“News agency” байгуулагдаад 10 жилийнхээ ойтой учран золгож байна. Энэ хугацаанд Монголын сэтгүүл зүйн түүхэнд олон олон шинэ мөр гаргасан “патент”-ийг эзэмшдэг болсон гэж тэднийг товчхондоо тодорхойлж болно. Ингээд 10 жилийнх нь ойн босгон дээр тус агентлагийн ахлах редактор Лхагвагийн Нарантөгстэй ярилцлаа.

-Та энэ хамт олонтой хэзээнээс холбогдож эхэлсэн талаар яриагаа эхлэх үү?

-Сургуулиа дөнгөж төгсөөд нийслэлийн “Улаанбаатар радио”-д ажилд ороод жил ч болоогүй байлаа. Гэтэл тухайн үед радиогийн маань ахлах редактор, зохиолч Н.Бадамжав ахтайгаа явж байгаад сонингийн борлуулалтын цэгээс сонин авлаа. Тухайн үед өдөр тутмын “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Үнэн”, “Монголын мэдээ”,  дээр нь танай сонин л байсан юм. Манай хүн “Ардын эрх сонин авъя” гэж байна. Би ч шоолоод. Тэр сонин чинь хаагдаад дөрөв, таван жил болж байна гэдэг юм байгаа биз дээ. Тэгсэн “Саяхнаас гарч эхэлсэн юмаа, мангуу минь” гэдэг байгаа. Аваад харвал “Төрийн бус түмний хэвлэл байх болно” гэсэн уриатай. Н.Бадамжав ах маань “Чи ер нь энэ сонинд оч. Хамгийн мундаг сэтгүүлчид л сонинд ажилладаг юм. Энэ сонин намын харъяалалгүй, чөлөөтэй бодлоготой. Газар газраас сайн тоймчдыг нь цуглуулсан их аятайхан сонин байгаа юм” гээд намайгаа юу юугүй “халчихдаг” юм байна. Маргааш нь ч хоёулаа яваад очлоо. Тухайн үед НАШМА-ны дарга байсан Н.Мөнхтүвшин гэдэг хүнтэй уулзсан. Хашир ч эр хүн шиг “Хоёулаа шууд ярья. Долоо хоногт юу хийж чаддагаа харуул. Олигтой юм хийхгүй бол авахгүй” гэсэн. Маргаашнаас нь гологдохгүй гээд л хэсэг явлаа. Энд, тэндээс мундагчууд цуглачихсан, нийтлэлүүд нь хөнгөн бичлэгтэй, даацтай, чөлөөтэй, манай сонин ёстой янзтай шүү дээ. “Ардын эрх”-ийн нийтлэлүүд өдөр тутмын сонингуудын бичлэг шиг албан ёсны хэллэгтэй, уйтгартай байгаагүй. Залуу хүний сонирхлыг татахуйц өөр өөрсдийн хэв маяг, донжтой, характертай, нэг тийм хөнгөн бичлэгүүдтэй байсан.

Би ч юугаараа дутдаг юм гээд гурван хуудас сурвалжлага хийгээд очно, усыг нь шахаад таван өгүүлбэр болгочихно. Ярилцлага хийгээд очно, тодруулга болгоод таначихна. Аргагүй шүү дээ, сонинд хамгийн сайн мэдээ, материалыг л оруулна. Миний мэдэхээр олон арван мэдээ, материал оролгүй үлддэг байсан. Ингээд гурав хонотол албаны дарга маань виз нь гарсан гээд Солонгос яваад өгсөн. Сар, хоёр сар, гурван сар өнгөрлөө, байдаггүй ээ.

-Яах нь ч мэдэгдэхгүй юу?

-Авах гээд байгаа юм уу, бүү мэд. Тэр үед одоогийнх шиг 14 хоног явуулаад ажилд авчихдаггүй байсан. Тэгсэн нэг өдөр ар гэрийн гачигдал гараад ажилдаа очих боломжгүй болсон. Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Нарантуяа эгчдээ энэ талаар хэлтэл “Чи хэзээний манай хүн болсон шүү. Туслалцаа хэрэг болвол санаа зоволтгүй, хэлээрэй” гэдэг байгаа. Хүнд хэцүү үед сонссон сайхан үг болохоор ч тэр үү, намайг үнэхээр их баярлуулсан. Золтой л нулимс унагачихаагүй дээ. Тэр үг намайг буцаад энэ хамт олон руу тэмүүлэхэд маш том нөлөө үзүүлсэн. Хэсэг хугацааны дараа хувийн асуудал маань ч цэгцэрчихсэн, гэртээ байж байтал Тунгаа эгч/ Т.Мөнхтунгалаг/ утсаар яриад “Ирж цалингаа аваарай” гэдэг юс байна. Юун цалин гэсэн чинь “Би танай албаны дарга болсоон. Чамайг жинхэлсэн. Ирж цалингаа ав” гээд утсаа тасалчихсан. Манайхан чинь билиг танхай хүмүүс шүү дээ/инээв/. Ингээд л энэ “Ардын эрх”-ээр овоглох болсон. Их ч зүйлийг энэ хамт олноосоо сурсан даа.

