Шийдвэр гаргагчдын тоог 106-аар цөөлөв гэнээ!

Ардын армийн ахлагч нарыг байлдагч, ахлах дэслэгчийг дэслэгч, хошуучийг ахмад, хурандааг генерал болгож даргын тоо цөөллөө гэх боловч яг өнөөдөр ажлаасаа халагдсан дарга байхгүй харин ч хаанаасаа хаалгач биш хаалгач нь ямар ч мэдэлгүй улам л эрх мэдэл төвлөрсөн данхар дарга нарыг 106-аар нэмэгдүүлэв.

Архивын лавлагаа 10 хоногт биш 5 хоногт болсон гэнээ!

Цахим эрин зуунд хумсны толины чинээ флаш дискэнд бүхэл бүтэн номын сан хэдэн зуугаараа яваад орж болж байхад, хэдхэн секундийн дотор хайгаад олж хэн ч чадаж байхад хэдэн хүнд зориулаад салбар агентлаг нь хийсэн ажлыг хаа хамаагүй эдийн засгийн хүндрэлтэй холбон тайлбарлах нь хамаг дэлхийн учрыг хамж шимэн багтаасан мэт.

Оюуны өмчөө хамгаалуулах сонирхол нэмэгдлээ гэнээ!

Монголын оюуны өмчийн түүхэнд ердөө 1 хүн барьцааны шаардлага хангаж зээл авсан түүх бахь байдгаараа байсаар л байна. Хэний ямар шуугиулсан бүтээл гараад хэн хаана хэзээ юу гээчийн бүтээлээ баталгаажуулсныг хэн ч таашгүй, эдийн засгийн хүндрэлд ямар ч хүртээлгүй юм.

14 хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх шатанд байна гэнээ!

УИХ-ыг шахаад шаардаад шанаадаад өшиглөөд бараг л чирч гулдраад хөөрхий муу Засгийн газар л ажиллуулаад байгаа юм байх. Үнэндээ тэд УИХ-ын дээр байгаа гээд дүрдээ бүрэн итгэжээ. Гэтэл Засгийн газрын гишүүд, эрх баригч намууд, бие даагч нар ямар хууль дээр, ямар санал өгөөд байгаагаа ч мэдэхгүй ЗОМБИ маягтай бөөнөөрөө АН-ын бүлгийн даргад туугдан орж ирж дараад туугдан гарч явах нь энгийн үзэгдэл юм. Эрх баригч талын намын гишүүдэд хуулийн хэлэлцүүлэг өрнүүлэх, санал дүгнэлтээ хэлэх, саналын томъёолол оруулах бүгд хориотой бөгөөд өндөр биетэй, хожгор толгойтой этгээдийн хатуу ширүүн харцан дор дуугүйхэн амьдарцгааж байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх КАЗИНО хуулиа өргөн барихад бэлэн боллоо гэнээ!

Иргэдээс авч байгаа татвартаа Ч.Улаан сайд ханаагүй бололтой хэд хэдэн төрлийн татварын шинэ нэр төрөл бүхий хуулиудыг өргөн барих магадлалтай байна. Түүнчлэн янхандалт, дампуурал, хар тамхи, садар самууны үүр уурхай болсон Казиногийн хуулийг Батаар сайд бариад авсан бараг болсон тухай тайланд дурдагджээ. Мөн рулет, морин тойруулгын бооцоо, лото сугалаануудын хуулиуд мөн бэлэн болжээ.
Оюу толгойн 130 сая ам.долларын өрийг 30 сая болгож бууруулав гэнээ!

Мөнгө олоод ир гэсэн болохоос өртэй нөхдүүдийг өршөөгөөд ир гэж УИХ-аас Засгийн газарт даалгаагүй юм. Оюу толгой 130 сая ам.долларын татварын өртэй хэмээх ТЕГ-аас энэ оны зургаан сард дэлхий нийтээр зарлаж Рио тинтог цус харвуулах дөхсөн бол одоо 30 сая ам.доллар болгож буурууллаа гэж ард түмнийхээ цусыг харвуулах дөхөж байна.

Татварын тогтоох, хөнгөлөлт чөлөөлөх нь УИХ-ын бүрэн эрх бөгөөд Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд О.Эрдэнэбулган нарын энэхүү гаргасан шийдвэрт дургүйцсэн иргэд АТГ-т “Авилгын эсрэг хуулийн”2-р бүлгийн 7-р зүйл “Албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгох”гэсэн 5 зүйл ангийг тужид нь зөрчсөн тул гишүүн нь сайдаасаа мултарч, дэд сайд нь шоронгийн хаалга татах хангалттай үндэслэл бий болсон байна хэмээн үзэж хандаж байгаа гэнээ.

Арматурын үйлдвэр ашиглалтад орлоо гэнээ!

