Засаг төр солигдож, шинэ томилгоонууд өндөрлөх шатандаа шилжиж байна. Засгийн газрын одоо удтал хүлээгдэж буй Төрийн нарийн бичгийн дарга нараа л тодруулчихвал бүх зүйл гольдролдоо орно.

Харин энэ үйл явцтай зэрэгцэн улс төрийн томоохон төлөөлөл Ардчилсан намынхан бүтэц бүрэлдэхүүнээ аажмаар өөрчилж байна. Өөрчлөх, шинэчлэхэд буруудах зүйл байхгүй. Гэхдээ асуудалтай гэмээр өөрчлөлтүүдийг хийж байгаа нь харамсалтай. АН-ын шинээр томилогдсон “Ноён” өнгөрсөн долоо хоногт намынхаа эрх барих дээд байгууллагаа хуралдуулж нарийн бичгийн дарга нараа өөрчилөв. Тодруулбал Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Хүний нөөц хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, Хэвлэл мэдээллийн, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар Л.Эрдэнэчимэг нарыг тус тус томиллоо. О.Чулуунбилэг, М.Анхбаяр тэргүүтэй залуу боловсон хүчингүүдээ үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ямартаа ч намын дотоод асуудлыг хариуцаж явдаг гол хүмүүсээр их хэмжээний мөнгөтэй, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар томилогдлоо. Хэн нь, юундаа ямар хүнээ сонгох нь намын дотоод журам. Гэхдээ эдгээр томилгоо нь эрсдэл дагуулж байна. Үүний цаана давхар ямар нэгэн далд эрх ашиг байгаа юм биш биз. Ирэх сонгуульд эдгээр мөнгөтэй эрхмүүд Ардчилсан намын гол санхүүжүүлэгч нь болох магадлалтай. Мэдээж гол санхүүжүүлэгчээ намын нэрийн жагсаалтад дээгүүр эрэмбэлэх нь орчин үеийн парадокс.
                         Ерөнхийлөгчийн санаачилснаар давхар дээлээ тайлахын оронд эдгээр гишүүд улам л давхарлаж өмсөхийг хичээж байна. АН-ын давхар дээлтэй нарийн бичиг нарийн бичгүүдийг С.Эрдэнэ тэргүүлнэ. Тэрээр УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүн, ХАХНХ-ын сайд, Баянгол дүүргийн АН-ын дарга, Нийслэлийн АН-ын дарга мөн МҮСБХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд өөрийгөө томилуулах гэж хоёр гурван жил хэрүүл, маргаан дэгдээж яваа. УИХ Г.Батхүүгийн хувьд УИХ-д гарч ирэхдээ бас л хэрүүл, маргаантай гарч ирсэн. Тэрээр УИХ-ын гишүүн, байнгын хорооны гишүүний албыг хашиж байгаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд саяхан болсон чуулганы хурал дээр “Монгол орон хямралд орсон юм уу, үгүй юм уу” гэж асууж байгаад гишүүд болон иргэдийн зүгээс хатуухан шүүмжлэл амссан. Арга ч үгүй биз. Хямралд орсон эдийн засгийг тэнхрүүлэх үүрэгтэй УИХ-ын гишүүн нь эдийн засгаа ямар нөхцөл байдалд байгааг нь мэдэхгүй хоёр, гурван жил явсан байх гэж. Бухимдахгүй байхын аргагүй. Түүний үүсгэн байгуулсан “Монос”-ийн эмийн сангаас үйлчилгээ авсан 10 гаруй нярай хүндээр өвдсөн хэрэг өнгөрсөн намар гарсан. Энэ асуудал одоо ч шийдэгдээгүй байгаа. Л.Эрдэнэчимэгт давхар, давхар ажил хаших зав байгаа юм бол тэр эх заваа түүнд зарцуулаасай. Дараагийн давхар дээлэнд “нугасгүй” эрхэм бол УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ. Бусдыгаа бодвол арай л танагтай нь тэр. Гэхдээ мөнгөтэй хүн албан тушаалд хэрхэн хайртай болдгыг мэдэрч яваа нэгэн. Хамгийн гол нь эдгээр эрхмүүд бүгд мөнгөтэй хүмүүс. Ардчилсан намд мөнгөтэй, өнгөтэй л бол хэн дуртай нь хүссэн албан тушаалаа хашиж болохоор болжээ. Харин эсрэгээрээ мөнгөгүй, татлаа түлхээ муутай залуу боловсон хүчингүүд албан тушаалын талаар мөрөөдөөд ч нэмэргүй.
                   Эдгээр биедээ ч баймгүй авъяастай хүмүүсийг яах вэ. Нэг биед томдсон олон ажлыг амжуулж яваа сүйхээтэй “70 давхар дээл”-тэнгүүд хэзээ залуучууддаа зайгаа тавьж өгөх юм вэ. Эцэст нь хэлэхэд Монголын нийгэмд ардчилал гэж дуугарч гарч ирсэн нам бол тэд. Цаг ямагт залуусаа дэмжиж ажиллана гэдэг улс төрийн хүчин бол бас л Ардчилсан намынхан. Гэтэл тэд нөгөө л муу, муухайгаар дуудуулж байдаг сөрөг хүчнээсээ ч дор байдалтай боллоо.