Тамхины хяналтын НҮБ-ын суурь конвенцийг Монгол Улс 2004 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр соёрхон баталж, Улсын Их Хурлаас Тамхины хяналтын тухай хуулийг 2005 онд баталсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас конвенцийн дагуу өгсөн зөвлөмжийг үндэсний хууль тогтоомжид тусган тамхины хяналтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал 2012 онд баталсан. Харамсалтай нь энэ хуульд дэндүү их цоорхой байгааг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  бага ч гэсэн  нөхөхөөр  нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон.  

Уг нэмэлт өөрчлөлтийг нэмснээр нэгдүгээрт, Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах стандарт болон анхааруулах тэмдэгтэй болох юм. Хоёрдугаарт, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин болон нийтийн эдэлбэр газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах талаар тусгасан байгаа.

Тэгвэл энэ хуулийн нэмэлт өөрчлөлт  батлагдснаар  тамхи татах цэг олноор байгуулагдах нь тодорхой.  Харин Тамхи татах цэгийг дотоод орчинд байгуулахад төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй юм байна.  Харин гадаад нийтийн эзэмшлийн талбайд тамхи татах цэг байгуулах болбол тус цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн ИТХ шийдвэрлэдэг байхаар төсөлд тусгасан байна.Тамхи татах цэгийг агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарлаж өгөх гэсэн.

Өөрөөр хэлбэл гадаа  тамхи татах цэг байгуулах бол ИТХ шийддэг болох юм. Магтаалаас илүү шүүмжлэл дагуулдаг  ИТХ-ынханд иргэд  итгэл хүлээлгэх нь юу л бол. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг,  хамаатан саднаараа төрөөс төрсөн тэрбумтны тоог нэмж байгаа зэргээр  ИТХ-ын улсад учруулж байгаа балаг их бий.  Ийм үед тэдэнд  тамхи татах цэг байгуулах эрх мэдлийг өгснөөр төрөөс төрөх тэрбумтны тоог нэмээд зогсохгүй хэдэн хүний  бизнесийг дэмжих ажил болж байгаа юм.

Дотор тамхи татах цэгийг тухайн байгууллага нь хариуцаад хийж байгаа юм чинь гадаа тамхи татах цэг байгуулах ажлыг  нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниудад даатгамаар байна. Улс орны эдийн засаг хямарсан үед  тамхи татах цэг байгуулах ажилд улсаас мөнгө гаргавал шүүмжлэл дагуулна. Тэгэхээр нийгмийн хариуцлагаа ухамсарласан компаниуд ИТХ-аасаа хаана байгуулах саналыг нь аваад  тамхи татах цэг байгуулбал  дээргүй юу?

Бусдын хорт зуршлийг өөгшүүлж байгаа юм шиг буруу зүйлд төсвийн мөнгийг  зарцуулмааргүй байгааг тамхичид болон төрийн эрх баригчид анхаарна бизээ.

А.Баярмаа