал”-д 2014 оны 08 сарын 06 ны өдөр өгчээ.
Уг нь Монгол Улсын хилийн боомт бол улсын онцгой обьект. Улсын хилээр орж, гарч байгаа бүхнийг хянах энэ онцгой бүс буюу Гааль, Хилийн шалган нэвтрүүлэх, Мэргэжлийн хяналтын тусгай ажилтнууд үндсэн чиг үүргээ гүйцэтгэж байх ёстой. Үүнтэй зэрэгцэн хувийн компани даатгалын ажил хийх нь хэр зохистой вэ.
Наад зах нь төрийн ажлыг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй явуулах зарчмыг алдагдуулж, зорчигч нартай хяналт шалгалтын ажилтан болон хувийн компанийн даатгагч зэрэгцэн харьцсанаас үүдэн зорчигч, хяналтын байцаагчийн анхаарлыг сарниулах, үйл ажиллагааг удаашруулах гэх мэт асуудлууд гарна.
Хууль журмандаа ч Хилийн бүс дэх жолоочийн даатгалын үйл ажиллагааг Хил хамгаалах байгууллагын зөвшөөрлийн дагуу даатгалын зуучлагч нэг компани хилийн бүсийн орчимд хариуцан явуулна гэж заасан байдаг.

Гэтэл Л.Гүндалай болон Бодь даатгал нарын хуйвалдаан нь маш олон хууль журам зөрчөөд зогсохгүй зах зээлийн өрсөлдөөний тухай хууль, иргэдийн сонголт хийх эрхийг шууд хязгаарлаж байна.
Тэд маш олон хууль зөрчиж байгаа юм билээ. Тухайлбал:
“Боомтын тухай хууль”-ийн 12.1-д заасан “Боомтын Хяналт шалгалтын бүсэд Боомтын хяналт шалгалтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг зөрчин хувийн “Бодь даатгал” төрийн албадтай зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна.
“Өрсөлдөөний тухай хууль”-ийн 13.2.7-д заасан “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагад хориглосон” заалтыг Боомтын нэгдсэн захиргаа зөрчин “Бодь даатгал”-д шууд давуу эрх олгосон.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.11-д заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн.
Тодруулбал “Боомтын удирдлагын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд “Боомтын тухай хууль”-ийн 17.2-т зааснаар Гадаад харилцааны сайд оролцдог бөгөөд Гадаад харилцааны сайдын өмчлөлийн “Бодь даатгал” ХХК-д Монгол Улсын боомтуудад  дангаар ноёрхон үйл ажиллагаа эрхлэх давуу байдлыг бий болгосон.
Мөн энэ байдал нь дээрхи хуулийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэдэг заалтыг зөрчиж хамаарал бүхий этгээд болох гадаад харилцааны сайдын “Бодь даатгал”-тай гэрээг үзэглэсэн.
“Жолоочийн даатгалын тухай хууль”-ийн 26.4-д “Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах журмыг Хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална” гэсэн заалтыг зөрчин Боомтын нэгдсэн захиргаа дур мэдэн шийдвэр гаргасан.
Мөн энэ хуулийн 26.4-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/23/24 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах” журмыг “Бодь даатгал” зөрчсөн байна.
“Хилийн тухай хууль”-ийн 26-р зүйлийн 2.4-т “Хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна” гэдэг заалтыг зөрчин “Бодь даатгал” дээрх байгууллагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн ирж суурьшсан аж.
Энэ мэт Монгол Улсын хууль журмуудыг зөрчин байж “Бодь даатгал”-д давуу эрх олгох шийдвэрийг Л.Гүндалай гаргаад байна.
Дөнгөж шинээр байгуулагдсан Боомтын нэгдсэн захиргааны ажлаа хийхийн оронд өөрт ашигтай, хувьдаа хэрэгтэй бизнесийн ажилдаа яаравчилан орж, төрийн хар хүний нэр хүндийг унагасан Л.Гүндалайг засгийн удирдлагууд анхаарах, хариуцлага тооцох цаг болжээ.
Боомтын захиргаа нь хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэг бүхий байгууллага юм. Гэтэл Хил дээр даатгал хийх нь зүйтэй гэж үүрэгдэж мэдэгдэл гэгчийг хүргүүлж энэ чиглэлд анхаарахаас илүү Өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг шинэхэн, туршлага багатай байгууллагад анхаарах ажил их баймаарсан. Шинэхэн авсан албаны хамаг ажил  нь далан задгай байгааг ойрын эх сурвалжууд өгүүлж байна лээ.
