“Эх орон-36” хөтөлбөрийн ээлжит сургалт өнгөрсөн амралтын өдөр /2015.08.15/ эхэлж “UB plac” төвийн үүднээс Олон улсын Хүүхдийн “Найрамдал төв рүү хөдөллөө.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүүхэд, өсвөр үеийхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх "Эх орон 36" хөтөлбөрийг санаачилж, 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн гол зорилго нь Монгол хүүхэд бүрийн ур чадварыг хөгжүүлж бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлхэд чиглэж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Олон Улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Хил хамгаалах 151-р анги, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо, Онцгой байдлын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Замын цагдаагийн газар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. 

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 2014 онд улсын хэмжээнд 10,995 хүүхэд хамрагдаад байсан юм. Энэ жил “Эх орон-36” хөтөлбөрт 8000, явуулын сургалтаар 4000 гаруй нийт 12 мянга орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулахаар төлөвлөсөн тухай Монголын үндэсний олон нийтийн цахим хуудсанд мэдээлж байсан. /http://mnb.mn/i/51095/ Харин энэ удаагийн хөтөлбөрөөр 380 хүүхэд хамрууллаа.

Уг хөтөлбөр нь 36 цагийн дотор 36 төрлийн цогц мэдлэгүүдийг өртөөчилсэн хэлбэрээр явуулдгаараа онцлогтой. Хөтөлбөр жилээс жилд хүрээгээ тэлж орон нутгийн хүүхдүүд олноор хамрагддаг болсон нь уг хөтөлбөрийн ямар үр дүнтэй явагдаж байгааг харуулж байна.