УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяртай ярилцлаа.

-Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд томилогдлоо. Танай бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг томилох чуулганд яагаад оролцсонгүй вэ?

-Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэг томилогдлоо. Юуны өмнө цаашдынх нь ажилд амжилт хүсье. Шинээр томилогдсон Ерөнхий сайдад анхааруулж хэлэх хэд хэдэн зүйл байна. УИХ-ын 76 гишүүний 42 нь түүнийг дэмжлээ. Харин чуулганд суусан, суугаагүй нийлээд 34 гишүүн дэмжсэнгүй. Манай бүлэг зарчмын асуудлуудыг хөндөн тавьсан. Чуулганы хуралдаанд суугаагүй болон эсрэг санал өгсөн хүмүүс МАН-ын бүлгийн зарчмын саналыг дэмжсэн гэж ойлгож байна. УИХ-д 39-өөр олонх болдог. 39 дээр гурван хүн л нэмэгдэж кноп дарснаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар сонгогдсон. Энэ нь өөрт нь нэгийг бодогдуулах болов уу. Хууль журмын дагуу УИХ-аас нэгэнт шийдвэр гарсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийг нь дэмжээгүй хүмүүсийн итгэлийг хичээл зүтгэлээр олж авах ганц арга зам үлдлээ. Үүнийг онцолж хэлэх болсон шалтгаан нь гэвэл Засгийн газрын цаашдын үйл ажиллагаа Их хурлаас шууд хамааралтай. Өмнөх Шинэчлэлийн Засгийн газар хуулийг үл хүндэтгэж, улс төрийн хийрхэлд хэт автаж үүнээсээ болж огцорсон. Арга барилаа өөрчлөхгүй,парламентат төрт ёсыг дээдлэхгүй, цөөнхөд хүндэтгэлтэй хандахгүй, ямар нэгэн байдлаар шахаж хавчдаг өмнөх хийрхлээ үргэлжлүүлэх юм бол олон хавар нэгэндээ гэдэг шиг ирэх хаврын чуулганаар асуудал давтагдах л болно. Ерөнхий сайдаас хамгийн түрүүн ажил хэрэгч шийдэмгий байдлыг нийгэм шаардаж байна. Хямрал нүүрлэсэн гэдгийг МАН-ын бүлгийн хурал дээр хэлж байсан бол Ерөнхий сайд болсныхоо дараа шинэ Ерөнхий сайд маань чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүлээн зөвшөөрлөө. Энэ нь ажилдаа ажил хэрэгч байдлаар хандах эхлэл юм болов уу гэж санагдсан. Нийгэм, эдийн засаг дахь тоон үзүүлэлтүүдийг нэн тэргүүнд харах ёстой. Ажилгүйдлийн түвшин ямар байна. Ядуурал хэр газар авсан, гадаад валютын үлдэгдэл цэвэр нөөц гэх зэрэг бүхий л тоон үзүүлэлтийг үнэнээр нь хэд байгааг мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ статистик үзүүлэлтүүдээ тодорхой болгоод Их хурал, Засгийн газар, цөөнх ч гэсэн байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Тэгж байж тоон үзүүлэлт дээр суурилсан бодит эдийн засгаа аврах бодлогыг боловсруулна. Бодлогынхоо хүрээнд зорилго, зарчим, төлөвлөлт, гарах арга замаа зөв олох юм. Тоон үзүүлэлт буруу байвал бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалт дээр алддаг. Шинэ Ерөнхий сайд үгэндээ, БНХАУ-ын дарга Си Жиньпин айлчлалын үеэрээ амласан нэг тэрбум ам.долларыг зээлж авах тухай хэлнэ лээ. Хятад улс Монголтой бараг 5000 км орчим хил залгаа. Манайх шиг Хятадтай хил залгаа бусад улс орон Хятадаас зээл аваад төлж чадалгүй газар нутгаа төлбөрт нь алдаж байсныг бодох хэрэгтэй. Тэгж үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлаа үл харгалзан хөнгөн хандаж болохгүй л дээ. Харин төр засаг нь шууд өөрөө биш төсөл хэрэгжүүлэгч үндэсний компаниудаа Хятадаас ч юмуу өөр улс орноос зээл авахад нь араас нь дэмжлэг үзүүлж ажиллах нь ухаалаг алхам. Гэх мэт хэлсэн үгэнд нь дэмжих, дэмжихгүй олон зүйл байна лээ.

