УИХ-ын 20 гаруй гишүүн Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барихаар зэхэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

Уг хуулийн төслийг санаачлагчдын нэг Ц.Оюунбаатар гишүүний тайлбарласнаар улсын хэмжээнд 3000 орчим ялтан суллах  аж. Дээрх хуулийн төслийг Н.Энхбаярт зориулсан хуулийн төсөл гэж үзэх хүн ч олон байна. Гэхдээ Н.Энхбаярын тухайд суллагдах өөр гарц бий. Монголын цорын ганц эрх мэдэлтэн өөрөө энэ талаарх сэдлийг өгч телевизээр болон хэвлэлд өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлчихсэн. Энэ бол уучлалын тухай юм.

Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Канадын Флин гэгч луйварчныг өршөөгөөд буцаасан түүхтэй. Харин удаахь Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд уучлалт хүссэн 142 хүсэлтийн 17-д, 1999 онд 135 хүсэлтийн 15-д, 2000 онд 140 хүсэлтийн 24-т нь тус тус уучлал үзүүлжээ.

Өршөөлийн хуулийн тухайд арай өөр түүхтэй. Манай улсад анхны Үндсэн хуулийг 1924 онд баталснаас хойш өршөөл үзүүлэх явц хуульчлагдаж эхэлжээ. Сонирхолтой нь социализмын үе буюу 1940-1980 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай тогтоолуудад “Суллагдаж буй этгээдийг сурч боловсрох, ажиллах нөхцлөөр хангасугай” гэсэн заалттай байсан гэнэ. Гэтэл ардчилал ялсан 1990 оноос хойшхи Өршөөл үзүүлэх тухай хуульд зөвхөн ялаас чөлөөлөн өршөөх тухай л дурьддаг болжээ.

Эрүүгийн эрх зүй, Криминологийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар “1990-2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах, эс хамрагдах субъектыг өөрчлөхөөс бус дорвитой өөрчлөлт хийгээгүй” аж. Манайхаас бусад оронд тухайлбал АНУ, ХБНГУ, ОХУ-д Өршөөл үзүүлэх зөвлөл, хороо ажиллаж өршөөх эсэхийг шийддэг. Тухайлбал Канад, АНУ-ын Техаст Өршөөлийн тухай хууль нь эдлээгүй үлдсэн ялыг хасах, өршөөх гэсэн утгаар үйлчилдэг бөгөөд тухайн зөвлөл, хороо хэлэлцээд шийдвэр гаргах эрхтэй байдаг ажээ. Мөн Техас мужид бага насны хүүхдийг хүчирхийлсэн, бусдын амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн, төрийн албан хаагч эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан тохиолдолд огт өршөөж болохгүй үндэслэл хэмээн үзэж хуульчилжээ. Ер нь олон улсын жишигт Өршөөл үзүүлэх хуулийг ойр ойрхон гаргаж буйг муу хуультай, эсвэл эрх баригчид нь ард иргэддээ таалагдахын тулд хийж буй үйлдэл гэж ойлгодог байна.

Үүнээс гадна зөв хүнээ өршөөж чаддаг уу гэдэг асуудал бий. Судалгаанаас харахад 2006 онд 3800 орчим ялтныг өршөөхөд 120 нь, 2009 онд 2900 орчим хүнээс 127 нь гэмт хэрэгт дахин холбогдсон гээд бодохоор дээрх асуултын хариултыг өгөхөд тийм ч хэцүү биш. Тухайлбал 2009 оны зун Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Өршөөлийн хуулийг батлан 2831 ялтныг сулласан. Уг нь олон улсын жишгийн дагуу зөвлөл байгуулсан ч тавхан хоногийн дотор яаж таньж мэдээд “өршөөсөн” нь тодорхойгүй. Сүүлдээ “Өршөөхгүй бол өлсөөд үхчихнэ шүү” гэх дүрэм үйлчилж эхлэх шинжтэй. Тэгэхээр ард иргэдэд таалагдах үйлдэл хэмээн дүгнэсэн олон нийтийн жишиг алдаагүй байгаа биз.

Дашрамд дурьдахад олон нийтийн дунд энэ талын мэдээлэл сурталчилгаа хангалтгүй байдаг. Тиймээс өршөөл, уучлалын ялгааг өнөө хэр нь ойлгоогүй яваа нь цөөнгүй. Тухайлбал 2006 онд “Центр пойнт”-ын зодооны гэх хэрэгт холбогдсон “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван шүүх хурлын үеэр хэвлэлийнхэнд хандан “Би хэзээ нэгэн цагт цагаатгагдана. Би өндөг шиг өөгүй хүн байгаагүй. Надад алдаа оноо байсан хэдий ч шоронд орох гэмт хэрэг хийгээгүй. Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт юм шүү” гэсэн нь анхаарал татдаг.  Ингээд тэрбээр Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан. Гэтэл өнөөг хүртэл тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр уучлал үзүүлсэн мэтээр ойлгодог хүн таардаг л юм.

