Миний бие 1984 онд Намын дээд сургууль төгсөөд Сайд нарын Зөвлөлийн аймаг хариуцсан зохион байгуулагчаар 1990 он хүртэл ажиллаж, 1990 оны хоёрдугаар сард тэр үеийн АИХ-ын Тэргүүлэгчдийн газар шилжиж, мөн оны есдүгээр сард Улсын Бага Хурал (УБХ)-ын ажлын алба анх байгуулагдахад танхимын зохион байгуулагчаар томилогдон УБХ-ын бүрэн эрхийн хугацаа дуустал ажилласан юм.

 

Анхны байнгын ажиллагаатай Парламентын ажлын алба яаж бүрдсэн юм бэ гэж хүмүүс асуудаг. УБХ-ын нарийн бичгийн дарга Б.Чимидийн 1990.09.24-ний өдөр гаргасан 01 тоот захирамж надад бий. 

 

Энд дурдагдсан 22 хүнээс зарим нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжиж, УБХ-ын ажлын албанд надаас гадна Ч.Бавуу, Б.Алтангэрэл, Г.Совд, Ч.Ядамсүрэн, Х.Булган, Д.Алтанцэцэг, Г.Хүрэлбаатар, С.Гэрэлт, Д.Цэндсүрэн, Т.Уранчимэг, Л.Хорлоо, Б.Батгэрэл, С.Туул нар цаашид тогтвортой ажилласан юм. 

 

Би эдгээр хүмүүсийг Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай Парламентын ажлын албаны анхны ажилтнууд гэж үздэг. Үүний дараа хэд хэдэн Хуулийн зөвлөх шинээр авсан бөгөөд УБХ-ын үйл ажиллагаа эхлэх үед ажлын алба 20 орчим хүнтэй байсан болов уу.

 

Шинэ ажил бүхэн бэрхшээлтэй байдаг хойно, ний нуугүй хэлэхэд эхлээд хариуцсан ажлынхаа нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байсан. Б.Чимид дарга миний ажлыг ерөнхийд нь чиглүүлнэ. Заримыг нь өөрөө санаачлаад, ингэж л хийвэл зүгээр юм гэж бодсоноороо хийнэ. Энэ ажлын талаар туршлага гэхээр юм байсангүй. Гадаад орны Парламентын туршлагыг мэдэхгүй. Ер нь энэ албан тушаал Монголдоо шинэ, би анх хашсан хүн болж таарсан юм.

 

Зарим үед мэдэхгүйгээсээ болоод алдах ч үе байсныг нуугаад яахав. Нэг өдөр УБХ-ын удирдлага “Өнөөдөр чуулганы хуралдаанаар маш нууц асуудал хэлэлцэнэ, хуралдаанд зөвхөн УБХ-ын гишүүд оролцоно, бичлэг хийж болохгүй, нууцыг алдахгүй байх бүх талын арга хэмжээ ав” гэсэн үүрэг өглөө. Би чуулганы хуралдааны үүдэнд зөвхөн УБХ-ын гишүүдийг оруулах үүрэгтэйгээр зогсож, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийг ч буцааж байлаа. 

 

Харин Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, түүний зөвшөөрснөөр Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд дарга Л.Лингов нар л орсон юм. Энэ бол хожим “алдарт” гэсэн нэр авсан Засгийн газрын 20 дугаар тогтоолыг хэлэлцсэн хуралдаан байсан юм. Дараахан нь уг тогтоолын нууц алдагдсан тухай асуудал сөхөгдөж, энэ тухай УБХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед хуралдааны тэмдэглэл үзэх юм боллоо. 

 

Б.Чимид дарга “Хөөе Шаандар хуралдааны тэмдэглэл аваад ир” гэж байна. Тэмдэглэл хөтлөөгүй юм чинь юу байхав дээ. Түүнийгээ даргад хэллээ. Хуралдааны нууцыг хадгалах сайн арга нь тэмдэглэл хөтлөхгүй байх явдал гэж тухайн үед бидний үзэж байсан нь алдаа болсон юм. Миний мэдэхийн хуралдааны тэмдэглэлгүй хэлэлцэгдсэн ганц асуудал энэ байсан байх. Хожим хаалттай хуралдааны тэмдэглэлийг ч хөтөлдөг болсон юм.

