УИХ-ын гурав дахь удаагийн намрын чуулганаар улс орны хувь заяатай холбоотой олон чухал асуудлыг хэлэлцэнэ. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого, Засгийн газрын бүтцээс эхлээд төмөр замын талаар баримтлах бодлогоо тодорхойлох гээд олон асуудал хүлээлт үүсгээд байна. Хаврын чуулганыг бодвол намрын чуулган хэлэлцэх асуудлын хүрээ өргөн, ачаалал ихтэй байдаг. Ийм үед парламент дахь цөөнхийн үүрэг оролцоо, хяналт, байр суурь ихээхэн үүрэг гүйцэтгэх ёстой. Өмнөх чуулгануудтай харьцуулахад цөөнхийн бүлгийн гишүүд нь байнгын хороод тэгш хуваарилагдаж, хуулиар олгогдсон эрхээ энэ намрын чуулганаас эхлэн эдлэх учраас хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн боловсруулалт, чанарт тодорхой хэмжээгээр ахиц гарах болов уу. Өөрөөр хэлбэл, цөөнхөд дуу хоолойгоо шийдвэр гаргах төвшинд илүү хүчтэй хүргэх хуулийн боломж нэмэгдсэн гэсэн үг.

Өнгөрсөн хаврын чуулганаар олон хуулийн төслийг Засгийн газар өргөн барихдаа нэн яаралтай гэсэн горимоор хэлэлцүүлсэн. Гэвч яаран сандран боловсруулсан, дутуу дулимаг судалгаатай хуулийн төслүүд УИХ-ын босго давж чадалгүй унах тохиолдол олонтаа давтагдсан. Нөгөө талаас ард түмний эрх ашигт нийцээгүй нэлээд хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд буцаан татуулахад цөөнхийн үүрэг оролцоо чамгүй байсан. Газрыг гадаадын иргэнд эзэмшүүлэх асуудлыг зогсоосон. Олон түмний эсэргүүцэлтэй нүүр тулсан Засгийн газар арга буюу Газрын багц хуулийн төслийг буцаан татахад хүрсэн юм. Өрийн босгыг өсгөхийн эсрэг зогсож чадсан. Тусгай хамгаалалттай газар нутаг, хилийн зурвас газар ашигт малтмал олборлоно гэдэг асуудлыг эрх баригчид ярьж байсныг зогсоосон. Эдийн засаг хүндэрч байгааг удаа дараа сануулсан. Засгийн газар үнэнд гүйцэгдэж “Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулсан.

Сайд нарын "давхар дээл"-ийг тайлуулах хуулийн төслийг цөөнхийн шаардсанчлан долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бол Засгийн газар танхимаараа "дан дээл"-тэй болж, Ерөнхий сайдад бүтцийн асуудлаа давхар шийдэх боломж олдох байв. Бүтэцтэй дахиж зууралдаж цаг хугацаа, хөрөнгө мөнгө алдах хэрэггүй байсан. Ирцийн хувьд ч цөөнхийн бүлгийнхэн олонхийг дагуулахааргүй сайн байлаа. Ерөнхий сайдын багцын 50 тэрбумын зарцуулалт, 2013 онд төсвөө хэтрүүлэн зарцуулсан төсвийн ерөнхийлөн захирагчид, машин унах эрхгүй 220 албан тушаалтан, томилолтын зардлаа хэтрүүлсэн дарга нар гээд хууль зөрчсөн олон асуудлыг дэлгэж тавьсан гээд тоочвол хаврын чуулганд цөөнхийн хяналт боломжийн хэмжээнд хэрэгжжээ.  

Ямар ч гэсэн эрх баригчдын бурууд нь хазаар, зөвд нь дэмжлэг болж ажиллах цөөнхийн дуу хоолой намрын чуулганаар хэлэлцэгдэх олон хууль, тогтоолын төсөлд чухал байр суурь эзлэх учиртай. Тэгэхээр байнгын хороонд тэгш хуваарилагдсан цөөнх намрын чуулганаар хяналтаа хэрхэн тавьж ажиллах бол?