Түүх үнэнийг өгүүлдэг. Тиймээс хаяа ч гэсэн өнгөрсөнлүүгээ эргэн харж хуучны сайхан дурсамжуудаа сэргээн дурсах сайхан шүү дээ. 1980-1990 онд хүүхэд, залуучууд юу идэж, ууж, ямар амттанд дуртай байсныг сонирхоцгооё.

1980 он гарахад манай БНМАУ социалист дэглэмтэй оршин тогтнож байсан бөгөөд тэр үеийн ЗХУ болох Орос ах нараас манай гадаад худалдаа бараг зуун хувь хамаарч байсан гэхэд хэлсдэхгүй. Хүнсний бүтээгдэхүүний салбарт дотооддоо цөөнгүй төрлийн чихэр, нарийн боов, ундаа, архи, пиво үйлдвэрлэдэг болсон байсан ба хүнсний зах зээлийн бүтээгдэхүүний ихэнхийг орос бараа, бүтээгдэхүүн эзлэдэг байлаа. Ингээд 1980-аад оны үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээс хүргэж байна.

Энэ үед манайх хойд хөрш, орос ах нараасаа суралцсан технологоор бурамтай чихэр, 24-ын чихэр, гөөхий, блочик, 4-10-ын боов буюу вираник, галавсай, архи, пиво, улаан ус – нимбэг, тоорын ундаа зэргийг үйлдэрлэн дотоодын зах зээлийн хэрэгцээг хангадаг байв.

Мэдээж 5 хошуу малынхаа буянаар сүү, тараг, цагаан идээг дотооддоо орос технологоор мэргэжлийн түвшинд ариутган, савлаж түгээдэг байсан.

Харин чихэр, нарийн боов, даршилж хатаасан загас гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд хойд хөршөөс боломжын үнээр орж ирэн өргөн худалдаалагддаг төдийгүй аав, ээж, ах, эгч нарийн маань дуртай амттан байжээ.

Тэр үеийн хүүхэд багачууд өнөөгийн биднийг бодоход цөөн төрлийн амттан, чихэр жимс, нарийн боовны сонголттой байсан ч элсэн чихрийг хайлуулж олон төрлийн хэвэнд цутгаж хатуу чихэр болгон идэх, жигнэмэг, ирис гэх мэт өдөр тутмын амттан нь химийн найрлагагүй амт, чанартай байдаг байжээ.

Тухайн үеийн хөдөө, орон нутгийн малчид болон нийт монголчуудын хувьд чанасан, шарсан, борцлож хатаасан 5 хошуу малын мах нь гол өргөн хэрэглээний хүнс байсаар ирсэн юм.

Харин 1980-аад оны үед монголчуудын үндсэн хоолны 80 хувь нь шөлтэй/борцтой хоол буюу лапша/гийдаа, өдөр тутмын цагаан идээ, боов боорцог хийдэг байсан бөгөөд баяр ёслол, айлчин гийчин ирсэн үед чанасан мах, гэдэс, толгой шийр, бүх төрлийн цагаан идээ, бууз, хуушуур, банштай цай хийдэг байсан байна.

Хүнсний ногоог төдийлөн өргөн дэлгэр хэрэглэж заншаагүй байсан ч байгалийн зэрлэг сонгино, сармис, гоньд, ногоон сонгино, зэрлэг төмс, таана, агь, ганга зэргийг хоол, унд амтлагч болгон өргөнөөр хэрэглэдэг байсан ажээ.

Шинэхэн тараг, өрөм, сүү, ааруул, ээзгийнээс гадна монгол айл бүр, шар тос, өөхөн тосоор боов боорцог хайрч өдөр тутмын хүнсний хэрэглээндээ иддэг байв.

Цагаан идээнээс гадна байгалийн жимс жимсгэнийг өргөн хэрэглэнэ.

Энэ үед нэгдэлчин, атрын аян, сангийн аж ахуйн үйл ажиллагаа өрнөдөг байсан тул гурил, будаа, буудай элбэг байдаг байсан төдийгүй төмс, лууван, манжин, байцаа гэх мэт өргөн хэрэглээний хүнсний ногоогоо дотооддоо тариалан хураадаг байсан ч орос школтай, дипломатч, хотын айлууд л ногоотой шөл, борш, котлет зэрэг орос үндэсний хоолыг хийж иддэг байснаас биш хөдөө орон нутгийн айлууд хүнсний ногоог өдөр тутмын хэрэглээндээ төдийлөн хэрэглэж заншаагүй байжээ.