 

Миний албан тушаал их онцлогтой, өдөр бүр олон хүнтэй харилцана. УБХ-ын 53 гишүүн бүгд миний дарга, тэдний үгийг би сонсох ёстой. Ажлын албаныхаа хуулийн зөвлөхүүд, Байнгын хорооны туслахууд, бичээч, олшруулагч нартай байнгын холбоотой ажиллана. Нөгөө талд Төрийн ордны үйлчилгээ, аж ахуйн сантехникч, цахилгаанчин, телефон, радио узелийн ажилтан, санал хураах системийн инженер, эмч, сувилагч, нярав, цэвэрлэгч, гуанзны үйлчлэгч, цай зөөгч нартай ч харилцдаг байлаа. 

 

Гэтэл тэр хүмүүс миний удирдлагад ажилладаггүй тул санаснаар болохгүй, хэрэв ямар нэг доголдол гарвал над дээр л хариуцлага ирнэ. Тамгын газрынхны маань ажил ч олонх нь надаар дамжина. Жишээ нь, тараасан материал гаргац муу, үсэг нь жижиг байна гэсэн шүүмжлэл, шаардлагыг гишүүдээс би л сонсоно. Нэг гишүүн бүтэж үхлээ, салхивч нээ гэхэд, нөгөөх нь хатгаа тусах нь, салхивчаа хай гэх жишээтэй. Эд бүгдийн алтан дунджийг олохоос л аргагүй.

 

Ингээд бодохоор ажил бүрийн уулзвар “гол цэг” Танхимын зохион байгуулагч дээр зангигддаг байж дээ гэж одоо боддог юм.

 

Аливаа түүхт үйл явдал, үүний дотор УБХ-ын түүх ч ялгаагүй нэг хэсэг нь бичигдэж үлдэнэ. Нөгөө хэсгийн гэрч нь тэр үед ажиллаж байсан хүмүүс байдаг. Жишээ нь, гишүүдийн болон хуралдаанд асуудал оруулж байгаа хүмүүсийн хэлсэн үг, хуралдааны явцын тэмдэглэл, хэлэлцэгдэж байгаа асуудлын төсөл, холбогдох материалууд архивт үлдэнэ. 

 

Гэтэл хуралдааны тэмдэглэлд ороогүй, орох боломж ч үгүй өч төчнөөн үйл явдал өдөр бүр тохиолдоно. Тэдгээрийг тэнд байлцсан хүмүүс л гэрчилнэ. Хүмүүний бие мөнх биш тул хэрэв тэр хүн уг үйл явдлыг бичиж үлдээхгүй бол тэр хүнтэйгээ хамт ул мөргүй арилах билээ. Тиймээс сонирхсон хүмүүст хэрэг болж магадгүй гэж үзээд архивлагдаагүй үйл явдлын заримыг дурдъя.

 

УБХ-ын 1992 оны хаврын чуулганаар баталсан “УИХ-ын сонгуулийн тухай” хуулийн төслийг хэлэлцсэн үйл явц санаанаас ер гардаггүй. Олон хоног маргалдсаны эцэст гишүүн Ц.Товуусүрэнгийн санал болгосон хувилбараар уг хуулийн гол үзэл баримтлал батлагдсан. Уул нь гишүүн Ц.Товуусүрэнгийн хувилбарыг эхлээд аль ч нам хүлээж авахгүй байсан л даа. Гэнэт л шинэ намуудыг төлөөлж байгаа гишүүд дээрх хувилбарыг дэмжсэн юм. 