“Хөх ган”компани өөрсдийнхөө мөнчгөр толгойгоор хоёр улаан гараараа банкнаас зээл авч барьсан үйлдвэр болохоос Засгийн газар, Ерөнхий сайд хоёроос сохор улаан зоос аваагүйг Хүрээнийхэн цугаараа мэднэ.

Өндөгнийхөө хэрэгцээг хангахуйц боллоо гэнээ!

Тиймээ энэ бол баяртай мэдээ. Өндөг бол тансаг хэрэглээ. Сайд дарга нарын хүнс. Эгэл ардын хэрэглээнд оруулахын тулд 8,6 тэрбум төгрөг цацаж байж нэг тахианы ферм байгуулаад 5 жилийн дараа гэхэд өндөг тансаг хэрэглээнээс гарах таатай тооцоо гаргасан байна. Энэ бол ЭЗЭН 100 хөтөлбөрийн үсрэлт юм.

Дуслын шингэнээ дотооддоо үйлдвэрлэхийг дэмжлээ гэнээ!

Дуслын шингэнийг 2001 оноос Монгол улс дуслын шингэнээ өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн тухай Засгийн эрх баригчид одоог хүртэл мэддэггүй бололтой. Дэмжлээ гэжээ. Энэ нь Моносын салбаруудаар гадаад дуслын шингэн зарахыг хоргилсон уу? Эсвэл Монгол дуслын шингэнийг намын гишүүн эмийн наймаачидтайгаа ярилцаж лангууны татваргүй болгосон уу? бүү мэд. Юутай ч ДЭМЖЛЭЭ гээд л оруулчиж.

“Талын зам”төсөл хэрэгжинэ гэнээ!
1100км үргэлжлэх хийн хоолой Монголын тойрдогоо тойроод баригддагаа баригдаад гагнагддагаа гагнагдчихсан хойно юун төсөл яриад байгааг нийтлэлчид битгий хэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гайхаж “Орос Хятадын аль нь зөвшөөрсөн юм бэ?” гэж асуухад хариулах хүн олдохгүй байсан атлаа Эзэн 100 хөтөлбөрийн тайланд ажлын хэсэг байгуулагдсан тухай дурджээ. В.Путин Монголд ирэхийнхээ урд өдөр Манжуурын хил дээр очиж хоёр талаас нийлсэн хоолой дээр дурсгалын гарын үсгээ зурсан ёслол хийсэн байдаг. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров “Монголчууд хийн хоолойн талаар ойлголтгүй байна. Түүний ашиглалт хамгаалалт гэдэг тоглоом биш. Украины асуудлаас төвөгтэй шүү” хэмээн сургамжлаад буцсан байдаг.

11 жилийн дараа БНХАУ-ын дарга төрийн айлчлал хийлээ гэнээ!

Си Зинпинийг Засгийн газар Эзэн 100 хөтөлбөрийнхөө хүрээнд айлчлуулсан юм байна гэдэг ойлголт шууд төрхөөр байна. Н.Алтанхуягийн биш Ц.Элбэгдоржийн урилгаар ирсэн харин Ерөнхий сайд угтан авч, үдэн гаргасан гэхэд болно. Хэрвээ энэ тайланг Ерөнхийлөгч олж хараад энэ хэсгийг уншвал галзууртлаа уурлах нь мэдээж юм. Тийм учраас төрийн хоёр өндөрлөгийн зодооноос сэргийлж Эзэн 100 хөтөлбөрийн энэ “биелэлтийг”бага дурсаж байх нь зүгээр юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ажлын айлчлал хийлээ гэнээ!

Хэлж дуусаагүй байхад ахиад л В.Путины айлчлалыг Эзэн 100 хөтөлбөрийн хүрээнд хийсэн мэтээр бас л дурдсан байна. Мөн л Ерөнхий сайд угтан авсан, гаргаж өгсөн гаргаж өгөхдөө доромжилж буй мэт туслах, зарц, жолооч зэрэг хүмүүсээ жагсааж зогсоож байгаад гар бариулаад гаргаад явуулчихсан. В.Путин жолоочтой найрсгаар гар барьсанаа, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зочинтой нь Ерөнхий сайд хэрхэн “бардаак”харьцсаныг мэдэх ахул сүйд болох тул бас ингэс гээд үлдээе.

Монголын бизнес эрхлэгчдийн гадаад түншлэл өргөжлөө гэнээ!

Тайвань, Австрали, Герман, Испани, Энэтхэг, Латви, Солонгос, БНХАУ-ын ӨМӨЗО, Польш, Япон, Люксенбург зэрэг улс орнуудтай эдийн засгийн форум хийж хурал зөвлөгөөн, үзэсгэлэн яармагт оролцсон нь мөн Эзэн 100 хөтөлбөрийн тайланд тусжээ. Яг үнэндээ тайлан гаргаж байгаа хүмүүс энэ хэсэг дээр залхуурсан уу? Эсвэл энэ зун байгууллага хамт олноороо далайн эрэг хөвөөгөөр төрийн байгууллагын ажилтнууд зугаалж цэнгэж байсан зурагнууд сүүлийн үед цахим орчноор их түгсэнтэй холбоотой юу? ямартай ч эдгээр улс орнуудын нэрийг яагаад ч юм оруулжээ. 100 хоногийн хугацаанд эдгээр улс орнуудаас ямар нэгэн хөрөнгө оруулалт орж ирсэн эсэх нь үнэхээр тодорхойгүй юм.

Хөрөнгө оруулагчид чууллаа гэнээ!

Сүүлдээ үнэхээр тайлан гаргаж байгаа хүмүүс залхаж эхэлсэн нь энэ хэсгээс харагдаж байна. Монголд хөрөнгө оруулагчид чуулдаг уу? чуулдаг үнэн үү? үнэн.

Гэхдээ сүүлийн хэдэн жил зүгээр л Монгол дахь хэвлэлийн ганц нэг байгууллагын “шар толгойтнууд”харагддаг болсон. Ад үзээд байдаг мөнгөтэй Солонгос, Хятадууд үнэр нь үнэртхээ байсан. Тэд Монголын цагдаа хүчнийхнээс сүнсээ зайлтал айдаг тул мянган сайхан хурал хийгээд нэмэргүй. Хурал дээрээс нь орж ирээд бариад аваад явчих магадлалтай тул айдастай. Хамгийн сүүлд Discover Mongolia гэгч уулзалтаар 14 гадаадын иргэн оролцсон тухай мэдээлэл байдаг. Тэдгээр хүмүүс тухайн улс орнууд нь баатар цол олгохын сацуу манай хүчний байгууллагынхан бариад аваад явсан байж магадгүй юм.

Кызыл хотруу автобусаар зорчдог боллоо гэнээ!

Засгийн газраас хийсэн ажил гэх юм олдохгүй байгаа тул сүүлдээ ОХУ-ын Кызыл хотруу автобус явж эхлэх болсон тухай бүтэн бүлэг оруулжээ. Яг үнэндээ Кызыл явдаг Монгол гэж ч хаа байсан юм? Кызылээс Монголыг зорих Орос ч гэж хаа байсан юм! Үнэхээр тоо бөглөж ажил хийсэн дүр үзүүлэх гэж аргаа барж арчаагаа алджээ.

ЭЗЭН100 хөтөлбөрийн энэхүү дүгнэлтийг эрүүл хүн бичсэн гэхэд итгэмээргүй байгаа тул жинхэнэ дүгнэлтийг хүргэе!

Засгийн газрын ямар ч оролцоогүйгээр хувийн компаниуд эдийн засгийн хямралыг сөрөн байж хийсэн ажлуудыг төр засаг хийсэн мэт харагдуулах гэж аргаа барсан дүгнэлт хийжээ. Засгийн газар 100 хоногийн хугацаанд тавьсан өр төлбөрийн талаар нэг ч үг үсэг орсонгүй. УИХ-аас баталсан :

- Монголчуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгохыг урамшуулах, Дотоод үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрчимжүүлэх, Гадаадын ажиллах хүчний квотыг шинэчлэн тогтоох, ангиллыг зохистой болгох, ”Асгатын мөнгөний орд”-ын үйл ажиллагааг эхлүүлэх, Маргаантай байгаа зарим лицензийн асуудлыг шийдвэрлэх, Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, “Таван толгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төсөлд Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх, Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах, Ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад, гацааг арилгах, Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх,

- Дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх, Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах, Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дотоодын бараа бүтээгдэхүүнийг зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авдаг болгох, Боомтын төмөр замын ажлыг энэ онд дуусгах, Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, Туулын хурдны замыг 5 сард багтаан эхлүүлэх, Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх, Аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд аймгуудын төвд дулааны станц байгуулах ажлыг эхлүүлэх,

-Сүү боловсруулах үйлдвэрийг эхний ээлжинд сум дундын төвүүдэд байгуулах, Зургаан аймгийн /Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан/ төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох, Аймгуудын төвд 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, Улаанбаатар хотод нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих,

-100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх, Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх, Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалтыг татах, Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллага, улс орнуудтай хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулах, Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих, Олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих, Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах,

-Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, “Хаалтын гэрээ” байгуулахыг хориглох, ”Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг үй олон үлгэр домгийн мэт сайхан сайхан заалтууд энэ тайлангийн аль цоорхойгоор нь гараад явчихсан юм бол? гэмээр алга болж дурдагдсангүй.

Хамгийн гол ажлууд нь байхгүй, төрийн оролцоогүй иргэдийн өөрсдийн хүчээр хийсэн ажлын нэрийг булаан авч нэрлэсэн бүхнийг ЭЗЭН 100 хөтөлбөрийн тайланд тусгасан нь төр иргэнээ дээрэмдсэн мэт ёс зүйгүй байгаа юм.