-Бас News.mn-ээр!

-Тийм ээ, “News-ийн Төгсөө” гэж дуудуулах сайхан. “Ардын эрх”-ийн редакцид түшиглэн гаргасан болохоор манай сайт маш хурдан хөл дээрээ боссон. Хүнээр бол “Ардын эрх”-ийн хүүхэд нь “News.mn”.  Төрөөд хоёр, гуравхан жилийн дараа хүү нь эцгээ тэтгээд аваад явдаг болсон.

-Анх News.mn гарч байсан талаар яриач. Таны хамгийн анх гаргасан мэдээлэл чинь юу вэ? Танай сайтад өдөртөө хэдэн мэдээ, мэдээлэл ордог юм бэ?

-Өдөр болгон 161 контент орох ёстой.  Өдрөөсөө хамаараад дунджаар 150-170 орчим мэдээ, нийтлэл, ярилцлага, сурвалжлага ордог. Биднийг сайтаа анх нээхэд olloo.mn, gogo.mn banjig.net, sonin.mn байсан. Эдгээр сайт өглөө нь хэвлэгдсэн сонины мэдээллийг голдуу тавьдаг байсан. Харин манайх болж байгаа үйл явдлыг шууд мэдээлснээрээ энэ зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, хэрэглэгчдийг нь хуваалцсан. Сайт маань нээгдсэн өдөр төмөр замын гарам дээр осол гарч шуурхай мэдээнд А.Амундра /манай сайтын төслийн ахлагч/, гэрэл зурагчин М.Нямсайхан бид гурав нягтлан Ч.Мөнгөнтуул эгчийнхээ ногоон машиныг аваад явсан. Нөгөө мундаг төслийн удирдагчаа жолооч болгочихсон. Одооных шиг утас интернэттэй байгаагүй ч бид гурав гучин минутын дараа тэр ослыг зурагтай нь мэдээлж чадсан юм. Тухайн үедээ Монголд сайт байтугай телевизээр ч тийм шуурхай мэдээлэл цацаж байгаагүй. Ингээд эхлэхээр бүгд л Ньюсийн талаар ярих болсон. Ямар сайндаа чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Та нар наад хэлэх үг, яриагаа жаахан цэгнээчээ. News.mn гээд сайт гараад ирчихсэн, хэлсэн үгийг чинь 2 минутын дараа тавьчихаж байна” гэж хэлсэн нь бидэнд үнэгүй реклам, улстөрчдөд анхааруулга болсон. Улстөрчдийг ч шоконд оруулсан даа.

-Шоконд оо?

-Тийм ээ, УИХ-ын чуулганы хуралдааныг тэр үед өнөөгийнх шиг шууд дамжуулдаггүй байсан. Ярьсан хэлснийг нь хэдэн минутын дараа шуурхай мэдээлээд эхлэхгүй юу, манайхан. Эвгүй үг унагавал хоёр минутын дараа л манай сайтад орчихно. Буруу зөрүү ярьсаныг нь мэдээлсэн мэдээний дор тэднийг ёстой нэг “балбах” шиг болно. Сүүлдээ гишүүд хэлэх үгэндээ хүртэл анхаардаг болсон.

-Одоо news.mn хэдэн хэрэглэгчидтэй вэ?

-News.mn рүү өдөрт 100 мянган IP хаягнаас хандаж байна.

-Яагаад “Ардын эрх” сонинг гаргахаа больсон юм бэ?

-Энэ сонинг эрхлэн гаргах эрх нь өөр байгууллагад шилжсэн. Манайд хамааралгүй болсон гэсэн үг. Харин манайхан долоо хоног тутмын “News weeк” сонингоо 20 мянган хувь хэвлэн уншигчиддаа үнэгүй тарааж байгаа.

