Дэлхий тэнхлэгээ бүтэн эргэж дахиад л нэг хавар. Их хотын “утаан хөшиг” хаагдав уу? гэсэн шиг  хаврын салхи дураараа наадна.

Хүн бүр л өөдөөс хийсэх гялгар уут, чихрийн цаас тэргүүтнийг гараараа холдуулан бухимдалтай гэгч нь алхацгаана. Тэдний дунд би ч бас бачимдан гэрийн зүг алхсаар..........

Гаднах байдалд эмзэглэн гэртээ ортол телевизийн мэдээллийн хөтөлбөр гарч байна. Улс төрчдийн тухай бололтой. Нэг нь нэгнийхээ идсэн уусныг илчилж,  авилга хээл хахууль авсан тухай хэлэлцэх хэрэлдэхийн хооронд “бөөн юм” болж байна.

Бид ч түүндээ дасан зохицсон байдаг юм шиг. “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгчээр надад ямар хамаа байхав хэмээн нэлээд олон нь хэлнэ, өөрсдөө л учираа олох юм байлгүй би ч оролцоод яахав гэж бас цөөнгүй хэсэг нь нэмэрлэнэ. Гэхдээ тэд чинь бидний төлөө сонгогдсон, бидний төлөө ажиллах ёстой, үүрэгтэй хүмүүс шүү дээ.

Гэтэл тэд дөрвөн жилийн хугацаанд “авилга” хэмээх үл үзэгдэх эрдэмд сурдаг бололтой. Телевизээр хэн нэгний авилга авсан, өгсөн тухай л яригдах юм. Нөгөө ардчилал, шударга ёс хаана байна аа? Тэд ичих ч үгүй зүгээр л байдаг зүйл мэтээр ханддаг нь дэндүү хөөрхийлөлтэй. Тэдэнд ичнэ гэдэг ч гоёдоно. Ичих гэдэг нандин харагддаг.

Авилга гээчийг сурсан тэд “амташсан хэрээ” гэдэг шиг дахин дахин шунахайрна.  Нийгэмд авилга маш алгуурхнаар улам боловсронгуй болон хөгжсөөр л... Бүр баяр бахдалтайгаар. Тэд улам өөхөлж, барууны гоё ганган машин техник хөлөглөсөөр....

Харин тэднийг энэ сэнтийд суулгасан иргэдийн амьдрал нэг л хэвээрээ улам ч дордоод байх шиг. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Их наран улсын уламжлалт сэтгэлгээ бусдын төлөө, би яахав чи л гэх. Гэтэл манай улсад энэ сэтгэлгээ төлөвших нь бүү хэл  хумхын тоосон төдий ч алга. Зөвхөн би л болж байвал бусад нь яахав гэсэн бодолтой байдаг.

Харин та бидний  төлөө хийж бүтээнэ гэсэн амлалтууд нь чухам яагаад бодит ажил болдоггүй юм бол? Яг л зэрэглээ шиг хоосон. Өнгө өнгийн цаасан дээр бичигдсэн тэр л хэвээрээ “булшлагдана”. Бид түүнийг нь харсаар мэдсээр байж бас л дуугардаггүй. Харин ч бүр сайн сайхан болоод байгаа мэтээр л сонин хэвлэлээр бичиж, телевиз радиогоор нэвтрүүлнэ. Хэн нэг нь түрүүлж дугарахаасаа эмээнэ. Нөгөө л “түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө” гэдэг болохвий гээд л.

Улс төрчид муу байна, ажлаа хийхгүй байна, амлалтуудаа хэрэгжүүлэхгүй байна гээд л ярьдаг. Гэхдээ түүнийгээ баримтаар нотлоод, олны өмнө дэлгэх хүн байдаггүй нь харамсалтай. Шударга үнэний төлөө ажиллах үүрэгтэй сэтгүүлчид нь хүртэл дуугардаггүй. Далай шиг их амлалтууд нь зэрэглээ шиг хоосон хэвээрээ л .......

Б.Хорлоо