Манай улсад хүрэлцэн ирээд байгаа Ардчилсан Солонгосын сагсан бөмбөгийн Армийн шигшээ багийнхан өчигдөр эхний тоглолтоо манай улсын залуучуудын шигшээ багийн эсрэг хийлээ.

Тоглолт маш өрсөлдөөнтэй болж, 2 нэмэлт цаг сунгасны эцэст Монголын залуучуудын шигшээ 98-96-н харьцаатай хожлоо.

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчидыг одоо тив, дэлхийн томоохон тэмцээнүүд хүлээж байгаа. Тэр дундаа Залуучуудын шигшээ баг Оюутны Зуны Универсиад наадамд анх удаагаа оролцохоор болж, ирэх 7-р сард ОХУ-ын Казань хотыг зорихоор болсон.

Тиймээс манай улсад хүрэлцэн ирээд байгаа Ардчилсан Солонгосын Армийн шигшээ багтай эхний нөхөрсөг тоглолтыг манай Залуучуудын шигшээ багийнхан хийлээ. Умард Солонгосын Армийн багийн бүрэлдэхүүний хувьд, өөрийн улсынхаа нэрийн өмнөөс Олон Улсын 16 тоглолтонд оролцсон туршлагатай 4 тамирчин, мөн залуучуудын шигшээ багтаа багтан 6 тоглолтонд оролцсон туршлагатай 2 тамирчин багтсан шилдэг баг нь ирээд байсан.

Харин Монголын Залуучуудын шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд М.Дорждавга, Г.Цэнгүүнбаяр, А.Гансүх, Д.Мөнхтүвшин, О.Очирбат нар багтаж, дасгалжуулагчаар С.Тулга ажилласан.

Тоглолтын эхний 3 үед Солонгосын Армийн багийн ихэнх довтолгоонууд алсын зайнаас явагдаж, холын зайнаас 32 удаа шидсэнийхээ 13-г нь хийсэн байна. Тэр дундаа 2010 оны Гуанжугийн Азийн наадамд Монголын шигшээ багийн эсрэг тоглож байсан туршлагатай О Зин Хёк 22 оноо, мөн Солонгосын залуучуудын шигшээд багтдаг Ким Чон Ил 26 оноо авч, тун сайн тоглосон.

Харин Монголын Залуучуудын шигшээ багийн хүчний тоглолт илүү байж, М.Дорждавга 19 оноо, Д.Мөнхтүвшин 11 оноо, 8 оновчтой дамжуулалт өгчээ. Ингэснээр тоглолтын 3-р үе 68-54-өөр Солонгосын багийн давамгайллаар өндөрлөсөн.

Харин 4-р үед манай Залуучуудын шигшээ баг самбартаа илт илүүрхэж тоглосон. Ингэснээр эсрэг багтаа ердөө 9 оноо алдаж, өөрсдөө 23 оноо авсан байна. Улмаар тоглолтын үндсэн цаг дуусахад 5 секунд дутуу байхад холбон тоглогч Б.Дархантөгс холын зайнаас шидсэн нь амжилттай болж, оноог 77-77 болгон тэнцүүлсэн.

Улмаар тоглолт нэмэлт цагт шийдэгдэхээр болсон. Ингээд нэмэлт цагийн сүүлийн 20 секунд үлдээд байхад, Монголын залуучуудын баг 2 оноогоор хожигдож байсан. Гэсэн ч манай баг дахиад эргэн ирэлт хийж, Д.Мөнхтүвшингийн дундын зайн шидэлт амжилттай болсоноор, эхний нэмэлт цаг 91-91-ээр мөн л тэнцээгээр өндөрлөсөн. Мөн Солонгосын багийн 3 тоглогчийн алдаа 5 болж, талбайг чөлөөлсөн.

Тоглолтын 2 дахь нэмэлт цагийн 25 дахь секундэд О Зин Хёкийн холын зайн шидэлт амжилттай болж, оноо 96-96 болж тэнцээд байлаа. Энэ үед сүүлийн довтолгооныг Монголын залуучуудын шигшээ баг гүйцэтгэж, хожлын шидэлтийг Б.Дорждамба хийсэн. Ингэснээр 2 удаа нэмэлт цаг сунгасан ширүүн тоглолтонд Монголын Залуучуудын шигшээ баг 98-96-аар хожлоо. Энэ тоглолтонд Монголын Залуучуудын баг самбартаа илт илүү байж, М.Дорждавга 27 оноо, 12 самбар, Э.Цэрэнбаатар 18 оноо, 14 самбар, Г.Цэнгүүнбаяр 16 оноо, 13 самбар авчээ.