Мөн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тухайн үед алба хашиж байсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой бүлэг хүмүүст 2008 оны долоодугаар сарын 1-ний алдарт гэмт хэрэгт холбогдсон эмэгтэйчүүд, хүүхдэд уучлал үзүүлсэн. Энэ нь эрх зүйн талаасаа буруу үйлдэл болжээ. Юу гэвэл уулчлал нь тодорхой нэг этгээдэд хамаарах болохоос бүлэг хүмүүст хамаардаггүй. Ийнхүү буруудаад ирмэгц нэр цохож уучилсан гэсэн тайлбар хийгээд гэм зэмгүй өнгөрсөн.

Эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн хасбуу тамгыг атгаад нэг жил ч болоогүй байхдаа Өршөөлийн тухай хууль санаачлан УИХ-аар батлуулсан. Мэдээж олон өрх айлыг баярлуулсан энэ шийдвэр 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний хэргээр баривчлагдсан хүмүүсийг суллах зорилготой байсан. Тэр үүргээ ч биелүүлсэн. Харамсалтай нь 2009 оны долоодугаар сарын 10-нд УИХ-ын чуулганаар хаалттай хуралдаж баталсан энэ хуулиар суллагдсан хүмүүсийн зарим нь хайр өршөөлийг даасангүй. Гэхдээ статистик судалгааг харвал уг хуулиар суллагдсан хүмүүсээс дахин хэрэгт холбогдох байдал харьцангуй цөөн байдаг юм билээ.

“Өршөөнө гэдэг ард түмний элгийг зөөллөдөг”, “Шоронгоор хүмүүжээгүй хүнийг өршөөлөөр хүмүүжүүлж болдог” гэх яриа дуулддаг. Үүнтэй холбогдуулан сонирхуулахад өнгөрсөн тавдугаар сард Боснийн Ерөнхийлөгч Живко Будимирийг гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхнээс их хэмжээний мөнгө авч өршөөл үзүүлсэн гэх хэргээр баривчилсан. Тэрбээр 96 гэмт хэ-рэгтэнд уучлал үзүүлснээс 85-ыг нь шүүх дахин хянаж үзээд уучлах ёсгүй байсан гэж үзжээ. Түүний  сулласан гэмтнүүдийн дунд хүний амь нас хөнөөсөн этгээд 35, хүчингийн хэрэгтэн нэг байсан аж. Ерөнхийлөгч асан өөрийн гар хөл болсон 20-иод хүний хамт баривчлагдсан.

Ардчилсан хувьсгалаас хойш гарсан Өршөөлийн тухай хуулиудыг аваад үзвэл:

1. Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай БНМАУ-ын 1991 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн хууль,

2. Монголын тулгар төрийг үүсгэн байгуулсны 790 жилийн ойг тохиолдуулан насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар түүнээс дээш насны эрэгтэйчүүдэд Өршөөл үзүүлэх тухай 1996 оны наймдугаар сарын 22-ны өдрийн хууль,

3. 2000 оны долоодугаар сарын 7-ны өдөр батлан гаргасан Өршөөлийн тухай хууль

4. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 оны зургаадугаар сарын 23-ны өдөр батлагдан гарсан Өршөөлийн тухай хууль

5. 2009 оны долоодугаар сарын 9-ний өдөр батлагдан гарсан Өршөөлийн тухай хууль гээд нийтдээ сүүлийн арван есөн жилийн дотор таван удаа гарсан байна.

Мөн энэхүү хуулиудын давтамж хэт ойрхон байх нь эрүүгийн ялын цээрлүүлэх, урдьчилан сэргийлэх зорилгод ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал 1984, 1991, 1996, 2000, 2006, 2009 он гэхчлэн давтамж нь ойртоод байгаа нь тун тодорхой харагдаж байна.

Харин одоо Өршөөлийн тухай хуулийн сураг дахин дуулдаж эхэллээ. Улс төрийн зорилго нь ойлгомжтой. Харин олон нийтийг хэрхэн түгшээх хийгээд ямар үр дагавартай болохыг цаг хугацаа харуулах биз ээ.

У.Оргилмаа