Тавдугаар ангид ордог намар. Зүүнтуруун багаас Баруунтуруун сумын арван жилийн дунд сургуулийн 5Б ангид улаан канттай хар өнгийн хүрэмтэй яг ихэр юм шиг хоёр хүү ирсний нэг нь Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат. Багийн бага сургуулиас сумын дунд сургуульд шилжиж ирнэ гэдэг нь ерөнхийдөө хөдөөнөөс хот хүрээ газар, цэлийсэн том танхимд ороод суучихсан мэт санагдана л даа.

Өөдөөс нь шоглонгүй харах дөч шахам хүүхдийн харц гэдэг төөнөөд л явчих хэрэг. Аа бас, сумын төвийн хүүхдүүд хөдөөнөөс ирсэн хоёрыгоо шоглонгуй харж байсан нь гарцаагүй. “Энэ хоёр чинь ихэр юм уу. Хоёулаа ямар том биетэй юм” гэх байдлаар анхны дүгнэлтээ хийж байснаа ангийнхан нь дурсаж байна лээ. Бас “Аварга ангийн атаман байсан юм болов уу даа. Хөвгүүд ямар ч байсан жийрхдэг байж. Яг атаман гэчихээр бас болохгүй.Ааш зангаараа бол атаман биш найрсаг нөхөр. Тэгэхээр том биетэйг нь хараад сүрддэг байсан юм болов уу” гэцгээнэ.

“Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монгол Улсын аварга С.Мөнхбатын дунд сургуулийн ангийнхныг урьж, сурагч ахуйн нандин дурсамжуудыг нь уншигч олондоо хүргэж байна.

 

БАГШИЙН ӨМНӨ ГАНЗОРИГ УХААН АЛДАЖ САНДАРГАВ

Увс аймгийн Баруунтуруун сумын ахмад багш Ш.Тогтох­баяр 1993 оны есдүгээр сарын 1-нд 1Б ангийнхныг хүлээн авч А үсэг зааж байсан нь “Нэг ангийнхан” булангийн маань зочид. Зах зээлд дөнгөж орж байсан үе. Хотоос эрээн, мяраан өнгөтэй хятад хүрэм ирсэнийг авч өмссөн хүүхэд хамгийн гоё харагддаг байлаа. Хүүхдэдээ хүрэм авч өгөөд оронд нь нэг хонь эсвэл ямаа өгчихдөг байсан үе шүү дээ. Гэхдээ шинэ хувцас өмсөхөөсөө илүү ах, эгчийнхээ хуучин, орос эдээр гангарчихна.

Тэдний ангийнхан хашир багштайн хэрэг гарч нэгдүгээр ангиасаа л сургуульдаа сурлагаараа тэргүүлж эхэлжээ. Ш.Тогтохбаяр багш ширүүн, хариуцлага өндөртэй ч гэж жигтэйхэн. Ширээн дээрээ суучихаад нүдний шилээ тээр дор хамрынхаа үзүүр хавьд тохчихно. Түүн дээгүүрээ нүдээ том болгож, ирээд цавчихгүй хүүхэд нэг бүрийг харах нь сүрдмээр. Ангийнхан нь ч багшаасаа айна гэж жигтэйхэн. Инээдтэй түүх өгүүлэхэд, багш ангийнхныгаа самбарын өмнө дуудаж даалгавар шалгахаар болжээ. Өөрөөр бол ширээн дээрээ, өнөөх шилнийхээ дээгүүр том хараад хөдлөх ч үгүй сууж байгаа хэрэг. Даалгавраа хийгээгүй нэгийг нь том дуугаар зандраад суулгачихна. Тэгж явсаар Ганзориг хүүгийн ээлж ирэв. Уг нь тэр даалгавраа хийчихсэн. Тэгсэн атлаа самбарын өмнө багш руугаа хэсэг харж зогссоноо ухаан алдаад уначих нь тэр.

Сүрхий ихэмсэг сууж байсан багш огло харайж, ангийнхан нь шуугилдаад бөөн л юм болж. Дараа нь тэр явдал сургуулиар нэг онигоо болсон гэдэг. Харин одоо ангийнхны дунд уулзахаараа л ярьж хөгжилддөг сэдвийн нэг болжээ.“Одоо бол эцэг, эх нь гомдол гаргаад сүйд болж байгаа биз. Тэр үед бид багшаасаа тэгж айдаг, хүндэлдэг байж. Ямар сайндаа загнаа ч үгүй байхад сандраад уначих вэ дээ. Ямар ч л байсан аав ээж нь инээд шуугиан болгоод өнгөрч байсан санагдана” гэцгээлээ.