-“News.mn” сайт, “News week” сонин мэдээллээ үнэгүй түгээдэг. Хаанаас хэрхэн санхүүждэг юм бол гэж хүмүүс их гайхдаг. Танай сайтын санхүүжилт юу вэ? Гадуур шуугиад байгаа "хаалтын гэрээ", "ам барилт"-аас танайх ангид байж чаддаг уу?

-Манайх орлогоо сонин, сайт дээрээ байршуулж буй баннер, рекламнаасаа олдог. Бид хэдий багцааны мөнгө олж байна вэ гэдэг бүхний өмнө ил байгаа. News.mn рүү ороод хэдэн баннер, реклам байршиж вэ гэдгийг хараад сурталчилгаа байршуулах цэснээс рекламаа байршуулахад хэдэн төгрөг байна вэ гэдгийг харахад л өдөрт ямар орлого олдогийг нь мэдэж болно. Бидэнд хөрөнгө оруулж, хариуд нь хүссэнээ бичүүлдэг улстөрч байхгүй. Гэхдээ бичсэн материалын маань доор биднийг доромжилсон сэтгэгдэл бишгүй гардаг. Улстөрчидтэй холбож хардах бол энүүхэнд. Магадгүй манай редакцийн дийлэнх нь либертари үзэлтэй хүмүүс байдаг учраас ардчиллын үнэт зүйлсийн төлөө их бичдэг байх. Хаалтын гэрээний хувьд би хувьдаа тийм гэрээг харж байгаагүй. Харилцагч байгууллагуудтай бол хамтран ажиллах гэрээ хийдэг. Ингэхдээ тухайн компанийн тухай янз бүрийн мэдээллийг гаргахдаа өөрсдөд мэдэгдэж, байр суурийг нь авч тэнцвэртэй мэдээлнэ гэсэн л заалт бий. Түүнээс гэрээ байгууллаа гээд тэр компанийн буруутай үйл ажиллагааг хаацайлна гэсэн үг биш. Хаалтын гэрээг хэн, яаж хийдгийг нь яриад байгаа хүмүүс л илүү мэдэх байх.

-Сэтгэгдэл гэснээс захиалгаар бичээгүй байж хардуулж, гүтгүүлэх хэцүү биз?

-Одоо ч дөжирсөн дөө. Тэр болгоныг хараад гуниж, гутраад байвал цаашаа явахгүй. Сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлагад хэн нэгний эрх ашиг заавал хөндөгддөг. Ялангуяа улстөрчдийн эрх ашиг. Тиймээс ч харааж, ерөөдөг байх л даа/инээв/. Сонин, сайтын сэтгүүлчид төдийлөн ил гардаггүй болохоор хүмүүс ч таньдаггүй. Нэг бодлын их зүгээр шүү. Жишээлбэл, Нарантөгс гэхээр эмэгтэй хүн байна гэж боддог юм шиг байгаа юм.

-Яаж мэдсэн юм бэ?

-Сэтгэгдлээр. Өнөөгийн МАН долдугаар сарын 1-нд шатаалгасан байраа татвар төлөгчдийн мөнгөөр ордон болгосон талаар нэг нийтлэл бичсэн юм. Тэгсэн доор нь муу Төгсөөг “олон хүүхэд цувуулсан эргүү авгай” л гэнэ,” балай хүүхэн”, бүр “янхан” ч гэж байх шиг/ха ха/.  Эрэгтэй хүнийг янхан гэдэггүй биз дээ. Харин манай Сэмүүнийг “Сэмүүнээ муу бандиа, ална аа чамайг” болоод явчихна. Уг нь Сэмүүн чинь эмэгтэй, би эр хүн биз дээ. Гэхдээ сэтгэгдлээр чухал баримтуудыг дэлгэж байсан авууштай ч зүйл их бий.

-Хөгжилтэй юм. Саяхан танай сайтаас нэгэн сонирхолтой инфографик харлаа. Танай уншигчдын дийлэнх нь 25-35 насныхан юм байна. Та ч залуу хүн. Хэрэв та уншигч байсан бол ньюсийг хэн гэж дүгнэх байсан бол?

-Ёстой бодож байгаагүй юм. Хэлэмгий, хурц, даацтай үгтэй, худлаа ярьдаггүй, толгой эргэм олон ажил хийдэг, амрахаа ч мэддэггүй. Баярлачихаж ч чаддаггүй, ажлын хэнээтэй нөхөр байх болов уу?

