Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр 15:50 цагт эх орондоо  ирлээ. Тэрбээр аав ээжтэйгээ золгохын болон сэтгэлийн биеийн эмчилгээ эх орондоо хийлгэхээр ирсэн байна.  Түүнийг эх орондоо ирээд байх үед  цөөн зүйл тодруулснаа хүргэж байна.  

- Сайн явж ирэв үү?

- Сайн явж ирлээ.  

- Эх орондоо ирлээ. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Их сайхан байнаа. Та бүхэн анзаарсан байх.  Цагаан сарыг тэмдэглэдэг газар болгон ямар байдалтай байгаа вэ гэсэн зураг сүүлийн үед их гарч байх шиг байна. Өнөөдөр өглөө босоод тэр зургуудыг харлаа. Бас телевизээр үзлээ. Маү олон хүн аав ээжийгаа, өвөг дээдсийгээ зориод өөрийнхөө төрсөн орон гэртээ очих гээд маш их хөдөлгөөнд орчихсон төмөр замын вокзал,         автобусны буудал дээр, нисэх онгоцны буудал дээр бол олон сая хүн явж байна. Монголчууд бас цагаан сарыг тэмдэглэдэг. Өвөг дээдсийн маань сайхан баяр учраас хүн болгон нутгаа зорьдог, өндөр настай аав ээждээ золгоно гэж ирдэг. Би бас тэр маягаар хүүгийнхээ үүргийг биелүүлэх гэж өнлөр настай аав ээжтэйгээ золгох гэж ирж байна. Энэ сайхан баяр бол өөрөө утга төгөлдөр баяр байдаг. Өнгөрсөн оноо дүгнэдэг, шинэ гарах гэж байгаа оноо шинждэг ийм сайхан баяр.

Тэгэхээр нэг зүйлийг би өмнө нь ч хэлж байсан санагдаж байна. Гэхдээ одоо би зориуд анхааруулж хэлье гэж бодож байна.  Энэ өдрүүдэд бид нэг нэгэндээ сайхан үгнүүдийг хэлдэг. Аль болохоор Монгол хэлэнд байдаг сайхан үгийг бие биендээ хэлж ерөөдөг. Заримдаа цагаан сараар тэгж хэлж байсан үгээ  бусад өдрүүдэд мартчихсан юм шиг, хажуу тийшээ тавьчихсан юм шиг, хойшлуулчихсан юм шиг сэтгэгдэл төрдөг. Тэгэхээр цагаан сард хэлсэн сайхан үгэндээ хүрч л цөмөөрөө бусад өдрүүдэд амьдаръяаа Монголчуудаа. Тэгэх юм бол Монгол улс өөдөлж хөгжиж  дэвшнэ. Хүн бүх нэг нэгэндээ сайхан ханднаа. Ах захтай болно, ахмадаа хүндэтгэдэг болно, залуучуудаа хайрладаг хамгаалда, эмэгтэйчүүдээ дэмждэг болно. Ийм сайхан ерөөлийн үгэндээ цөмөөрө хүрч амьдаръя.

- Таны биеийн байдал?

- Биеийн байдал яахав.  Үүнийг хоёр хувааж ойлгох ёстой юм билээ. Биеийн байдал гэхээр дандаа мэс заслын хутга бариад ингээд хүнийг эмчлэх тухай асуудал яриа байх шиг байгаа юм. Ер нь сүүлийн үед биеийн байдал сэтгэлийн байдлаас шууд шалтгаалдаг гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас биеээ Солонгост, сэтгэлээ Монголд эмчлүүлэх гэж байна.  

- Эх орондоо хэр удах вэ?

- Мэдээж хэрэг биеэ, сэтгэлээ эмчлүүлэх хэрэгтэй болохоор Монголдоо ирэн очин тамир тэнхээгээ нөхөх, бүр мөсөн эрүүл саруул болох ажил үргэлжлэх  байх. Эмч нар маань хурдан ирж дараа дараагийнхаа эмчилгээнд ороорой гэсэн шаардлага тавьж байгаа. Солонгосчууд ч гэсэн цагаан сар хийдэг болохоор бүгдээрээ ойлгож байгаа. “Тэгэлгүй яахав, аав ээтэйгээ золголгүй яахав, нутгаа бараадалгүй яахав” гэж хэлж байгаа.  

- Өмнө нь ирэхдээ засгийн газрыг “унагачихаад” явлаа гэж байсан?