-Гадныхан гэхээсээ илүү дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих хэрэгтэй гэдгийг та өмнө нь хэлж байсан даа?

-Манайхан гадаад, гадаад гэж ярих болсон. Гадныхан яахав ээ манайд хөрөнгө оруулж байгаад байдал бишдээд ирвэл нэг л өдөр нүүрээ буруулаад явчихна. Гадны хөрөнгө оруулагчид манай улсыг ашиглаад авдрыг нь хаяад л явна. Эцсийн бүлэгт энэ улсыг хэдэн нөгөө адлагдаад байдаг үндэсний компаниуд л аварна. Ерөнхий сайд цаашид дотоодын хөрөнгө оруулагчдаа хэрхэн дэмжих нь онцгой анхаарал татаж байна. Үндэснийхээ хэдэн компанийг дэмжээд явбал яаж ч аргаа барсан Монголоо үнсэнд хаясан шалз шиг орхиод явчихгүй нь маргашгүй үнэн. Нөр их хөдөлмөрийн цаана асар их эх оронч үзэл хөшүүрэг болж байдаг юм шүү. Өнөөдөр үндэсний хэдэн компани л ажлын байраар ард иргэдийн амьдралын баталгааг хангаж байна. Гадныхан хөрөнгөө татахад Монголын эдийн за­саг элгээрээ хэвтэж бай­гааг харлаа. Одоо дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж энэ байдлаас гарч эдийн засгийн тусгаар тогт­­нолоо бэхжүүлмээр байна. Гэхдээ нарийн мэргэжил, өндөр шинжлэх ухаан техник технологи, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдсан төсөл хөтөлбөрүүд дээр эрсдэлээ багасгах, хуваалцах үүднээс гадныхантай зайлшгүй хамтрах шаардлага байдаг. Хэтрүүлэн туйлширч л болохгүй.

-Танай бүлгийнхэн чуул­ганд орж санал хураалтад оролцоогүй нь цаашид Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дэмжиж ажиллахгүй гэдэг байр суурийг илэрхийлэв үү гэж харагдаад байна?

-МАН-ын бүлгээс улс төрийн хувьд зарчмын асуудал л тавьсан. Үүнийгээ илэрхийлэн чуулганы нэгдсэн хуралдаанд ороогүй. Олонхийг илэрхийлэх 39 дээр нэмэх нь гурван гишүүн намайг дэмжиж Ерөнхий сайд болгосон шүү гэдгийг Ерөнхий сайд маань өглөө болгон бодож байх ёстой. Цаашид дэмжихгүй гэж хэт туйлширч болохгүй л дээ. Зөвхөн АН-ын Ерөнхий сайд гэж байдаггүй. Монгол Улсын Ерөнхий сайд гэж байдаг. Зөвийг нь дэмжиж, бурууг нь гацааж ажиллана.

-Сүүлийн үед "түгжил­дэх" гэдэг үг моодонд орж байна. Ардын намынхан аливаа ажлыг түгждэг гэдгийн нэг нотолгоо нь чуулганы хуралдаанд ороогүй явдал болов уу?

-Эрх баригчдын зүгээс бодлогын хүрээнд буруу, хууль эрхзүйн хүрээнд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах боломжийг бид нээж болохгүй, таны хэлж байгаа агуулгаар бол таслан зогсооно. Гэхдээ түгжилдэнэ гэдгийг "Тунгалаг тамир" кино дээр гардаг шиг Түгжилийн үйлдлээр ойлговол санал огт нийлэхгүй.Өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа улс орноо хөгжүүлэх оновчтой бодлого, хуулиа дээдлэх, төрийн ажилд ес зүй, зарчимтай хандах зэрэгт хяналт тавих, хариуцлага нэхэж ажиллах үүргийг бид хүлээсэн. Энэ нь 2012 оны сонгуулийн үр дүнгээр ард түмний хийсэн сонголт байхгүй юу. 2012 онд АН-ыг илүү дэмжсэн нь биднийг цөөнх бай, сөрөг хүчин бай, алдаа дутагдлаа зас, биднээс итгэл сонголтыг эргүүлэн авахын тулд сайн ажилла гэсэн сонголтыг хийсэн. Бид энэ хүрээндээ ажиллах ёстой. Түүнээс биш төрийн ажилд шунахайн сэдлээр түгжилдээд байгаа юм биш. Төрийн ажилд бид хувийн, намын эрх ашгийн үүднээс асуудалд хандаагүй. Ч.Сайханбилэг сайдыг манай намын бүлгийн хаалттай хуралдаан дээр орж ирэхэд би байр сууриа илэрхийлсэн.

-Ямар байр суурь илэрхийлсэн юм бэ?

-Зарчим талаасаа буруу байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэдэг чин компаниар яривал тамгын дарга, спортоор бол холбон тоглогч гэсэн үг. Засгийн газрынхаа яамдыг нэгтгэж нэг алхаагаар урагш алхах холбоос үүргийг хэрэг эрхлэх газар хүлээдэг. Үнэндээ яам­дын хамтын ажиллагаа ямар байсан бэ. Маш муу байсан. Багаар ажиллаж чадаагүй. Энэ нь Ч.Сайханбилэгийн чадамжийн үнэлгээ. Өнөөгийн хямралтай үед ажлаа мэдэх, өмнөх Засгийн газрын алдааг мэддэг хүн үргэлжлүүлээд явах нь магадгүй зөв байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч өөрт нь хэлсэн. Одоо Ерөнхий сайд цаг алдах ямар ч эрхгүй болчихсон байна. Хугацаа алдах бүртээ бид хямралыг даамжруулж байгаа юм. Нэгэнт ийм шийдвэр гарсан юм чинь зүтгэх л хэрэгтэй. Хямралаас гарах гарцыг тодорхойлж хөгжлийг бодитоор бий болгоход хөндлөнгөөс сайн хяналт тавьж, хариуцлага нэхэж, ташуур өгч ажиллавал үр дүн гарна. Аливаа зүйл хяналтгүй явбал буруу тийшээ хэлтийдэг.

-Шинэ Ерөнхий сайд намуудын бүлэгт хамтарч ажиллах хүсэлт хүргүүлэх байх. Танай бүлгийн гишүүд хамтарна, хамтрахгүй гээд хоёр хуваагдсан гэж дуулсан...

-Засагт орно, орохгүй гэсэн яриа гарч л байна. Өнөөдөр нийгэм, эдийн засагт ямар нөхцөл байдал үүссэнийг анхааралтай харж, бодит үнэлэлт дүгнэлт өгөх нь юун түрүүнд чухал. Засгийн газарт хамтрах эсэх талаар долоо хэмжиж нэг огтлох зарчмаар олон өнцгөөс харж байж шийднэ. Дараа нь харгалзаж үзэх олон өнцгөө эрэмблэнэ.

