02                     Монголын сагсан бөмбөгийн спортынхон сүүлийн жилүүдэд залуу халаагаа маш амжилттай бэлдэж байна. Т.Санчираа авахуулаад Монголын ирээдүй болсон олон арван залуусын ирээдүй гэрэлтэйгээр харагдаж эхэлсэн.

Харамсалтай нь энэ спортыг улам илүү хөгжүүлэх ёстой сагсан бөмбөгийн холбоо нь сүүлийн үед хоёр тийш харж суучихаад ажлаа хийхээ байлаа. Түүгээрч барахгүй энэхүү увайгүй үйлдлээс нь болж Олон улсын сагсан бөмбөгийн холбоо ФИБА-аас манайд сануулга өгчээ. Тэрхүү сануулга нь ойрын хугацаанд хоёр талцаад буй асуудлаа шийдэж, тамирчдаа нэгдсэн нэг холбоотой болго. Хэрэв яаралтай энэ асуудлаа шийдэхгүй болон Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос МСБХ хасах тухай албан бичиг ирүүлжээ. Хэрэв тийм шийдвэр гаргавал манай баг тамирчид олон улсын чанартай ямар ч тэмцээн, уралдаанд оролцох боломжгүй болно. Яг л Япон улс шиг. Япон улсад өнөөдөр манайд үүсээд байгаа нөхцөл байдал бий болжээ. Сагсан бөмбөгийн холбоо нь хоёр хэсэг болон салаад нэгдэж чадахгүй байсаар ФИБА-гаас хасагдлаа. ФИБА тэдэнд сануулга өгсөн боловч асуудлыг шийдэж чадалгүй өдийг хүрчээ. Энэ шийдвэрийг ФИБА-гийн гүйцэтгэх хорооны хуралдаанаас гаргасан бөгөөд Японы сагсан бөмбөгийн холбоо нь ФИБА-гаас тавьсан дараах шаардлагуудыг биелүүлээгүй гэж үзжээ. Эдгээр нь
•    Холбоондоо бүтцийн өөрчлөлт хийж, ФИБА-гийн Ерөнхий дүрэмд бүрэн дүүрэн нийцүүлэх
•    Хоёр лигийг нэгтгэн, тэмцээнийг сагсан бөмбөгийн албан ёсны дүрмийн дагуу зохион байгуулах
•  2020 оноос хойшхи Японы эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багийн спортын төлөвлөгөөг тодорхой танилцуулах зэрэг шаардлага байжээ.  
           Ийнхүү асуудлаа шийдэж чадаагүй япончууд олон улсын тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна. Энэ түүх манайд давтагдах магадлал тун ойртов. Нэг үгээр хэлбэл сандал ширээний төлөө тэмцэлдсээр гурван жилийг ардаа үдсэн сагсан бөмбөгийн холбоодоос болж тамирчдын насан туршийн хөдөлмөр нэг л өдөр салхинд хийсэх гэж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тулга нараар тэргүүлүүлсэн МҮСБХ /Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо/, Б.Тамираар тэргүүлүүлсэн МСБХ гэх хоёр холбооноос өнөөдрийн энэ зүйл эхлэлтэй. Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд албан ёсны бүртгэлтэй, анхнаасаа өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн нь МСБХ юм. Гэтэл гурван жилийн өмнөөс эхлэн С.Эрдэнэ сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн учир МҮСБХ гэх төрийн бус байгууллагыг байгуулж өнөөдрийн хамаг будлианыг эхлүүлсэн юм.
              Тэр ч бүү хэл саяхан Тайландын Пукет хотноо болсон Азийн элсний наадамд Монголны сагсан бөмбөгийн шигшээг оролцуулахгүй байх хүсэлтийг МҮОХ-д МҮСБХ-ноос гаргаж, оролцуулахгүй байх шийдвэрийг гаргуулсан. Энэ муйхар үйлдэл нь тамирчид болон сагсан бөмбөг сонирхогчдын зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөж арга буюу тэмцээнд явуулах эрхийг нь олгосон явдал боллоо. Хэдийгээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ бичгийг би өгөөгүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн ч гэсэн МСБХ-ны ерөнхийлөгч Б.Тамир түүнийг явуулсан болохыг олонтаа мэдэгдсэн юм. 