Яагаад гэвэл бидэнд баяр наадмаар ч амрах эрх байдаггүй. “Хүүе “news”-ийнхэн ажлаа хийгээч”, “Бөх юу болов, морь яачихав аа” гээд л гадаад, дотоодын хэрэглэгчид маань толгой хяргахаас наагуур юм болно шүү дээ.

-Магадгүй л юм. Танайх бас дүрстэй мэдээ хийдэг болсон. “Ийгл” телевизээр “Сэдэв-360” нэвтрүүлэгийг ч хийдэг байсан байх аа?

-Тийм. Ийгл телевизтэй нэг групп байхдаа Д.Нарантуяа  эрхлэгч маань хариуцаж тухайн үеийн “Ардын эрх”-ийн тоймчдоос багаа бүрдүүлж “News production”-ийг байгуулсан. Ингээд “Сэдэв-360” нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Сонин, сайтын бид чинь бичдэг болохоос ярьж чаддагүй улс. Ээрч, түгдрээд их л хэцүү байсан. Харин “Ийгл” телевизийнхэн маань биднийг сайхан хүлээн авч, зааж, туслаж, дэмжиж байсанд их баярлаж явдаг. Дүрстэй мэдээний хувьд, манай агентлаг группээсээ бие даан тусдаа гарсан. Тэр үед “NTV” телевизээс найруулагч Ц.Ариунболдыгоо урвуулаад авчихсан, нэвтрүүлэг хийгээд найз нөхөд болчихсон байсан учраас салаад явахад муухай санагдсан. Тиймээс ч эрхлэгчдээ дэлхийн томоохон агентлагуудын сайтууд видео мэдээ хийдэг болчихлоо. Хэзээ нэгэн цагт хэн нэг нь Монголд нэвтрүүлэх нь тодорхой. Яагаад бид анхдагч нь болж болохгүй гэж гэдгийг хэлсэн. Б.Тэмүүлэн, Д.Нарантуяа эрхлэгч нар ч нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хийх учраас дэмжиж ажил хэрэг болгосон юм. 

-Арван жилийн босгон дээрээ “News agency”-ийн 20 жилийн ойг төсөөлөөч?

-Манай сайт гэхэд л таван саяас илүү уншигчтай болчихсон байна.

-Монголын хүн амаар та төсөөлж байна уу?

-Үгүй. Монголын хүн амын өсөлт арван жилийн дараа 5 саяад арай хүрэхгүй байх аа. Дэлхий дээр байгаа Монголтуургатан бол түүнээс хол давна. Тиймээс тэднээр төсөөлж байгаа юм. Учир нь бид арван жилийнхээ ойгоор уншигчиддаа барьж буй хамгийн том бэлэг бол уйгаржин монгол бичгийн дэд сайтаа нээж байгаа явдал. Энэ бол бидний эх орондоо, өв соёл, хойч ирээдүйдээ оруулж буй үндэстнээ гэсэн том хувь нэмэр, хөрөнгө оруулалт. Өвөрмонгол, Халимаг, Тува гээд монгол бичигтэн болгон 10 жилийн дараа энэ сайт руу ордог болсон байх болов уу. Миний хувьд, тэр үед биологийн насаараа дөч дөнгөж гарч байна. Манайхан монгол бичгээрээ төвөггүй татладаг болчихсон байна. Дээр нь онлайн телевизтэй, их л том агентлаг болсоноор төсөөлж байна. Тэр үеийн технологийн дэвшил ямар түвшинд хүрсэн байхыг төсөөлж чадахгүй учраас иймэрхүү л төсөөлөл байна даа. 

-Онлайн сэтгүүл зүйн гал тогоонд Ньюс бусдаасаа юугаар ялгардаг вэ?

-Мэргэжлийн багтай, үйлдвэрлэж бүй бүтээгдэхүүнээрээ л ялгарах байх даа. Манай уншигчид “News.mn дээр гараагүй бол худлаа” гэж ярьж байхыг би хоёр дэлдэнгээрээ сонссон. Үүн шиг сайхан урмын үг хаана байх билээ. Бид аль болох олон эх сурвалжтай, бодитой мэдээлэл гаргахыг хичээж ажилладаг. Цаашдаа ч улам хичээх болно. Энэ хугацаанд биднийг дэмжиж ирсэн уншигчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Дээр нь хамт олон, үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч ах, эгч, дүү нартаа танай сониноор дамжуулан “News agency” үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн мэндийг хүргэж, ажлын амжилт хүсье.

З.ОЛДОХ

 "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин