Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Кореа трейдинг” компанийн “Гореа” солонгос ресторанаар үйлчлүүлсэн иргэд хоолноосоо хордож эмнэлэгт хүргэгдсэн ноцтой хэрэг гарчээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Энэ сарын 20-ны 17.30 цагийн үед “Гореа” солонгос  ресторанаар үйлчлүүлсэн 10 хүн хордож, дөрөв нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өдгөө хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдал хүндэвтэр, хордлогын шинжтэй байгаа тул өтгөн, бөөлжисний шинжилгээг авсан байгаа. Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна.
Гэхдээ дээрх хүмүүсийн өвчний шинж тэмдэг, аномезийг үндэслэн урьдчилсан байдлаар дүгнэхэд хоол хүнснээс гаралтай хордлого байж болох магадлалтай байгаа. Тэгэхээр тухайн рестораны хоолноос шалтгаалсан гэх дүгнэлтийг тус рестораны хоол, гал тогооны эдлэл хэрэглэлээс авсан арчдас, ажилчдын нян тээгч илрүүлэх шинжилгээ, өвчтөнүүдийн өтгөн, бөөлжис цусны шинжилгээний дүнг үндэслэн гаргах боломжтой. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд  тухайн өдрийн болон өмнөх өдрийн хоолны дээж аваагүй, бүтээгдэхүүн түүхий эдийн баталгаажилт хангалтгүй, ажлын байрны ариун цэврийн болон ахуйн байдал, технологийн зөрчилтэй байсан байна. “Гореа” ресторанаас 12 төрлийн хоол болон түүхий эдээс дээж авч шинжилгээнд хамруулсан. Одоохондоо хариу нь гараагүй байна. Тус газарт хамтдаа хооллосон 10 хүнээс дээрх хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн  адил шинж тэмдэг илэрсэн гэх хоёр иргэн ХӨСҮТ-д ирж үзүүлэхгүй, шинжилгээ өгөхгүй байгаа нь ажилд хүндрэл үзүүлж байна. Бүгд хордсон байх магадлалтай” гэв.
Эл асуудалтай холбогдуулан “Гореа” рестораны үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.