Ямартаа ч нийгэм, эдийн засагт бодит үнэлэлт дүгнэлт өгөх. Энэ нь гарах арга замыг зааж өгнө.Тэр нь засаглалын ямар хэлбэр тогтолцоотой байж хэрхэн даван туулахыг хэлээд өгнө.Хэрэв энэ нь хамтраад явахаас өөр арга зам заахгүй бол МАН-ын хувьд зарчим болон үүрэг хариуцлагын хооронд шийдвэр гаргах шаардлага тулгарна. 2012 оны сонгуулиар сонгуулийн насны нэг сая сонгогчийн 450 мянга гаруй сонгогч МАН-д санал өгсөн. Энэ нь сонгогчдын 40 гаруй хувь нь та нар эрх барь, та нарт итгэж байна гэж биднийг сонгосон. Үүнийг бид бодож үзэх ёстой. Бас ачааны хүндийг үүрч, хариуцлага хүлээж ажиллах ёстой УИХ-д суудалтай намууд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ гэдгийг хараад бүр гайхаад сууж байна.

-Юуг гайхаж байна гэж?

-Шинэчлэлийн Засгийн газар хангалтгүй ажиллаж огцорсны шалтгаан нь хамтарч байсан МАХН-тай салшгүй холбоотой. Засгийн газрыг бүрдүүлж байсан МАХН-ынхан эх орны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг зөвхөн хэн нэгнээ сайд байлгаж санхүүгийн болон томилгооны эрх мэдэлтэй байх гэсэн хоноцын нүдээр харж байсан нь Шинэчлэлийн Засгийн газар огцорсны томоохон шалтгаан. Үнэндээ МАХН-ынхан асуудлыг "морь хардаг" газрынхаа хэмжээнд хараад байгаа юм. Бас болоогүй үүнийг ч дотроосоо эсэргүүцэж зарчим ярьсан ганц нэгнийгээ дарга цэрэггүй нийлж боорлоно. Манай намын Удирдах зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гээд шийдвэр гарсан тэр орой МАХН-ынхан нийлж хөөрцөглөж архи уун бид засагтаа үлдэх нь хэмээн тэмдэглэж байх жишээтэй. Энэ хүмүүс ард түмэн гэж чарладаг ч тэдний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж тэдний төлөө хамтраад ажилласануу. Тэдэнд даргынх нь эрх чөлөө, албан тушаал, эрх мэдэл л чухал, өөр юу ч чухал биш. Тэр орой МАХН-ын нэг гишүүн над руу нэлээд халамцуухан залгаж л байна лээ. Юундаа ч баярладаг юм, ямар гавьяа байгуулсан гээд баярлаад байгаа юм. Харин ч энэ хүмүүс зарчим хариуцлага гээчийг мэддэг юм бол хамтарч байсан засаг нь унасанд ухамсартай хандах хэрэгтэй. Бадарчны нэг онигоо байдаг даа. Хөдөө явж байгаад нэг айлд ороод гуйж гуйж хоол унд идэж уусныхаа дараа гэрийн эзэгтэйд "Түрүүн унтаж хэвтэнэ" гээд байсан уу үгүй юу гэдэг шиг Ардчилсан намдийм л асуудал тавиад байна. Ардын намтай хамтрахгүй, засагт зөвхөн МАХН-тай хамтарна гэх тулгалтыг тэр гэрээндээ нэмж тусгах гээд байна гэсэн. Бадарчин баярлах болоогүй ээ гээд хэлчихье.

Өөр нэг хөндөх асуудал гэвэл хяналт хаана байх юм. Энэ Засгийн газар өмнөх засаг шиг давхар дээлтнүүдээр бүрдвэл Ардын нам сөрөг хүчин хэвээр үлдэнэ. Засаг нь засаг шиг байж мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлье. Үндсэн чиг үүргийн дөрвөн яам, Ерөнхий сайд нь давхар дээлтэй байж болно. Тэгвэл Их хурал бүхэлдээ Засгийн газартаа хяналт тавьж чадна.Ардчилсан нам хамтаръя гэвэл бид саналыг нь нухацтай авч үзэх ёстой. Бага хурлаараа шийднэ.

Э.ЭНХБОЛД