Манай улсад АТГ байгуулагдаад хэдэн жилийн нүүр үзлээ. Анхандаа АТГ-ын дарга нар барцадтай байсан бол овоо тогтворжиж  “ан”-д гарахтайгааа болсон. Харин улстөрчдийн  нэгнээсээ өс авах байгууллага болох вий гэсэн айдсыг сүүлийн үед төрүүлэх болсон нь нууц биш.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулахтай зэрэгцэн түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг завшсан тухай АТГ-аас мэдээлэв. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “авлига” хэрэгт холбогдуулан баривчлахыг бөөн сүр дуулиан болгосон. Гэрийг нь хонон, өнжин сахиад, цагдаа, тусгайгийнхнаар хүч нэмэгдүүлж байж, баривчилж билээ.  Бөөн сүр  дуулиан. АТГ ажлаа “шоудах” маягаар хийдэг болсон.  Хамгийн том дуулиан тэр л байв. Эхлээд баривчилж, саатуулна, дараа нь ийм гэмт хэрэгт холбогдсон хэмээн зарлаж, Хэвлэлийн бага хурал хийнэ.Зарим хэрэг шүүхийн шатанд очоод чимээ тасарна. Төрийн албан хаагчид, улстөрчдөөс  Хөрөнгө орлогын  мэдүүлэг авдаг болсоннь дэвшил.  АТГ Хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг  болсноос хойш улстөрчдийн дунд нэг үйл явдал дэлгэрсэн нь “мартах” хэмээх өвчин юм. АТГ мөрөөр нь  мөшгөөд гаргаад ирэхээр орон сууц, байр, бүр компаниа хүртэл мартсанаа санадаг. Бүр гадаадын банкинд байдаг  нууц дансандаа хийсэн сая ам.доллараа мартсан нөхөр ч бий. Авлигын хэрэгт ороолдсон хүнээ албан тушаалаас нь хамаараад “тул”, “жараахай”  гэж нэрлэдэг. “Тул” нь Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Гансүх, МИАТ-ийн ял сонссон удирдлагууд болж таарна. Харин  “жараахай” гэсэн ангилалд төрийн дунд, доод шатныхан хамаарах бололтой. АТГ “тул” биш жараахайтай  хөөцөлдөөд байдаг гэмтэй.  Хоёр, гурван жилийн өмнө  ээжтэйгээ амьдардаг, татварын байцаагч  эмэгтэйг хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн хэмээн буруутгаж, нүдийг нь мөн ч их бүлтэлзүүлсэн дээ.

Бусадтай харьцуулах гээд үзье. Холын биш ойрын жишээ. Коммунист дэглэмтэй  өмнөд хөршийн даргаар Си Зиньпин гарч ирсэнээр  авлигатай ширүүн тэмцэхээ илэрхийлсэн. Коммунист намаасаа эхэлж, мужийн намын хорооны дарга нарыг ч авлигатай холбогдсон бол хайр найргүй шийтгэж буй.

2012 оны сүүлээр Хятадын хамгийн нөлөөтэй улстөрчдийн нэг, Чунцин хотын коммунист намын хорооны дарга асан, Бо Силайг авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгаж ялласан. Хятадын армийн нөлөө бүхий генерал, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга асан Сюй Цайхоуг авлига, хээл хахууль авсан хэргээр баривчилж,  Гуандун мужийн Шэньжэн хотын орлогч дарга асан Лян Даосинд авлигын хэргээр 10 жил хорих ял оноожээ. 2002-2009 онд хотын орлогч даргын албыг хашиж байхдаа Лян Даосин “550 мянган долларын авлига авсан нь” мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Шүүхийн шийдвэрийн дагуу орлогч дарга асны нэг  сая юанийн /164 мянган доллар/ хувийн хөрөнгийг хураан авсан байна.  БНХАУ-ыг удирдах хэмжээнд яригдаж байсан Бо Си Лай, Хятадын Коммунист нам (ХКН)-ын Улс төрийн товчооны гишүүн асан Жоу Юнкан, генерал Сюй Цай Хоу нарыг авлигын “бар” гэдэг бол мужийн дарга Лян Даосин нарын албан тушаалтнуудыг авлигын “ялаа” агналаа хэмээн нэрийддэг  ажээ. Манайхан бол тул, жараахайтай хөөцөлддөг. БНХАУ-д Си Зиньпинийг гарч ирсэнээс хойш 85 мянган хүнийг авлигын хэрэгт холбогдуулж, 13 мянган хүнийг ямар нэгэн гэм  буруутайг тогтоосон байна.  Хууль бус аргаар олсон бүх мөнгөө  буцаан олгохын  зэрэгцээ, ял эдэлнэ. Монголчууд бид Азидаа ардчиллын үлгэр жишээ улс гэж хөөрцөглөдөг. Авлига далдуур цэцэглэж, ард түмний амьдрал нүдний өмнө   ядуурсаар байгаа нь илт. Харин манайд эсрэгээрээ авлигачдыг шоронгоор айлгаж, хориод, хэд хоноод бие нь муудаад хэрэг замхрах шатандаа орно. Төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс авсан, завшсаныг нь буцааж  төлүүлж, хохиролгүй болгодог бол заавал шоронд суулгах хэрэггүй мэт. Гэвч тийм тогтолцоо алга.  Ядаж, авлигад холбогдуулж барьсан “тул”-аа  тавьдаггүй байвал.