Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн анх удаа нэр дэвшлээ. Тэр бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад баяр хүргэх бүсгүйчүүд байхад, “баалах” нэг нь ч байна.
Яг үнэндээ саяхан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын чуулган Монголд болоход эрх баригчид хөлгүй хөөрч, хөөсгүй дэвэрсэн. Гудамж талбайгаа угааж цэвэрлэж, засал авахгүйг нь элдэв реклам, даавуугаар хааж нуусан. Зочдын өмнө нүүр улайхгүйн тулд хотын төвөөр муу машин, муухай хүн хоёрыг гишүүлэхгүйг эрхэмлэсэн. Гэхдээ айлчлан ирсэн зочид дунд онцгой хоёр зочин байсан. Тэд бол Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинлак Чинавата, Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи нар юм.

Тайландын экс Ерөнхий сайд, барууны орнуудад "Ардчиллын бамбар" хэмээн нэрлэгдсэн Таксин Чинаватрагийн төрсөн дүү Йинлак Чинавата, Мьянмар Улсын “Хаврын цэцэг” гэгдэх хатагтай Ан Сан Су Чи нарыг Монголын улстөрч эрчүүд хувь улстөрчийг харахаас илүү эмэгтэй хүн гэдэг талаас нь харж байсан. Хатагтай Йинлак Чинаватагийн гоо сайхны өмнө “нурж унасан” манай эрэгтэй улстөрчид эмэгтэй хүнийг босгоор нь ч давуулдаггүй Төрийн хүндэтгэлийн өргөөндөө түүнийг оруулж, бүр тулганы галаа асаалгасан. Харин Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч, Ардчиллын төлөө Үндэсний Лиг намын тэргүүн, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чиг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүгээр л сонгуулийн шоу болгон ашигласан.

Монголын улстөрчдийг харахад эмэгтэйчүүдэд симпаттай юм шиг харагддаг мөртлөө Монголынхоо улстөрч бүсгүйчүүдэд ихээхэн ялгавартай ханддаг. МАН-ынхан УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж ярьж байсан ч үнэн хэрэгтээ нэр дэвшүүлэхийг хүсээгүй. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ан Сан Сү Чиг шүтэн, урьж авчирсан ч АН-аас тийм хүчирхэг эмэгтэйг гарган өөрийнхөө урд тавихыг хүсэхгүй.
Харин МАХН-ынхан намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог нарын хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл МАХН-ын эрчүүд яагаад Н.Удвалын өмнө хөндөлссөнгүй вэ. Судалгаагаар намын дэд дарга Д.Тэрбишдагва хол тасархай байсан гэж байгаа. Гэтэл тэрбээр намын дэд даргын хувьд намын даргынхаа бие муу байхад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсэхгүй байна гээд нэрээ дэвшүүлээгүй. Харин Сангийн сайд Ч.Улаан улс орны эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байхад Сангийн сайд хүн салбараа хаяад, Сангийн сайдын суудлаа хоёрдугаарт тавьж болохгүй гэсэн гэж байгаа. УИХ-ын дэд дарга Л.Цог ч мөн энэ хоёр шиг зүйл ярьж нэр дэвшээгүй гэнэ. Ингээд Н.Удвал тунаж үлдсэн. Мэдээж МАХН-ынхан намын дарга Н.Энхбаяртайгаа ярилцсан байж таараа. Н.Энхбаяр Д.Тэрбишдагва, Ч.Улаан чи нэр дэвш гэж болох байсан. Гэтэл тэгсэнгүй. Н.Удвалыг нэр дэвшүүлэх чиглэл өгсөн байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу