-Их дээд сургуульд яамнаас өгсөн элсэгчдийн квот дунд сургууль төгсөгчдийн тооноос давжээ-

Өнгөрсөн хавар анхны арванхоёрдугаар ангиуд төгсөлтөө хийсэн. Монголын их, дээд сургуулиудын консорциумын Орон нутгийн элсэлт зохион байгуулах төв комиссын нарийн бичгийн дарга Б.Буянзаяагийн хэлж буйгаар бол Ерөнхий боловсролын сургуулийг өнөө жил 19 мянга гаруй хүүхэд төгссөн байна. Өмнөх жилүүдээс хоёр дахин багассан гэсэн үг. Энэ тоо өдгөө үйл ажиллагаа явуулж буй 91 их, дээд сургуульд хүндрэлтэй байдал үүсгэх нь нэгэнт тодорхой болжээ.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд үүргийнхээ дагуу өнгөрсөн зургадугаар сарын 5-нд А/210 тушаал гарган их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх хяналтын тоог зааж өгсөн байна. Хяналтын тоонд дурдсанаар бол энэ хичээлийн жилд Батлан хамгаалахын их сургууль 270, МУБИС 2500, МУИС 3500, СУИС 1000, Ховд их сургууль 350, ХААИС 1600, ХААИС-ын Дархан салбар 200, ХСИС 435, ШУТИС 3980, АШУҮИС 1400, Тээврийн дээд сургууль 250 оюутан нэгдүгээр курсдээ элсүүлж суралцуулна. Энэ хэд нийлээд л 15485 оюутан элсүүлэх боломжтой аж. Тэднээс гадна хувийн хэвшлийн томоохон их сургуулиуд ч бий. Тухайлбал, “Их засаг” их сургууль 900, “Монголын Үндэсний их сургууль” 900, “Этүгэн” их сургууль 700 оюутан элсүүлэх хяналтын тоо батлуулаад авчээ. Гэвч Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог нэмэгдүүлснээс үүдэн төгсөгч бүр сургуульд элсэх боломжгүй болсон. Элслээ ч үндэсний тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах аргагүй гэдгийг салбарын яамнаас мэдээлж байлаа. Тийм болохоор сургууль, оюутан аль аль нь үүнээс тойрно. Хожим гарах хэл ам, хохирол бэрхшээл их.

Дээр дурдсан арав гаруй сургуулийн элсэлт гэхэд энэ жилийн төгсөгчдийн тооноос давжээ. Ер нь тэгээд “Улсын сургууль бараадвал дараа нь ажилд ороход хялбар шүү дээ” гэж хэлэх хүн олон байдаг. Тиймээс өнөө жилийн төгсөгчдийг төрийн өмчийн сургуулиуд хуу хамах болов уу. Албаны хүний мэдээлж буйгаар бол төрийн болон хувийн өмчийн 48 их, дээд сургуульд орон нутаг, Налайх дүүргээс 11500 оюутан элсүүлэх хуваарьтай аж. Харин өчигдрийн байдлаар МУИС-д элсэгчдийн тоог оруулахгүй тооцоход 5500 орчим оюутан элсээд байгаа гэнэ. ШУТИС-д 1700, ХААИС-д 830, АШУҮИС-д мөн 1500 орчим оюутан элсээд байгаа гэнэ. Энэ байдлаар төгсөгчид улсын сургуульд хуваагдаад орчих нь байна. Хэрэв ингэвэл үйл ажиллагаа явуулж буй олон арван хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд элсэлтгүй болох юм.

