“Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг өчигдөр  Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж, ял оноолоо.

Тодруулбал, нярай хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон  “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноосон байна. Гэвч тэрээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулжээ. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсд нэг жилийн хорих ял өгч, ялыг тэнссэн байна. Харин эм борлуулдаг Монос компанийнхан ямар ч хариуцлага үүрсэнгүй. Хоёр ажилтан нь л хариуцлага алдсан гээд  нуруун дээрээ ачааны хүндийг  үүрээд өнгөрөх нь.

Шүүх хуралд тус эмэнд хордсон 16 нярайн эцэг эх, ар гэрийнхэн оролцсон юм.  Эцэг, эхчүүд “Бидний хүүхдүүд эмэнд хордсоноос хойш байнга өвдөж, эмнэлэгт үзүүлж,  хэвтэн эмчлүүлж байгаа. Цаашид ямар ч хүндрэл үүсэхийг хэлж мэдэхгүй тул айдастай амьдарч байгаа.  "Монос" компани хордсон 16 нярайн ар гэрийнхэн тус бүрд нь 1.5 сая төгрөг л өгсөн. Энэ мөнгийг хүүхдээ эмнүүлэх, нааш цааш явах гээд хэрэглээд   дууссан. Үүнээс ч илүү зардал, чирэгдэл гарцгаасан. Монголд сэтгэл санааны хохирол, цаашид учрах эрсдэл гэдгийг тооцож үздэггүй юм байна даа. Тэр муу хоёр эм баригчийг шоронд явуулах сонирхол алгаа. Алдаа гаргасан нь үнэн ч бидний хүүхдүүд амьд сэрүүн байна" гэцгээж байна. Үнэхээр монгол хүний уужуу ухаан шүү.

Гадаадын кинон дээрээс та нар хардаг байх. Хэдийгээр тухайн компанийн ажилтан нь хариуцлага алдсан ч гэлээ байгууллага нь үүрэг хүлээж, хохирогчдод нөхөн төлбөр олгож, уучлал гуйдаг. Гэтэл өнөөдөр "Монос" компанийнхан иргэдээс  уучлал ч гуйсангүй. Улаан нялзрай үр нь буруу жороор найруулсан эмнээс болж  ухаангүй эмнэлэгт хэвтэж, үхэх сэхэх нь мэдэгдэхгүй байхад  эцэг, эхийн сэтгэл яаж шаналж, шар махтайгаа хатахыг биеэр эдлээгүй хэн ч мэдрэхгүй. Цус ч харваж, өрөөл татуу ч болж мэднэ гэсэн онош сонссон нялх биетэй  хэчнээн эх  хэдэн өдөр нойргүй хоносон бол. Бас хорвоо дэлхийд  хөл тавиад бусдын буруугаас бурхны оронд залрах дөхсөн нярай  хүүхдүүдийн бие организмыг яаж хордуулаад хожим нь ямар хор уршиг гарахыг хэн ч өнөөдөр таашгүй.

Гэтэл Монголд өнөөдөр сэтгэл санааны хохиролыг барагдуулах, цаашид учирч болох эрсдэлийг тооцож нөхөн төлбөр оногдуулдаг систем үнэндээ дутмаг. Хохирсон хүний хохь болоод л үлдэж байна.