-  Би юу гэж унагаах вэ дээ.  Би кноп дараад унагадаг байсан бол унагаана ш дээ. Би кноп дардаггүй, хүрч ирээд сайхан ажлаараа хамтран ажиллая, цаашдаа ингэж ажиллабал сайхан байна гэж хэлсэн. Хүн болгонтой сайхан хандах гэж оролдсон. Би нэг ч гэсэн кноп дардаг бол унагаалгүй яахав дээ. Нэг ч кноп дараагүй юм чинь юу гэж унагаахав. Ер нь засаг унагаах чинь нэг хүнээс шалтгаалдаг ажил биш ш дээ. Олон л хүчин зүйл нөлөөлдөг байх. Зарим нь бол дэлхийн эдийн засаг нөлөөлсөн гэж ярьдаг юм билээ. Зарим нь Монголын эдийн засаг нөлөөлсөн гэж ярьдаг. Нэг намын зөрчил, хэдэн намууд нийлж байгаад унагасан, дараа гарч ирэх гэж байгаа улсууд гээд шалтгаан олон. Яахав тэгээд бүүр шалтгаан олдохгүй болохоор Н.Энхбаяр гэдэг юм байгаа ш дээ. Угаасаа тогтчихсон. Тэрүүгээр л тийм яриа гарсан байх л даа. Яахав яахав. Би тэрэнд гомдохоо байгаад дассан гэх юм уу. Гэхдээ дасчихаж болохгүй байх л даа.  Юм болгоныг Н.Энхбаяр руу чихдэг юм. Энэ гэхдээ хуучин хоцрогдчихсон юм бишээ. Улс төрийн арчаагүй мэх юм. Тэгэхээр өөрсдөө хариуцлага хүлээгээд, өөрсдөө ажиллаж байгаа бол ажилласан шиг ажиллаад, ард түмнээ баярлуулаад ард түмэнтэйгээ хамтраад, нийгмээ сайхан эв эетэй болгоод явахад бүрэн бололцоо байна. Би тэрэнд нь туслахаас биш ямар ч саад болохгүй. Би тусалъя л гэж бодож байна.

- “Шийдлийн” засгийн газрын тухай та ямар бодолтой байна?

- Би яаж мэдэхэв. Яг энд, дунд нь байж мэдээлэл авч байж дүгнэхээс биш алсаас энэ нь зөв тэр нь зөв гэж дүгнээд байх нь учир дутагдалтай. Нэг дүгнэчих юм бол аягүй тэгчихлээ гээд шинжтэй. Тийм учраас сайн ажилаасай гэж ерөөж байна. Сайн ажиллах үүрэгтэй. Тэрийгээ мэдэж байгаа, бодож байгаа байх гэж бодож байна.  

- Оюутолгой, Тавантолгойг ашиглах нь зөв үү? Иргэдийн дунд хоёр сонголт бүхий асуулт асууж байсан.  Та хэрвээ санал өгсөн бол аль сонголтыг нь хийх байсан бэ?

- Би яг тэгж сайн гүнзгий сонсоогүй.  Ерөнхийдөө бол Оюутолгой, Тавантолгойн асуудал бол олон жил яригдаж байгаа асуудал.  Одоо хүртэл хүмүүсийн сэтгэл санаанд энэ асуудал байгаад байна гэдэг чинь зөв шийдэл хайж байна гэсэн үг. Зөв шийдэл хайхад надаас санал асууж байгаа бол би хэлэхэд бэлэн байгаа. Миний бодлоор зөв шийдэл байгаа байх. Олон улсын практикийг харсан ч зөв шийдэл олж болно, ядарч туйлдаж байгаа ард түмнээ харсан ч зөв шийдэл олж харж болно, зөв шийдэл олж харах бололцоо бий. Гэхдээ мэдээж хэрэг эдийн засаг, улс төрийн, геополтикийн асуудал, ард түмнээ өмч хөрөнгөтэй болгох, орлоготой, ажлын байр бий болгох асуудал, Монгол улсын хөгжүүлэх асуудал олон асуудал цогц болж яригдаж байгаа болохоор нэг асуудлыг нь сугалж яриад тэрийгээ  холионд нь шийдчихнэ гэхээр хэцүү байх. Ер нь хөгжиж байгаа Азийн орнуудыг харахад олон хүчин зүйл байдаг юм шиг байна. Тэрний дотор Монголчууд бидэнд хэрэгтэй нэг сайхан зарчим бол ямар нэгэн том асуудлыг сонирхож байгаа бол субект болгоны сонирхолыг тооцож, тэрэн дотор ард түмний сонирхолыг хамгийн түрүүнд тооцож ажиллабал энэ их амжилттай болдог юм шиг байна. Сүүлд нь шийдвэр гарсны дараа ч хийх бүрэн бололцоотой байдаг юм байна.  Тэгэхгүй бол сонирхож байгаа субектүүдийн нэг хоёрынх нь сонирхолыг хангачихаад бусдыг нь хаячихаар, эсвэл ард түмнийхээ саналыг сонссон ч юм шиг сонсоогүй ч юм шиг дутуу үлдээгээд шийдээд явчихаар нөгөө нэг гомдсон, шүүмжилсэн, дургүйцсэн байдлууд эргээд үлдээд байдаг. Ийм болохоор Япончууд, Хятадууд, Солонгосууд, Европууд асуудлыг удаан шийддэг гэж ярьдаг. Тэд удаан шийдээд байгаа биш тэр сонирхож байгаа субект болгоны саналыг тусгах гээд байна ш дээ. Сүүлд нь ямар нэг  болон хэсэг  хүн гомдчихсон байх вий, тэр нь эргээд төслөө нураах, зогсоох, хэл амтай байдал бий болгочих гээд байгаа учраас тэрийгээ цаашаа тогвортой явуулахын төлөө асуудлыг тийм л байдлаар шийдэж сурсан юм байна.         Бид ч гэсэн чадахгүй гэх газаргүй.  Сурах хэрэгтэй. Чадна байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.  





































 

 

 

Э.Бадмаа

 

 

 

А.Баярмаа