Нэгэн цагт төрийн түшээ явсан тэрбээр төрийн хар хүний шинжийг өөртөө өдгөө ч бүрдүүлж чадаагүй бололтой. Төрийг хувийн бизнес шигээ санаж, “Надад хууль үйлчилдэггүй, миний тушааснаар хий” зэргээр албан хаагчид болоод хилийн боомтуудаар үйлчлүүлж байгаа иргэд, хамтран ажиллагч байгууллагуудад эвгүй араншин гаргадаг тухай эх сурвалжууд ярьдаг.
Ийнхүү шинэхэн албаа төвхнүүлэх, жигдрүүлэх тун их ажлыг хойш тавьж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргаж эхэлсэн нь түүнийг хэзээ ч айж, ичихээ мэдэхээ байсныг батлах аж.
Угаасаа ч Л.Гүндалай Монголын төр, Монголын ард түмэнд увайгүй, хүний үнэргүй зан гаргаж байсан түүхтэй.
Тэрбээр 2006-2007 онд Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байхдаа эмнэлгийн тоног төхөөрөмж авах тендер будлиантуулсан гэм буруутай нь нотлогдож байсан.
Мөн Тайванийн Тайпэй хотын яаралтай түргэн тусламжийн төвөөс манай улсын эрүүл мэндийн байгууллагад тусламж болгон өгсөн 10 ширхэг түргэн тусламжийн машиныг Эрүүл мэндийн үйлчилгээний яаралтай тусламжийн төвүүдэд хуваарилах нэрийдлээр завшсан болохыг тогтоосон.
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюунчимэгтэй бүлэглэн ХӨСҮТ-ийн засварын ажлыг хийгээгүй байж гүйцэтгэлийг хангасан тухай актуудыг хуурамчаар үйлдэн 98 сая гаруй төгрөг завшсан, Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээнд тоног төхөөрөмж худалдан авах тендерийг будлиантуулж, өөрийн төрсөн ах Л.Баяндалайгийн эхнэр С.Нэргүйн хувийн компани болох “Булгат-Овоо” компанид давуу эрх олгож, улсад 630 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнийг АТГ-ын мөрдөн байцаагчид шалгаж тогтоосон юм.
ХӨСҮТ-ийн данстай “Ланд круйзер” маркийн машиныг Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын албанд шилжүүлэх тушаал гаргаад өөрийн ах Л.Доржид эзэмшүүлж байсныг АТГ-ын мөрдөн байцаагчид мөн л хураан авсан билээ.
Эцэст нь Л.Гүндалай, Ц.Оюунчимэг нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 150, 263 дугаар зүйлээр сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтыг явуулан яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн ч тэрбээр яагаад ч юм эдгээр хэргүүдээс мултарч чадсан.
Төрийн хар хүний хувьд ийм увайгүй байж чаддаг Л.Гүндалай эр хүнийхээ хувьд ч өөдгүй нэгэн гэх нь бий.
Ингэж хэлэхийн учир нь тэрбээр дэд сайд асан Ж.Цолмонг зодсон гэсэн ярианд орж байсан бол өнгөрсөн сонгуулийн үеэр Хөвсгөл аймгийн АН-ын эмэгтэйчүүдийн хуралд оролцож байхдаа Г.Оюунгэрэл гэдэг эмэгтэйг зодсон , тэр байтугай сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа түмний нүдэн дээр эхнэр Байгальмаагаа алгадаж унагаасан гээд л Л.Гүндалайн талаарх эвгүй хов жив цөөнгүй.
Харин энэ удаа Засгийн бялуунаас хүртэж, Боомтын нэгдсэн захиргааны дарга гээч шинэ албан тушаалд томилогдсон Л.Гүндалай юу юуны духанд хүрэлгүй даатгалын бизнесээс ажлаа эхэлүүллээ.
Л.Гүндалай ньтөрийн албыг ашиглан, хууль журмыг уландаа гишгэлэн яаж мөнгө олох вэ, хэнтэй тохирох вэ зэргээр энэ мэтийн улайм цайм үйл ажиллагаа зохион байгуулж, үндсэн ажлаа огт хайхрахгүй МУ-ын боомтуудыг маш замбараагүй болгож байгаа нь  АН-ын барьж буй төрийн нэр хүндийг унагаж буй биз ээ.
Бид энэхүү мэдээллийг цаашид нэхэн сурвалжилах болно.