Энэ талаар сонирхохоор зарим хувийн хэвшлийн сургуулиудаар орлоо. Ер нь бол жил бүрийн өдийд сургуулиуд элсэлтээ эд авч, байрных нь гадна аав, ээжээ дагасан хүүхдүүд багширдаг. Гэвч өчигдрийн байдлаар сургуулиуд дүнсгэр, хоосон угтсан юм. “Улаанбаатар их сургууль” гэхэд элсэлтийн бүртгэл хийж байгаа зарлал үүдэндээ хадсан боловч дотор нь бүртгэлийн хүнгүй эл хуль байх аж. Үүдний жижүүр нь “Өнөөдөр хүмүүс амарч байгаа. Маргаашнаас ирээд бүртгүүлж болно” гэв. БЗД-ийн Сансар орчмоор байрлалтай “Зохиомж”, “Засагт хан” дээд сургуулиудаар орох гэсэн боловч үүдээ дангинатал түгжжээ. Зарим сургуулийн захиралтай холбогдоход “Энэ жил элсэлтгүй шахуу л байна. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч оюутан бүрээ тэтгэлэгтэй, төгсөөд ажлын байртай болгох талаар хөөцөлдөж байгаад элсэгч татах төлөвлөгөөтэй байна. Тэгэхгүй бол элсэлт авч чадахгүй болчихсон шүү дээ” гэсэн юм.

“Их засаг их сургууль”, “Монголын үндэсний их сургууль”, “Мандах бүртгэл”, “Этүгэн”, “Шихихутаг” зэрэг томоохон хувийн сургуулиуд л цөөн тооны элсэгчтэй байгаа аж. “Их засаг” их сургууль байрандаа болон онлайнаар элсэлт авч байв. Ажилтнууд нь “Удирдлагууд гадагшаа явсан тул хичнээн элсэгч бүртгүүлээд байгаа талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэж байлаа. Гэвч III, IV курсийн оюутнууд гэх хэсэг хүмүүсийг эс тооцвол хөл хөдөлгөөн багатай харагдана лээ. “Монголын үндэсний их сургууль” мөн л хөл хөдөлгөөн багатай байлаа. Дараа дараагаар орсон сургуулиуд бүгд л эл хуль байсан юм.

Сургуулийнх нь нэр хүндэд нөлөөлөх учраас нэрээ нууцалсан нэгэн эх сурвалжаас дараахь тодруулгыг авлаа.

-Танай сургууль хичнээн элсэгч бүртгээд байна?

-20 элсэгч бүртгүүлсэн.

-Нэмэлт элсэлт авах уу?

-Ирэх сарын 1-нээс авна.

-Элсэлт ер нь ямар байна вэ?

-Бага байна. Өмнө нь манай сургууль жилд дунджаар 300 гаруй оюутан шинээр элсүүлж авдаг байсан. Одоо чухам яахыг мэдэхгүй байна.

-Танайх хичнээн багш, ажилтантай вэ?

-30 гаруй багш, ажилтантай.

-Тэгэхээр тэр олон хүн ажилгүй болох нь ээ?

-Би мэдэхгүй. Өмнөх жилүүдийн оюутнууддаа л хичээлээ орох байх даа. Үнэхээр нэмэлт элсэлтээр өөрчлөлт орохгүй бол хэцүүхэн л ирээдүй хүлээж байгаа байх.

-Элсэлтээ нэмэгдүүлэхийн тулд ямар нэг арга хэмжээ авч байгаа юу?

-Телевиз, сонин зэргээр суртчилгаа явуулж, төлбөрийн тал дээр олон хөнгөлөлт зарласан. Аль нэг хичээлээр улсын хэмжээний олимпиадад шагналт байранд орсон бол эхний жилийн сургалтын төлбөрийг 50-100 хувь, Ерөнхий шалгалтын оноо 600-с дээш тохиолдолд дөрвөн жил төлбөрийн 20 хувийг хөнгөлөх, цэргийн алба хаасан бол сургалтын төлбөрийн 30 хувийг хөнгөлөх зэрэг олон хөнгөлөлт урамшуулал зарласан байгаа гэсэн хариултыг өглөө. Ерөнхийдөө энэ бэрхшээл зөвхөн хувийн сургуулиудад тулгарч байгаа бололтой. Төрийн өмчийн их сургуулиудаас тодруулахад элсэгчдийн тоо өмнөхөөсөө бараг өөрчлөгдөөгүй гэж байлаа.

Ж.Баярсайхан

Д.Даваасүрэн