Ардчилсан намын дотоодын дайн сэм дэгдэж, удахгүй ҮЗХ-г хуралдуулах гэж байна. Намыг, төрийг хойморлож байсан “алтангадасчууд” энэ үймээнийг дэгдээгээд нэгэнт эхэлжээ.

Зөвхөн “алтангадас” ч бус залуучуудын фракц тун ч сүрхий хөдөлгөөнд орсон аж. “Нэг ардчилал”-ынхан “алтангадас” ах нартайгаа нийлээд З.Энхболдыг авч хаях төлөвлөгөө хэдийнээ бэлэн болсныг ойрын эх сурвалж хэлэв. Гэнэтхэн намын даргаар тодорсон З.Энхболдыг ҮЗХ-аар батламжилж жинхлэх тухай яриа бий. Харин энэ хурлаар түүнийг батламжлах бүү хэл унагаж, залуучуудын фракциас Лу.Гантөмөрийг Ардчилсан намын даргад зүтгүүлэх юм байна.

 

      Ардчилсан нам доторхи хүчирхэг фракц болох “алтангадас” залуучуудын багтай нийлэхээр чамгүй олонхи болж таарна. Гэтэл нөгөө талаас МҮДН фракц ч энэ тал дээр ташуур өгөх бололтой. Тэгэхээр хүчний холбоо, “Шонхор” фракц жижигдэж таарна. “Алтангадас”-ын Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар фракцынхаа толгойлогчийн араас цохисон хэрэгтэй байгаа. Тодруулбал, энэ үймээнээр Ч.Сайханбилэгийн эсрэг босох нөхөд цөөнгүй байна. Учир нь тэрээр засаг тэргүүлэх болсноор фракц хоорондын зөрчил үүсгэж, З.Энхболдтойгоо илт сүжрэх болсон нь багийнханд нь таалагдахгүй байгаа аж.

 

      Юутай ч энэ ажиллагаа хаврын тэргүүн сард болж өнгөрөх тухай эх сурвалж хэллээ. З.Энхболдын хувьд бол яах ч аргагүй мухардалд орсон гэдгийг баттай эх сурвалж хэллээ.

 

А.Гал