 

АМАН ХИЧЭЭЛД САЙН, ТООНД ЯВДАГГҮЙ ДЭЭ

Аваргыг ангийнхан нь “Зүүн турууны Уянга Соёо уулын энгэрт төрж, өссөн хүү дээ. Аав нь сумын заан. Удам дамжсан бөх. Гурван эрэгтэй дүү, нэг эгчтэй. Зав л гарвал аав нь хүүхдүүтэйгээ барилдаж мэх заана. Хүүхдүүд нь зав гарна гэдэг хэцүү. Тэднийх тариа тарьж, будаа тээрэмдэнэ. Тариалангийн талбайд ажлаар даруулж өссөн ньбөх болоход дэм болсон” гэж ярилаа. Тариа буудайны ажил ихтэй болохоор С.Мөнхбат багийнхаа бага сургуульд сурдаг байв. Бага сургуулиа төгсөөд сумын дунд сургуульд тавдугаар ангид анх орж байсан үеийг дээр өгүүлсэн. Том биетэй, сүрхий барилддаг болохоор хөвгүүд нь жаахан сүрдэнэ. С.Мөнхбат өөрөө олон дүүтэй болохоор их нийтэч. Тэр зан чанар нь атаман гэдэг сүрхий нэрнээс холдуулсан бололтой юм.

Тэдний дунд ангийн багш нь монгол хэл, уран зохиолын багш Н.Жавзанхорлоо. Ангиараа монгол хэл, уран зохиол, нийгэм гээд аман хичээлд сайн. Харин ихэнх нь тооныхоо хичээлд явахгүй янзтай. Аварга ч аман хичээл дээрээ сайн атлаа, тооны хичээл орохоор хойд эгнээ рүү гүйчих гээд байдаг талтай сурагч байжээ.

Туруун голын хөвөөнд ноцолдож өссөн олон хүүхэд спортод амжилттай яваа. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, улсын арслан Б.Ганбат, сумоч Б.Ганболд гэх зэрэг олон алдартан Туруун голын хөвөөнд өссөн. Тэдний ангийнхан ч байнга ноцолдож, барилдана. Ангийнхан дун­даа­саа С.Мөнхбат, Я.Болд хоёр илүү спортлог байлаа. Сагсанбөмбөг, Хөлбөмбөгийн тэмцээнд ангийнхныгаа төлөөлж оролцоно. Тэдний ангиас С.Мөнхбат, Я.Болд хоёр биеийн тамирын багш, аймгийн начин Н.Эрдэнэтогтохын бөхийн дугуйланд явдаг байв.

Ж.Хайдав арслангийн нэрэмжит хүүхдийн бөхийн барилдаан жил бүр болдог. Бөхийн барилдаанд С.Мөнх­бат, Я.Болд хоёр ангиа төлөөлдөг байжээ. Харин ангийнхан нь дундаасаа мөнгө нийлүүлж, ундаа чихэр жимсхэн аваад хоёр бөхөө дэмжихээр биеийн тамирын зааландаа очдог. Ёс юм шиг охид нь нэг талд, хөвгүүд нь нөгөө жигүүрт эгнээд суучихаад ангийн хоёроо барилдахаар мэх заагаад, орилж хашгираад сүйд болдог байж. Нөгөө хоёр учраа бөхөө даваад ангийнхан дээрээ очиж ундаа ууж, чихэр, жигнэмэгээр дайлуулна. Ангийнхных нь яриаг сонсоод байхад Бөхийн өргөөний үзэгчид аваргыг дэмжиж уухайлдаг шиг л дүр зураг тэнд харагдаад байгаа юм.Аймгийн төв рүү тэмцээнд явахаар багш нь ангийхныгаа төлөөлж гаргаж өгнө. Тэмцээн бүртээ түрүүлээд байхгүй ч ганзага хоосон ирсэн нь цөөн гэнэ лээ.

 

ХӨВГҮҮД ЗАХИА ЗӨӨГӨӨД СҮЙД БАЙХАД ӨНӨӨХ Л ЧИМЭЭГҮЙ

1990-ээд оны сүүлээр ч “Үүлтэй тэнгэрээс доогуур, Үзүүртэй модноос дээгүүр...” гэж шүлэглэдэг хайрын захиа моодноос гараагүй байв. Хөвгүүд нэгнийхээ гэрт сууж байгаад арван хэдэн захиаг нэгэн зэрэг бичээд халааслаад гардаг байжээ. Сургуулийн шатан дээр, хашаанд дотор хамгийн түрүүнд таарсан охин­доо өнөөх захидлаа атгуулах зорилготой. Охид эргээд халгаана гэж байхгүй. 8Б-ын хөвгүүд захидал зөөгөөд, тэрнээс ийм хариу ирлээ гээд шуугиж байхад өнөөх л аварга чимээгүй байдгийг ангийнхан нь ярьсан. Угаасаа ч бүрэг, даруухан гэж жигтэйхэн байж. Хичээлээ тараад зав л гарвал дугуйлан руугаа гүйчихнэ. Аймаг, сумын тэмцээн уралдаан гээд зав бараг гарахгүй. Хажуугаар нь тариа буудайны ажлаа хийнэ. Баруунтурууны хүүхдүүдийн хичээлээ хийдэг, болздог газар нь ШТС-ын дэргэдэх Сурагчийн овоо. Сумын төв дэх шовгор хад юм билээ. Өглөө эрт тэндээ цуглаж шалгалтандаа бэлддэг, орой нь сэмээрхэн болзчихдог байсан талаар тэд дурссан.

Уяхан замбуу тивийн элгэнд

Ундаалж өссөн нутгийн минь алганд

Уран байгалийн бүтээсэн

Унаган багын дурсамж өвөрлөсөн

Ургаа жаахан хад байдаггээд шүлэглэчихэж.

10Б-ээс хос төрөөгүй. Харин зэргэлдээх 10Б ангиасаа хэд, хэдэн охидыг бэрээ болгочихсон гэж байгаа. Аварга С.Мөнхбат гэхэд оюутан байхаасаа 10Б-г төгссөн охинтой дотносон гэргийгээ болгожээ. Тэднээс 2001 оны төгсөлтөөс гадна Э.Ууганбаяр, Б.Батцэцэг хоёр гэр бүл болсон. Мөн Д.Батболд, Б.Отгонтуяах хоёр хуримаа хийж ангийнхныгаа урьжээ.

 

АВАРГЫН НУУЦ АВЬЯАС

Тэдний ангийнхан байс­хийгээд л цуглаж зааланд тоглоно. Нутагтаа амьдарч байгаа хэн нэгэн нь ирвэл заавал цугладаг гэв. Бөө­нөөрөө хэн нэгнийдээ зочилно. Тэр бүхэнд аварга идэвхтэй зохион байгуулагч. Тоглох зээл зэргийг хамгийн түрүүнд зохицуулчихна. Ангийнхан нь ч аваргынхаа барилдаан бүрийг очиж үзэж, дээлийнх нь захыг мушгидаг гэнэ. Гэргий нь нэг төгсөлт, зэргэлдээх ангийн бүсгүй болохоор ангиараа гэр бүлийн найзууд. Улсын начин, харцага, аварга гээд цол ахих бүрт ангийнхан нь очиж хүндэтгэл үзүүлдэг. Аварга ч ангийнхныхаа уулзалт, арга хэмжээнээс хоцрох дургүй. Түүнийг инженер болох гэж байсныг ангийнхан нь ярьсан. “Бөх хүн бөх л байдаг юм билээ. Аварга хоёр ч сургууль орж байсан” гэлээ. Дунд сургуулиа төгсөөд хилийн цэргийн дээд сургуульд урилгаар орж, цэргийн хүн болохоор хэсэг сураад уралдаант шалгалтад орж ШУТИС-ийн цахилгаан цахилгаан системийн инжене­рийн ангидаа орж, инженер гэж жил суралцжээ. Дараа жил нь бөх болохоор шулуудаж “Шонхор” дээд сургуульд орсон гэдгийг ангийнхан нь ярьсан.

Олон мэргэжил сольж явсан аварга бас дуулах нууц авьяастай.

2010 онд Харцага цолны хүндэтгэлийн найран дээр ангийнхандаа тусгайлан зориулж “Туурайн чимээтэй туруун” дуугаа дуулсныг ангийнхан нь бахархангуй ярьсан. Бас тэдний ангийн­хан

Туулайн бүжин насанд хаалгаа нээж дуудсан

Турууны сургууль бидний хайрын сэтгэлд уяатай гэж дуулах дуртай.

Аваргын ангийн хөвгүүд манай сониноор дамжуулж ангийн охиддоо “Мартын 8”-ны мэндийг хүргэж байгааг уламжилъя.

Ц.ӨРНӨХ