2011 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Хөдөлмөрийн Үндэсний нам шинэчлэгдэж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдээллээ.  Хөдөлмөрийн Үндэсний Намын их хурлаар намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг дахин боловсруулах, намыг шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргасан аж.

Хөдөлмөрийн Үндэсний Нам  хөгжлийн шинэ эринд гаргаж, Монгол хүнийг унаган цэвэр байгаль орчин, эрх зүйт төр, ёс зүйт нийгэмд аз жаргалтай амьдруулахад бодлого, шийдлийг ярьж хэрэгжүүлэх бөгөөд Монгол хүнд голлон анхаарах гэнэ. Үүнийг Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил: “Монгол үндэстний хөгжлийн "хүн дээд" үзлийг баримтлан хүнээ хайрлаж, хүнээ хамгаалж, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар орчин цагийн шинэ Монгол хүнийг төлөвшүүлнэ. Хүн дээд үзэл нь Монгол хүнийг идэх хоолтой, орох оронтой, эрүүл байх, сурч боловсрохоор хангагдсан, хүрэлцэхүйц орлоготой байлгахыг хэлнэ. Нийгмийн хөгжлийн явцад Монгол хүнийг хаяхгүй, үнэгүйдүүлэхгүй, орхихгүй байх манай намын хүсэл бол Хүн дээд үзлийн цөм юм. Хүнээ хөгжүүлж, дахин төлөвшүүлснээр л бид Монгол улсаа хөгжүүлж чадна. Хүн дээд үзлийн нөгөө нэг хэсэг нь Монгол Хүний төлөө ажилладаг Монгол нийгмийг бий болгох явдал. Энэ нь Монгол хүнийг хорт утаагүй, цэвэр орчинд амьдруулах, эрх зүйн зөв тогтолцоогоор хангах, баялаг бүтээхэд нь дэмжих, баялагийг шударгаар хуваарилах, үндэстнийхээ оршихуйг хадгалахыг хэлнэ. Бид энэ 5 тулгуур хүчин зүйлийг биелүүлсэнээр иргэд нь аз жаргалтай, Улс нь өндөр хөгжилтэй болох зорилгоо гүйцэлдүүлж чаднаа” гэж тайлбарлаж байсан.

Тус нам нь одоогоор 1300  гаруй гишүүнтэй бөгөөд  гишүүнээр элсэх 10 000 гаруй хүсэлт ирээд байгаа гэнэ.  Улмаар намын гишүүны татвараар санхүүжиж, тайлангаа ил то нээлттэй байлгахаа өнөөдөр зарлав.

 Хөдөлмөрийн Үндэсний Нам  буюу ХҮН 2012 оны сонгуульд оролцоогүй бөгөөд 2016 оны сонгуульд оролцож  сандал ширээний хойноос хөөцөлдөхгүй гэдгээ албан ёсоор  мэдэгдлээ.