            Өнөөдрийн энэ үүсээд буй нөхцөл байдлыг шийдэх гэж оролдоогүй биш оролдсон. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд МСБХ ээлжит чуулганаа хуралдуулж хоёр хуваагдаад байгаа холбоодыг нэгтгэх зорилготой ажилсан. Гэвч нэгдмэл нэг холбоотой болсон тэрхүү хурлын төгсгөлд МСБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ, Б.Тамир нар өрсөлдсөн юм. Ингээд нууц санал хураалтаар хуучин тэргүүн Б.Тамирыг хуралд оролцсон төлөөлөгчдын 68 хувь нь сонгосон аж. Үүнд нь дургуйцсан С.Эрдэнэ хурлыг орхин гарч, улмаар маргааш нь хурал хууль бус боллоо хэмээн шүүхэд өгсөн ажээ. Б.Тамир бол олон жилийн турш сагсан бөмбөг тоглож ирсэн нэгэн. Сагсчид сагчин залуудаа л итгэл хүлээгэх нь тодорхой. Энэ нь МҮСБХ-ныхонд таалагдаагүй бололтой хууль хяналтын байгууллагад гомдол мэдүүлжээ. С.Эрдэнэ “Би тэрхүү хурлын үйл явцыг сонирхож байгаад гарсан” гэх мэдээллийг ч хэвлэлийнхэнд өгсөн байна. Түүнийг сонирхож байгаад гарсан уу, үгүй юу гэдгийг хуралд оролцсон гишүүд бүгд мэднэ. Асуудал үүгээр дуусахгүй өнгөрсөн есдүгээр сард БНСУ-д болсон Азийн наадамд сагсан бөмбөгийн шигшээ багаа явуулах гэж хоёр холбоод бараг л дайтахаас наагуур зүйл болжээ. Эцэст нь зөвшилцөлд хүрч МСБХ-оо тамирчдаа аваад Солонгосыг зорьсон юм. Хуулиараа ч тэдэн энэ эрх нь бий. Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй сагсчид маань Ази тивийг доргиосон гайхалтай амжилт гаргасанд дан ганц монголчууд гэлтгүй энэ спортоор азидаа ноёлдог олон орнууд гайхаж бас магтаж байлаа. Энэ нь мөн л МҮСБХ-д таалагдаагүй гэнэ. Учир нь шигшээ багынхан төрийн бус байгууллагын нэрийн өмнөөс тэмцээнд оролцоогүй болохоор баахан бухимдаж байсан талаар Б.Тамир нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Сүүлд тэмцээнд явуулахгүй байхыг хүссэн албан бичиг ч үүнтэй холбоотой гэдэг.
            С.Эрдэнийн холбооноос Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бичиг явуулчихсан байна. Эндэх хэрүүлийнхээ тухай бичээд МСБХ-г холбооноосоо хасаач гэж хүссэн аж. Ямар ичмээр юм бэ. Яасан уйваагүй юм бэ. Харин Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос МСБХ-д "Юу болоод байна вэ. Бид албан ёсны холбоогоо дэмжиж ажиллана" гэсэн хариуг ирүүлжээ. Дээр дурдагдсан ФИФА-гаас хасах тухай сануулга үүнтэй ч холбоотой. Манайхан “Толгой хагаварч малгайндаа, олгой хагаварч тогоондоо” гэж ярьдаг улс. Ашиг сонирхолын асар том зөрчлөө чухам ямар учраас олон улсад ичиж, эмээхгүй зарлаж байгаа юм бол. Мэдээж сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх гэж хичээж яваа МСБХ-д буруу зөрүү зүйл олон л байгаа биз. Яагаад түүнийг засаад, хамтраад алдааг нь хэлж ухааруулаад амжилтыг нь магтан урамшуулаад хамтдаа Монголынхоо сагсан бөмбөгийн спортын хөгжлийн төлөө  алхаж болдоггүй хэрэг үү. Ер нь хоорондоо хэрүүл, уруултай байгаа олон спортын холбоод манайд байна. Хөлбөмбөгийн холбоо, Бодибилдингийн холбооноос авахуулаад. Хичнээн хэл ам болж, идсэн ууснаараа дуудалцсан ч эд бүгд асуудлаа дотроо шийдэж байна. Яагаад тэднээс суралцаж болохгүй байгаа юм бэ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ одоо болимоор байна. Би л биш бол өөр хэн ч биш. Чухамхүү би л дарга нь болохгүй бол өөр даргыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа өөрчлөх хэрэгтэй. Талаар нэг тараасан холбооны үйл ажиллагаанаас чинь болж тамирчид нь ч учраа олохоо байлаа. Багууд нь аль холбооноос зохион байгуулж буй тэмцээн уралдаанд оролцохоо ч мэдэхээ болилоо. Ёстой л “Хадны завсар хавчуулагдсан тамирчид л хөөрхий боллоо”. Тун удахгүй нэгэн төрийн бус байгууллагаас болж Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг Олон улсын тэмцээн уралдаанд орж чадахгүй болох вий гэхээс жирийн нэг сагсан бөмбөг сонирхогчийн хувьд үнэхээр их эмзэглэж сууна.  Фифа өөрсдийн бүртгэлээсээ Монгол улсыг хасахад ойрхон байна. Ойрын өдрүүдэд асуудлыг нэг тийш болгож их спортоо аврах цаг ирлээ.