 

Дэмжих дэмжихдээ бүр маш сэтгэл ханамжтай байдлаар дэмжиж, бүгдээрээ маш баяр баясгалантай байж билээ. Юунд нь найдсан юм, бүү мэд. Гэтэл МАХН-ыг төлөөлж байгаа гишүүдийн нэлээд нь балмагдчихсан байдалтай, дээрх хувилбарын эсрэг санал өгсөн. УИХ-ын 1992 оны сонгуулиар МАХН үнэмлэхүй ялалт байгуулсныг хүмүүс мэдэж байгаа. Социал-демократ намыг төлөөлсөн Д.Ламжав, Р.Хатанбаатар, П.Улаанхүү нар танхимын баруун урд эгнээнд хамт суудаг, аливаа асуудалд санал нэгтэй байх. Намын бодлого гэж байх тул тэр нь ч аргагүй. 

 

Гэтэл нэг л асуудал дээр айхавтар маргалдаж, бие биедээ хатуу үг унагаж билээ. Тэр нь монгол бичгийг хэрэглэх тухай асуудал байсан юм. Маргаан эцэстээ ойрад, халх дээрээ тулах маягтай болсонсон. Би эндээс нэг л дүгнэлт хийсэн. Үндэстэн, ястны асуудал бол хүний оюун ухаанд гүн гүнзгий суусан, бараг өөрчлөгдөхгүй зүйл байдаг, харин намын үзэл бодол бол түүний дэргэд өнгөц юм байна гэж. Одоо нэг намаас нөгөөд “урвах” нь алга эргүүлэх төдий асуудал болсон нь үүний давхар баталгаа болж байх шиг.

 

“Хар цайны шахаа”-ны тухай дурдахгүй өнгөрч болохгүй нь. УБХ улс төрийн дөрвөн намын төлөөлөлтэй байсан. Тэр үед долоо хоногийн зургаан өдөр нь хуралдана. Оройн 22-00 цаг хүртэл хуралдах нь хэвийн үзэгдэл, заримдаа шөнийн 02-03 цаг хүргэх тохиолдол гарна. Зарим асуудлаар намуудын төлөөлөл маргаад өдрийн хуралдаанаар асуудал шийдэгдэхгүй гацна. 

 

Ийм тохиолдолд Р.Гончигдорж дарга “За Шаандар аа, өнөөдөр орой болтол хуралдана шүү, цайны охидыг явуулж болохгүй” гэсэн үүрэг өгнө. Ер нь оройн 22 цаг болоод ирэхэд гишүүд өдөр нь огт зөвшөөрөхгүй байсан асуудал дээрээ нэлээд уян хатан хандаж, харилцан буулт хийх замаар шийднэ шүү. Үүнийг бид “Гончигоо даргын хар цайны шахаа” гэж нэрлэдэгсэн. Гэхдээ үргэлж ийм “шахаа”-гаар асуудал шийднэ гэж байхгүй л дээ.

 

Тэр үед манайх VI хороололд байсан юм. Өдрийн ажлаа дуусчихаад шөнийн 02 цагийн үед Хүнсний I дэлгүүрийн урдуур гэр лүүгээ явж байхад гудамжинд хүн ер байхгүй, хааяа нэг золбин нохой тааралддагсан.

 

Шөнө дунд ажлаас тарчихаад маргааш нь хэдэн цагаас ажлаа эхлэх вэ гэж хүмүүс асуудаг юм. Хуралдаан 09 цагаас эхэлнэ. Миний хувьд орой хуралдаан тараад шууд харихгүй. Удирдлагаасаа маргаашийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын чиглэлээ аваад төлөвлөгөө, бусад материалаа бичээчээр бичүүлэн олшруулж, гишүүдийн ширээн дээр тавьж байж ажил дуусна. Маргааш өглөө нь 08 цагт ирсэн байх ёстой.

 

Танхимын гэрэл, цахилгаан, дулаан, цэвэрлэгээ, холбооны хэрэгсэл, санал хураах төхөөрөмжийн хэвийн ажиллагаа хангагдаж, хуралдаан эхлэхэд жин тан болсон байх ёстой. Би 4-5 цаг унтаад сурчихсан байсан. Энэ хоёр жилд Төрийн ордонд хамгийн эрт ирж, хамгийн орой явдаг хүн би байсан байх аа.

 

Жижиг зүйлийг ч анхаарлаас гаргаж болохгүй. Нэг удаа Ерөнхийлөгчийг түгжсэн хэрэгт ордог юм байна. Т эр үед Ерөнхийлөгч баруун талын, УБХ-ын дарга зүүн талын хаалгаар чуулганы танхимд ордог байсан юм. Тэр өглөө танхимын цэвэрлэгч маань Ерөнхийлөгчийн хаалгыг дотроос нь түгжчихсэнийг би мэдсэнгүй. П.Очирбат гуай зүүн талын хаалгаар орж ирээд над руу сүрхий харснаа “Яадаг нөхөр вэ” гэж билээ. Түүнээс хойш би Ерөнхийлөгчийн хаалгыг заавал онгойлгож шалгадаг болж билээ.

 

Хувь хүний ааш араншин өөр өөр учир янз бүрийн л юм тохиолдоно. УБХ-ын гишүүн Д.Жанцан, Н.Жанцан (Үндсэн хуулийн Цэцийн) гэж хоёр Жанцан байсан. Нөхөд нь Д-г нь “бор”, Н-ийг нь “шар” гэж ялгаж дуудна. Н.Жанцан нь хуралдаанд тогтвортой суухдаа тааруу. Нэг харахад гараад явчихсан, ирц дутаачих жишээтэй. Дахиад нэг харахад орж ирээд суучихсан байна. Д.Жанцан нь нөгөөгөө бодвол тогтвортой сууна. Харин нэг тасалбал жинтэй тасална даа. Түүнийг танхимаас гараад явчихсан байхад хагас өдөр ирэхгүй л гэж тооцохоос аргагүй.

 

Хуралдааны ирцийн асуудал одоогийн УИХ-д ч түвэгтэй байдаг бололтой. Тэр үед ч бас хэцүү байсанд олон шалтгаан бий гэж боддог. Одоог бодвол хуралдаан хүчинтэй байх кворум өндөр байсан. Нөгөө талаар шөнө орой болтол хуралддаг тул ялангуяа залуу гишүүд өглөө нь унтчихаад хуралдаан эхлэх үед ирэхгүй байх явдал гарна. Ирц хүрэхгүй үед УБХ-ын орлогч дарга К.Зардыхан бид хоёр л ихэвчлэн гишүүдийн өрөөгөөр явна, гэр лүү нь утасдана.

 

Гишүүдийн ирцийг сайжруулах нэг хөшүүрэг нь гишүүд хуралдаандаа хэрхэн оролцож байгааг сонгогчдод мэдээлэх явдал юм байна гэсэн санааны үүднээс гишүүдийн ирц бүртгэх хоёр том дэвтэр хэвлүүлж, түүндээ гишүүдийн ирцийг минутаар, бас гишүүн бүрийн хуралдаан дээр үг хэлсэн хугацаа, асуусан асуултын тоог бүртгэдэг боллоо. 

 

Чуулган бүрийн эцэст энэ мэдээгээ “Ардын эрх” сонинд мэдээлдэг байсан. Хоёр дэвтрийн маань өнгө нь цэнхэр байсан ч гишүүд “Шаандарын хар дэвтэр” гэдэгсэн. Бодвол нэг их дуртай биш байсан байх. Одоо энэ дэвтрүүд УИХ-ын Тамгын газрын архивт байх ёстой. Энэ уламжлал одоог хүртэл хадгалагдаж ирсэнд санаачлагчийн хувьд сэтгэл өндөр байдаг шүү.

 

УБХ-ын хуралдааны танхимын тохижилтын талаар дурдахгүй байж болохгүй. Танхимыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар хариуцаж хийсэн юм. Цаг хугацааны боломжоос шалтгаалаад үндсэндээ ширээ, сандлаа бэлэн болгоод л анхдугаар чуулганаа нээсэн. Тэр үед танхимын голд гурван микрофон байлаа. УБХ-ын даргаас үг хэлэх зөвшөөрөл авсан гишүүнд би тухай бүр нь микрофоныг дөхүүлж өгнө, дараа нь авна. 

 

Өдөржин микрофон зөөж гүйсээр орой нь хоёр хөл дээрээ тогтож чадахгүй шахам болтлоо ядарсан байдаг байж билээ. Дараа нь ширээ бүр, сүүлд нь гишүүн бүрт зориулсан ширээний микрофонтой болж, удалгүй санал хураах электрон төхөөрөмжтэй болсон. Эхлээд “зөвшөөрсөн”, “түдгэлзсэн”, “татгалзсан” гэсэн саналтай хийлгэсэн. Дараа нь “түдгэлзсэн” гэсэн санал утга багатай, асуудал шийдэхэд тээг болоод байгаа нь ил болсон тул зөвхөн хоёр саналтай байхаар шинэчилсэн.

 

Танхим маань анхнаасаа зориулалтын бус болохоор бэрхшээлтэй асуудал байнга гарна. Жишээ нь, агааржуулалтын асуудал байна. Аргаа барахдаа танхимын зүүн ханыг цоолж сэнс тавьж байлаа шүү дээ. Ширээ нь фанер учир өнгөн давхарга нь амархан хуурч, гишүүдийн хувцас, биеийг гэмтээсэн хэрэг мандана. Ялангуяа хоёр эмэгтэй гишүүний юбкыг урах нь холгүй юм болж, сэтгэл их зовдогсон. 

 

Тиймээс чуулган бүрийн завсарлагаагаар ширээгээ лаакдана. Танхимын шалан доогуур цахилгаан, холбооны утас их бий. Галын аюул гарах магадлалтай тул галын байцаагчаар байнга шалгуулж, арга хэмжээ авахуулна. Зарим үед танхимд жоом гүйж нүүр хийх газаргүй болгоно. Хэн нэг нь ”Шаандар аа, энэ амьтнаа зайлуулаарай” гэнэ. Би Төрийн ордны эмч, сувилагч хоёр луу “бууж” гарна даа.

 

Санал хураах төхөөрөмжийг анх Монголынхоо компаниар хийлгэсэн юм. Техник бол техник шүү дээ. Төхөөрөмжөө наад зах нь завсарлагаа бүрээр шалгаж байх хэрэгтэй болдог байв. Санал хураах төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэдгийг гишүүдэд заавал мэдрүүлж байх нь зөв байдаг. Тэгэхгүй болохоор өөрийнх нь саналын эсрэг үр дүн гарахаар бурууг санал хураах төхөөрөмжид өгөх гээд байдаг хүн байдаг. Иймэрхүү байдал АИХ-ын танхимд шинэ Үндсэн хууль хэлэлцэх үед бас гарч байсан.

 

УБХ-ын танхимын зохион байгуулагчаар ажиллах хугацааны дундуур шинэ Үндсэн хууль хэлэлцсэн АИХ-ын чуулганы танхимын зохион байгуулагчаар ажиллах үед тохиолдсон, хуралдааны тэмдэглэлд үлдээгүй зарим үйл явдлын тухай товч өгүүлье. УБХ-ын танхимд болдог бүх зүйл тэнд бас л болж байсан юм. 

 

Жишээ нь, халзан толгойтой депутатууд танхимын дээд гэрлээ унтраа, толгой халаад даралт ихсээд байна гэж байхад, ойрын хараа муутай нэг нь дээд гэрлээ асаа, төслөө уншиж чадахгүй байна гэнэ. Уншигч Та АИХ-ын хуралдааны үеийн бичлэгийг сайн ажвал толгой дээрээ цаас барьчихсан депутатууд нэлээд байх вий.

 

Ирцийн асуудал энэ үед бас л бэрхшээл үүсгэж байсан. Хөдөөнөөс ирсэн депутатууд “Би халуун зунаар хэдэн хүүхэдтэй авгайгаа дан бүрээстэй гэртэй орхиод ирсэн, одоо харьж гэрээ дулаалж, идшээ хийгээд ирэх минь” гэж хэлээд яваад өгнө. 

 

Ж.Уртнасан дарга бид хэд ярилцаж байгаад ирц бүрдүүлэх нэг хялбар арга хэрэглэсэн нь үр дүнгээ өгч билээ. Өөрснөө ирц бүрдүүлэх гэж “махаа идэж” байснаас Депутатуудын ахлагч нарт нь ирцийг даатгая гэж шийдсэнээр Ахлагч нар хэндээ чөлөө өгч явуулахаа мэддэг болсон. Гэхдээ тэд ирцийн 67 хувийг тогтмол хадгалах үүрэг хүлээж байв. Бүлэг бүрээр депутатуудыг босгож бүртгэнэ. Одоо энэ жишгээр Намын бүлгийн ахлагч нарт УИХ-ын гишүүдийн ирцийг даатгавал ямар бол гэж би боддог юм.

 

АИХ-ын чуулганы үеэр бас нэг ялимгүй үл ойлголцол үүсч байв. Үндсэн хуулийн төслийн зарим зүйл, заалтаар гишүүдийн өгсөн саналын дүнг нэрсээр авах хүсэлт гаргасан депутатууд байсан. Тэд энэ саналаа Ж.Уртнасан даргад хэлснийг дарга “Шаандараас нэрсийг нь ав” гэсэн мөртлөө надад ”Санал хураалтын дүнгийн нэрсийг тэдэнд өгч болохгүй шүү” гэв.

 

Үүнээс болоод асуудал үүснэ. Тэгээд би Ж.Уртнасан даргад “Та яаж байгаа нь энэ вэ” гэхлээр дарга инээмсэглээд “Нэрс өгвөл хэвлэлд тавина. Тэртэй тэргүй чуулган сунжирч, зардал их гарч байна гэж олон нийт шүүмжилж байхад бас нэг шүүмжлүүлэх асуудал нэмж гадагш гаргаад яахав” гэж байж билээ. Гол нь иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой асуудлыг нийтэд мэдээлэх гэсэн хэд хэдэн депутат байгаа нь мэдэгдэж байсан л даа. Бас хоёр эхнэртэй байхыг зөвшөөрсөн саналын дүнг ч сонирхоод байсан депутат байсан юм.

 

Энэ мэт чуулганы хуралдааны тэмдэглэлд үлдээгүй үйл явдлуудыг тоочвол их юм бий. Энэ удаа үүгээр хязгаарлая. Би Монголын анхны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж батлах ажлыг зохион байгуулахад бусад нөхдийн хамт оролцсон гэдгээрээ их бахархдаг.

 

УБХ-ын гишүүдтэй хамгийн ойр ажиллаж байсан хүний хувьд УБХ-ын талаарх сэтгэгдлээ хэлээд энэхүү дурсамжаа өндөрлөе.

 

УБХ-ын нэр хүнд обьектив болон субъектив янз бүрийн шалтгааны улмаас олон түмний дунд нэг их сайнгүй байсан хэдий ч тэдэнтэй өдөр тутам хамгийн ойр ажиллаж байсан хүний хувьд УБХ-ын талаар өндөр сэтгэгдэлтэй байдаг юм. 

 

Тэр үед УБХ-ын гишүүн байсан, ажлын албанд нь ажиллаж байсан олон залуус одоо улс орны нийгмийн амьдралын янз бүрийн салбар, хүрээнд манлайлан оролцож байгааг бахархахаас аргагүй. 

 

Миний хувьд энэ хоёр жилийн хугацаанд нийгмийн олон талт шинэ харилцааны талаар болон парламент, түүний дотоод ёс жаягийн талаар их зүйлийг мэдэж авсан нь төрийн албанд цаашид ажиллахад их тус дэм болсон. 1990-ээд оны Монголын улс төр бол элдэв далд санаа, заль мэх агуулаагүй, ил цагаан “цэвэр улс төр” байж дээ гэж би боддог.

 

Аливаа шинийг анхлан хийхэд янз бүрийн бэрхшээл тохиолдох авч анхдагч байх нь хэзээ ч давтагдахгүй тул бүхнээс илүү сэтгэлд хоногшин үлддэг юм байна.

 

УБХ-ын чуулганы танхимын анхны зохнон байгуулагчаар ажиллаж байсан Харуулынхан овгийн ХАЛТАРЫН ШААНДАР (Ш.Раднаа)