“Хаан” Н.Энхбаяр, “Заан” Н.Алтанхуяг нарын төгсөөгүй түүх
Монголын улс төрд “хаанчлал”-аа тогтоосон гэх Н.Энхбаяр, түүнчлэн АН-ын дарга асан Н.Алтанхуяг нарын улс төрийн замнал тун ойролцоо өрнөж байна гэхэд болохоор байна. Учир нь дээрх хоёр эрхэм хоёулаа өөр өөрсдийн нам дотроо лидер нь ч байсан, бас намынхаа нөхдөд “ад үзэгдсэн” нь төстэй. Түүгээр ч үл барам нөхөд хэмээх ойрын хүмүүсээсээ болж өдгөө хоёул асуудалд холбогдсон гээд адил төстэй зүйл олон байна. 

Н.Энхбаяр 

“Авлигын загалмайлсан эцэг” гэх тодотгол хүртэл зүүгээд байгаа Н.Энхбаяр нэг хэсэгтээ Монголын улс төрд жинхэнэ утгаараа “хаанчлал”-аа тогтоосон гэж хэлж болно. 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр 1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Харин 1985 онд МАХН-д /хуучнаар/ гишүүнээр элсэж, 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласнаар улс төр дэх түүний үе эхэлсэн гэж хэлж болно. 1992, 1997, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр дөрвөнтөө сонгогдож, 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажилласан. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 

Улмаар 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-ыг нь МАХН-д авч чадсан байдаг. Тухайн үедээ ялсан намын тэргүүний хувьд Ерөнхий сайдаар томилогдож ажилласан. Хэдийгээр  2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас наймдугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан. Түүгээр ч зогсохгүй 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүнийг ийнхүү шатаар өгсөх бүрт түүнд долигонож, “бөгс долоогчид” ч нэмэгдэж, тойрон хүрээлэгчидтэй болсон. 
        
Гэсэн хэдий ч мөнөөх л тойрон хүрээлэгчдээсээ болж уруудаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, “Гаалийн” гэх тодотголтой Х.Баатар авлигын хэргээр ял сонссон бол Сангийн сайд Ч.Улаан асуудалд орооцолдсон гээд жагсаалт үргэлжилнэ. Ийнхүү “аалзны тор” хэлхэж, нэгэн үе хаанчилж явсан Н.Энхбаярыг 2012 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газар түүнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг. Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон бөгөөд ялын хугацааныхаа тодорхой хэсгийг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж өнгөрүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны наймдугаар сарын 1-нд зарлиг гарган, хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Н.Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлсөн. 

2012 оны дөрөвдүгээр сараас хойш Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь Монгол улсын Засгийн Газар түүний хахуулийн хэрэгтэй холбогдуулж сэжигтнээр татсан боловч тэдгээр иргэд гадаадад зугтан гарч одоог хүртэл Интерполоор олон улсад эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл Н.Энхбаяр хуучин МАХН нэрээ сэргээсэн бөгөөд намынхаа дарга нь болсон ч өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Намын нөхөд нь үе үе Өмнөд Солонгос руу нисч даргаа эргэдэг бол Н.Энхбаяр эх орондоо сүр дуулиантайхан зочлоод буцдаг. Зарим хүн түүний нөлөө өдгөө ч Монголын улс төрд бий гэлцдэг. Мэдээж түүнийг эх орондоо ирэх бүр “Н.Энхбаяр одоо ямар улс төр хийх бол” гэсэн хүлээлт үүсдэг нь нууц биш. Тэгэхээр түүний түүх төгсөх болоогүй гэдэг нь тодорхой юм. 

Н.Алтанхуяг 

Ардчилсан намын “Алтангадас” фракц дотроо “заан” гэгдэх Н.Алтанхуягийн улс төрийн замнал ч бас муугүй шүү. Н.Алтанхуяг нь Монгол Улсын улс төрч, тус улсын 27 дахь Ерөнхий сайд гэх тодотголтой.  МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Монгол Улсын тэргүүн Шадар сайдаар ажилласан. Улмаар  2008 онд Ардчилсан Намын тав дахь даргаар томилогдсон тэрбээр 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд намаа үнэмлэхүй биш ч ялалтад хүргэж чадсан байдаг. 

Ийнхүү Ардчилсан нам амжилттай УИХ-д хамгийн олон суудал авснаар тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож, “шинэчлэлийн” гэх тодотголтой Засгийн газрыг байгуулан ажилласан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэнтээ АН-ын фракцуудын тухай “ Энэ фракцууд нам дотроо бол намынхаа зовлон. Нам нь төрд гарахаар төрийн зовлон болдог” хэмээн ёстой л голыг нь олоод хэлчихсэн байдаг. Учир нь АН олон фракцтай. Түүний хэрээр нам дотроо албан тушаал, сандал суудал хуваарилахад фракцын төлөөлөл заавал бялуу хүртэх гэж зүтгэнэ. Тиймдээ ч Н.Алтанхуягийг унагах оролдлогыг АН-ынхан дотроосоо хийж эхэлсэн. 
Тодруулбал,  Тодруулбал, 2012 оны сонгуулиас хойш Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Алтангадас” фракцийг түлхэн унагах зохион байгуулалттай ажил өрнөж тэд ч санасандаа хүрч чадсан. Н.Алтанхуягийг сайдаас унагах ажлыг АН-ын гишүүд өөрсдөө гардан хийж Шонхор, МоАХ хоёр намдаа ноёрхлоо тогтоосон гэдэг. АН дахь фракцын зөрчилдөөн өмнөх засгийн үед ч яригдаж байсан бөгөөд хамтарсан Засгийн газарт орж ажилласан Н.Алтанхуягийг намын нөхөд нь буруушааж байсан. Түүгээр ч зогсохгүй Н.Алтанхуягаар ҮЗХ-ны хурлаа даргалуулахгүй хэмээн гэдийж байв. Энэ л үед Тэргүүн шадар сайд АН-ын дарга Н.Алтанхуяг таван сайдаа аваад хамтарсан Засгийн газраас гарч одсон. Учир нь тэрбээр намынх нь хагарал өөрийг нь унагахаас өмнө ийнхүү “зугтсан”. Тэгвэл энэ үйл явдал хоёр жилийн дараа дахин давтагдаж, АН-ынхан “шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн танхимыг дотроосоо унагасан юм. 

Үндсэндээ Н.Алтанхуяг танхимаа унагахад өөрийнх нь буруу байсныг ч дурдах хэрэгтэй. Учир нь тэрбээр Ерөнхий сайд болонгуутаа бялуу хувааж, буруу хүмүүсийг буруу албан тушаалд томилсон нь өдгөө өөрт нь гай болж байна. Учир нь түүний хүргэн гэх Г.Дэнзэн хэл ам таталж, ажлаа хүртэл өгсөн ч Г.Дэнзэнгийн эхнэр Уянга буюу Н.Алтанхуягийн эхнэрийн дүүгийн компанид тендер олгосон хэргээр өдгөө түүний тойрон хүрээлэгчдийн нэг Я.Батсуурь цагдан хоригдоод байна. Үүгээрээ Н.Алтанхуяг хүргэндээ чирэгдэж Н.Энхбаярын тавиланг давтахад ойрхон байгаа юм. Ямартай ч  "Алтангадас"-таа  “заан"  Н.Алтанхуягийн улс төрийн замнал одоохондоо төгсөөгүй түүх хэвээр байна. Хэр үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз ээ. 


П.ЭРДЭНЭ