Айл бүр бор цай, хийцтэй, сүүтэй цай, хярам гэсэн үндэсний цайгаа уудаг байв. Хотын хүүхэд, залуучуудыг бодвол хөдөөгийнхөнд улаан ус, галавсай, мөсөн чихэр, нарийн боов нь ховор олдоцтой амттан байжээ. Мөн 1980-аад оны Улаанбаатар зочид буудлын ресторан болон зарим цөөхөн хэдэн зоогийн газрууд л тефтель, сольяанки, котлет, борш, гуляш зэрэг цөөхөн нэр төрлийн орос хоолыг хийдэг байсан бөгөөд энэ нь үнэтэй гадаад хоолонд тооцогддог байжээ.

1980 оны сүүлч 1990 оны эхээр Ардчилсан хувьсгал гарсан нь манай улсын түүхэнд томоохон улс төрийн эргэлт болсон үйл явдал байлаа.

Ардчилсан хувьсгалын дараагаар Монгол улс ард иргэдийнхээ хоол хүнсний бүхий л хэрэгцээг асар богино хугацаанд дотоодоосоо нөхөх шаардлага гарч хэсэг хугацаанд хоол, хүнс ховордож, дэлгүүрийн лангуун дээр цөөхөн төрлийн савлаж лаазалсан хүнснээс өөр зүйлгүй болж, картын бараанд шилжсэн хүнд хэцүү үеүд байсан ч монголын ард түмэн өлсгөлөн, гуйланчлалд нэрвэгдээгүй юм.

Ардчиллын үр дүнд төд удалгүй зах зээл, эдийн засаг нээлттэй болж дотоод төдийгүй гадны улс орнуудаас бүхий л төрлийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд ар араасаа орж ирэн худалдаалагдах болсон юм.

Улаан ус буюу 1990-ээд оны үед 50-ын ундаа, нимбэгний ундаа, үндэсний үйлдвэрлэлийн хатуу чихэр, бурамтай чихэр, жигнэмэг, пичень, нарийн боов зэргийн үйлдвэрлэл сэргэж өмнөхөөсөө илүү амт чанар, өргөн нэр төрөлтэйгөөр гарах болов.

Бүх төрлийн ундаа, нарийн боов, жигнэмэг, чихэр, мөхөөлдсийг үйлдвэрлэж дэлгүүр, ТҮЦ, мухлагаас гадна үйлдвэрээсээ шууд зарж борлуулдаг байв.

Хоолны тухайд хүнсний ногоо өргөн хэрэглэсэн хоолны жорууд тухайлбал ногоотой шөл, будаатай, гурилтай хуурга, гуляш, тефтель зэрэг нь зоогийн газрууд, гуанзаар харьцангуй түгээмэл болж дэлгэрэв.

Зөвхөн хуушуур буузнаас гадна пирожки, мантуу, ногооны салат зэрэг хоол, хачирны жорууд өргөн дэлгэр болов.

1990-ээд оны дунд үеэс хойд, урд хөршөөс олон төрлийн импортын бараа орж ирж байв.

Наадаг, шивээстэй бохь нь хүүхэд залуучуудын өргөн хэрэглээний нэг байв.

Амтат диски пиченийг энэ үеийнхэн андахгүй биз.

Найруулдаг сироп тэр үеийн амттай ундааны нэг байв.

Үндэсний төдийгүй гаднаас орж ирэн худалдаалагддаг шилтэй ундааны таглаа тэр үеийн хүүхдүүдийн тоглоомны нэг байсан юм.

Энэ бол тэр үеийн залуусын сонголт байлаа.

10-ын чавгыг мэднэ л биз дээ.

5-н төгрөгний гаа – Амттай шүү, үргэлж хариулт мөнгөндөө гаа авдаг байсан уу?

Энэхүү бэлтгэсэн мэдээ маань таныг 1980-1990 оны хит болж байсан хоол, хүнсний ертөнцөөр бага ч болов аялуулж, мартагдсан сайхан дурсамжуудыг тань сэргээсэн гэж найдаж байна.