УИХ-ын гишүүд  ажилдаа цагтаа  ирэх нь ховор. Засгийн газар, хэн нэгэн сайдыг огцруулах болохоор бөөнөөрөө ирж сууна. Бусад үед дуртай, дургүй  уван цуван ирэх.

 УИХ-ын чуулганы хуралдааныг таслах, хоцорч ирэх, дундуур нь гарч явах энгийн үзэгдэл болсон.  Чуулганы танхимд зарим үед УИХ-ын дарга З.Энхболд бараг ганцаараа  яриад суух  дөхдөг. Танхимд орж ирсэн  цөөн гишүүн нь санал хураалт болоход ойр тойрныхоо  гишүүдийн товчлуурыг дарж, буян үйлдэнэ. Зарим сайт, мэдээллийн хэрэгслүүд УИХ-ын гишүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд  хоцорч ирдэг цаг, минутыг нарийвчлан гаргасан байна. Эдгээр  жагсаалтыг Ерөнхий сайд асан Сү.Батболд тэргүүлж байна  билээ. Тэрээр, чуулганы хуралдаанд  1365 минут хоцорсон үзүүлэлтээр дээд амжилт тогтоожээ.  Түүний араас О.Содбилэг-1208

С.Эрдэнэ-1119, Я.Содбаатар-1013, Ш.Түвдэндорж-960, Ж.Энхбаяр-913, Д.Сумъяабазар-836, Н.Алтанхуяг-800 минут хоцорсноор эхний аравт жагсчээ. Харин чуулганы хуралдааныг тасалдаггүй, цагтаа ирдэг 10 гишүүнийг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар нэг ч минутын хоцролтгүй “тасархай” тэргүүлсэн байна. Аман хүзүүнд Аж үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат 10 минутын хоцрогдолтой бичигджээ.  УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан-15, Б.Гарамгайбаатар-20, С.Одонтуяа-30, Н.Энхболд-40, А.Тлейхан-45, Б.Наранхүү-60, Ч.Улаан-65 минутын хоцрогдолтой бичигдсэн байна.

Хамгийн их  хоцорч ирдэг  10 гишүүний долоо нь намынхаа жагсаалтаар орсон, сонгогчгүй гишүүд байх жишээтэй. УИХ-ын гишүүдийн ирцийн талаар товч өгүүлэхэд ийм. Ямар хариуцлага тооцвол цагтаа хуралдаа, ажилдаа ирдэг болохыг УИХ-ын дарга  тунгааж байгаа  бизээ. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл нэг өдөр гишүүд ажилдаа ирэхээ больж мэдэх нь ээ.