МЭДЭГДЭЛ

ИЗНН 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ. Улс төрийн ийм шийдвэр гаргасны учир нь:

Нэгд, ИЗНН нь 15 жилийн туршид авилга, хээл хахуулийн эсрэг тодорхой бодлоготой явж тод дуугарч, Авилгын эсрэг Монгол Улсын хуулийг санаачлан батлуулсан улс төрийн хүчин тул энэхүү үзэл баримтлалдаа үнэнч байж, нийгмийн шударга ёсны төлөө нийгмийн баялгийн хумслан хөлжигчдийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлж;

Хоёрт, 2015 оны Өршөөл үзүүлэх хууль нь шударга ёсыг хүсэгч нийгмийн бухимдлыг үл тоон төрийн мөнгийг хувьдаа зувчуулан ашигласан, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэн баяжиж хөлжсөн хувь хүн, бүлэглэлийн хууль бус үйлдлийг өөгшүүлэн хаацайлснаараа Үндэсний аюулгүй байдал, эрх зүйт төрийн үйл ажиллагаанд хор хохирол учруулж, дараа дараагийн Өршөөл үзүүлэх хуульд муу жишиг болохуйц хууль болсныг эсэргүүцэж;

Гуравт, Монголын хууль батлагчид Үндсэн хууль, нэгдэн орсон Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэхдээ хүлээн зөвшөөрсөн “...авилгаар эд баялгийг хувьдаа хууль бусаар олж авах нь ардчилсан тогтолцоо, үндэсний эрх ашиг, хууль дээдлэх ёсонд нэн хохиролтой гэдэгт итгэж... тохиролцов” хэмээсэн үндсэн зорилгоосоо ухарч, авилгын гэмт хэргийг улс орны эсрэг гэмт хэрэг гэж үзэн эдийн засаг болоод нийгмийн хүрээнд хор хохирол учруулахуйц гэмт хэргийг хуулийн хүрээнд хариуцлага хүлээлгэх гэсэн амлалтаа умартаж буйг буруушааж, олон улсын өмнө хүлээсэн гэрээ, хэлэлцээртээ үнэнч байхыг шаардаж,

Дөрөвт, Манай намын санаачлан батлуулсан Авилгын эсрэг хуульд “Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн” хэмээн заасныг хууль тогтоогчид, тэр дундаа эрх баригч улс төрийн хүчнүүд илт зөрчин тус байгууллагын үйл ажиллагаанд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөг тогтоосон үйл ажиллагаа явуулж буйг илт эсэргүүцэж байна.

Цаашид Авилга, хээл хахууль, албан тушаалын хэргүүдийг АТГ болон холбогдох хууль , шүүхийн байгууллагууд өөрийн хараат бус эрх мэдлийн хүрээнд мөрдөн шалгаж, шүүн тогтоож байх нь ардчилсан засаглалын хөгжил, бэхжилтэнд тустай бөгөөд энэ чиглэлийн эрх зүйн орчинг илүү төгөлдөржүүлж, хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлага хэмээн ИЗНН үзэж байна. 
2015.08.17