Саяхан даа, сонгодог утгаараа 10 хар нүглийн нэгд орох хулгайд өртөж машинаас автомашины татвар төлсөн баримт алдсан. Улаанбаатар банк руу утасдаж лавлавал төлсөн газраа очиж шимтгэл төлөөд ав гэж байна. Төлсөн газраа очвол манай төв дээрээс авах ёстой, Түмэн төв яв гэж байна. Түмэн төв ороод олохгүй утасдвал миний мэдэх Түмэн биш тэрний мэдэх Түмэн ажээ. Одоогоор түүний мэдэх Түмэн төв рүү яваагүй байгаа бөгөөд тэнд ч очоод юу гэсэн заавар авахыг тэнгэр бурхан л мэднэ. Энэ бол нэг л жишээ, энэ мэт явдал чирэгдэл ямар их гардагтай иргэд эрхбиш санал нийлнэ гэж найдаж байна. Ядаж байхад төр шашныг хослон даншиглагч нийслэл Улаанбаатарт метрополитан хотын гэчихмээр шуудангийн үйлчилгээ хөгжөөгүй, бизнесийн цахим харилцаа нойл,хуудас цаасыг ч дор бүрнээ машиндаа "ачаад" хотынхоо зам дээр түгжирцгээдгийг хэлэх үү.

 

"Бүтээмжгүй үйл"-ийн үр 

Монголчуудын шүтэн дээдэлдэг Бурхан багшийн сургаалын цөмд “үйлийн үр”-ийн ойлголт байдаг.  Жишээ нь  Их хөлгөн Ганжуур сударт багтдаг Винайн Эш хэмээх сургаалд

Юу адилыг үйлдэх гэмээ нь 
Үр нь тэр адил гарах болой

гэх буюу

Бүх зүйл сэтгэлээс үүдэлтэй тул
Буй юмсыг бид сэтгэлийн үүднээс хардаг
Буруу сэтгэлт нэгний өгүүлэх хийгээд үйлдэх нь 
Үхэрт хөлөлсөн тэрэг шараа дагадгийн адил 
Үйлийн муу үр үргэлж түүнийг дагамуй

гэж айлдсан байдаг байна.

Түүнчлэн хүний үйлдэх үг, үйлдлийн талаар дараах 4 ёсыг өгүүлсэн нь энгийнээр хэлвэл ямар нэг юм хийсэн бол заавал түүний үр дагавар гарах, өчүүхэн үйл хийсэн ч том үр дагавар гарч мэдэх, хэрэв ямар нэг юм хийгээгүй бол түүнийг хийсэн бол гарч болох үр дагавраас холуур өнгөрөх, нэг юм хийвэл тэрийг хэзээ ч буцааж болохгүй, тэр нь арилж алга болохгүй гэх мэт утгатай аж.

  1. Үйл нь магадтай ёсон
  2. Үйл нь ихээр арвижих ёсон
  3. Үйлийг эс үйлдвээс эс учрах ёсон
  4. Үйлдсэн үйл нь шамшаагдахгүй ёсон.

Латин үсэг, эмотикон, элдэв зураг чимэглэлтэй мэссэж, жиргээ, пост газар авсан энэ үед тийм амар ухаж ойлгогдохгүй эдгээр сургаалыг орчин цагийн хэлний өөрчлөлтөд зохицуулан шинэчлэх ёстой байж мэднэ, харин  заасан зүйлс нь  бидний амьдралд үйлчлэхээ больсон хэрэг биш.  Гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүн гэхчлэн сүр сүр жаргон ихтэй, бидэнд хаа хамаагүй мэт сонсогдох эдийн засагт ч үйлийн үрийг тоогоор илэрхийлж болно. Ер нь хамтаар бөөгнөрөн суусан хүний нийгмийн дүрэмд зарим ерөнхий зүй тогтол үйлчлэх агаад шашин нь сургаал хэлбэрээр, шинжлэх ухаан нь өөрийн тоо баримтаар эрэлхийлж, аль аль нь илүү дээр амьдрахын тулд хэрхвэл зохих тухай өөр өөрийн аргаар үнэлэмж, зөвлөгөө гаргаж ирсэн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу