Хүн бүрт өөр өөрийн зорилго гэж байдаг. Бас хобби гэж байна. Сонин хобби, гоё хобби, хачин хобби гэж бид бусдын хоббиг гайхдаг. Г.Баттулга гэж эгэл нэгэн залуутай уулзлаа.

Надад түүний хобби үнэхээр гайхалтай санагдсан. Биширмээр хоббитой энэ залуу өөрийнхөө хоббиг харин энэ насныхаа амьдралын гол зорилгоо болгожээ. “Өвлийн олимпийг Монголд зохиох бүрэн боломжтой. Өвлийн олимпоос Монгол хүн медaль аваагүй цагт үхэж болохгүй”  гэж хэлэхдээ түүний нүд хачин цогтой гэрэлтэж байлаа. Монголын snowboardын Холбооны тэргүүн энэ залуугийн ярилцлагыг ат бүхэн таалан болгооно уу?

 

                       

-       Монголд байгаагүй спортын шинэ төрөл ч юм шиг.  Өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ?

-       МУИС-ийн Хими технологич инженер хүн. Сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдэж багшилж байгаад 2007 онд Солонгос улс руу солилцоогоор 3-н сарын хугацаатай явсан юм. Хөнгөн бетоны үйлдвэрийн чиглэлээр явсан юм. Каванду мужид очсон юм. Өвөл байж таарсан. Солонгосын хамгийн их цас унадаг газар л даа. Цанын бааз дээр нь хагас бүтэн сайнд очно. Тэнд snowboardын анхны мэдэгдэхүүн суусан. Тэгээд 2008 онд Монголд ирчихээд Хандгайт дээр явж очлоо. Snowboard гэж сурсан чинь зориулалтын гэх нэг ч юм алга. Нэг тавцан л олсон. Зориулалтын ямар ч бэхэлгээ байхгүй. Суран бүсээр уяачихсан юм өгч байна. Гутал нь байхгүй юм уу гэсэн чинь гутал байдаг юм уу гэж асууж байлаа. Тийм эрсдэлтэй юмаар яаж гулгах вэ дээ.

-       Тэгээд яаж snowboardoo олсон бэ? Ер нь хэцүүхэн л ойлголттой байж дээ?

-       Тэр өвөлжингөө Монгол спортын барааны бүх дэлгүүрээр явсан. Хорооллын Columbai дэлгүүрт ороод танайд snowboard байна уу гэж асуусан чинь “Юу билээ нэг тавцан шиг юм байдаг бил үү. Манай агуулахад харагдсан байх шүү” гэж байна. Агуулахад нь ороод үзсэн чинь 5 ширхэгийг давхарлаад хураачихаж. Гурван жилийн өмнө авч ирсэн чинь нэг ч зарагдаагүй гээд байж байсан. Тэгээд өөртөө нэгийг авлаа. Ганцаараа явж гулгах гэсэн чинь нэг л сонирхолгүй санагдаад нэг найзыгаа ятгаж байгаад нэгийг авахуулчихлаа. Тухайн үед шууд бэлэн мөнгөөр авч чадахааргүй л байсан. Цалингийн зээл аваад л авч байсан. Тэр жилдээ Хандгайтад гулгалаа. Дараа жил нь Sky resord ашиглалтанд орж за нэг гулгах газартай болсон доо. Тэр цагаас хойш snowboard эрчимтэй хөгжиж эхэлсэн.   

-       Дүн өвлөөр ч яахав бас гулгах газартай болж, харин зун яах вэ? Өвөл болохыг тэсэн ядан хүлээх үү? Би элсэн дээр гулгаж байгаа бичлэг үзсэн юм байна?

-       Тийм, элсэн дээр гулгаж болдог. Энэ хооронд чинь дэлхийн snowboardийн холбоотой холбоо барьж байгаа юм. Интернэт гэж сайхан юм байна. Ингээд  судалж эхэлсэн дээ. Тэгтэл манай Өмнөговь аймгийн Хонгорын элсэн дээр snowboardоор гулгаж болно гэсэн мэдээлэл оллоо. Зун нь гулгахаар хоёр найзтайгаа хамт хамаг хэрэгсэлээ аваад л Өмнөговийн шуудангийн автобусанд суугаад явлаа. Өмнөговиосоо пургон машинд суугаад Хонгорын элсэн дээр очсон. Хонгорын элс чинь 12 давхар байшингийн хэмжээтэй өндөр элсэн манхан байгаа ш дээ. Тэр рүү чинь өдөрт долоо, найм мацаж гарна гэдэг тийм ч амар биш. Эхний дөрөв таван буулт ерөөсөө болдоггүй. Интэрнетэд худлаа юм тавина гэж баймааргүй юм даа, тэр холоос зорьж ирчихээд нэг ч бууж болохгүй харамсалтай л юм гээд урам жаахан хугарч байна. Гэтэл элс чинь өөртөө snowboardыг дасгадаг юм байна л даа. Элс цас хоёр чинь хоорондоо асар ялгаатай. Тэгээд 6 дахь буултаасаа эвээ олж хэд сайн гулгачихаад ирж байж билээ.

-       Ёстой хобби л гэдэг тэр байх даа. Хэзээнээс Мөнх цаст уулнаас бууж эхлэв? Уулнаас бууя гэж яаж зориглож чадав аа?

-       Sky recort-д МУГТ, уулчин Г.Өсөхбаяр ахын дүү Г.Лувсанданзан гэж хүн цанын-ийн багшаар ажилладаг юм. Лууяа анх бидэнд та нар Мөнх цаст уулнаас буугаач гэдэг санал тавьсан. Тэгээд 2010 оны зун мөнх цаст Сайр хайрханаас буухаар МУГТ, уулчин Г.Өсөхбаяр ахын багийнхантай хамт явсан. Хамгийн анх Сайр хайрханаас найзтай хамт snowboardоор бууж байсан.

-       Эрсдэл ихтэй биш үү? Гулгаад буух нь бүү хэл, багаараа авирч яваад амиа алдсан тохиодол олон байдаг шүү дээ?

-       Бидний хувьд Г.Өсөхбаяр гавьяаттай явж байгаа нь хамгийн том давуу тал юм. Мэдэхгүй хүн бол амь насаа алдах аюултай. Мөнх цаст уулын цас чинь хагарч цуурах асуудал их байдаг юм байна. Байгалиа мэддэг уулын спортын хүнтэй явна гэдэг давуу тал л даа. Өсөхөө гавьяат тэмдэг тавиад явж байхдаа  “Энэ тэмдэглэлээс хааш хаашаа хоёр метрээс илүү гарч болохгүй шүү. Нурах, амь насаа алдах аюултай” гэж хэлсэн. Тэр л нарийн зайгаар бууна шүү дээ. Олон жилийн цэвдэг мөс хагарч цуурсан байхад нь дахиад л шинэ цас ороод битүүрчихсэн байдаг болохоор аюултай байдгийг тэгэхэд ойлгосон юм. Анх мөнх цаст уулнаас буугаад их зориг орсон л доо. Тэндээсээ ирээд snowboardын холбоог тавуулаа нийлж байгуулж байсан юм.

-       2008 он гэхээр чинь таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд мэдээж их ажил амжуулсан байх? Гэхдээ бас дан гулгаад л амьдрахгүй л болов уу?

-       2010 онд мэргэжил дээшлүүлэхээр Герман руу сургуульд явсан. Алпены ноён оргил дээрээс буумаар санагдаад байлаа. Тэнд 2580 метрээс буулаа. Мөнгөө цуглуулж байгаад л буусан. Өшөө өндрөөс буумаар санагдаж л байсан. Гэхдээ миний санхүүгийн боломж тэр байлаа. Монголд хамаг багаж хэрэгслээ үлдээчихсэн болохоор 4000 гаруй метрийн өндрөөс буух боломжгүй болж байгаа юм л даа. kiting гээд шүхэртэй буудаг тэмцээн үзлээ. Би хоббигоо орхиж чадахгүй л байгаа шүү дээ. 2011 онд Монголдоо ирээд дахиад л идэвхжүүлж эхэлсэн. Heinneken брэндэд санал тавьж Sky resort дээр парк байгуулсан. Үзүүлбэрүүд үзүүлнэ шүү дээ. Air bag гэж хийлдэг том дэр байдаг. Хоёр гурван метрээс үзүүлбэр үзүүлэхэд буухад хэрэглэдэг дэр л дээ. Манай дээр яг эрчимдээ гулгадаг гуч гаруй залуу байдаг.

-       Сая хаашаа яваад ирэв ээ. Facebook-д л та нарын сайхан зураг бичлэгнүүд байсан?

-       Увс аймгийн Хахираа Түргэний ноён оргил цагаан Дэглий ууланд гарлаа. Сүүлийн 16 жил хүн гараагүй оргил юм байна.  Урд талаас  нь зам гаргаж авирч байгаад нэг хүн амиа алдаж байсан юм билээ. Нөхцөл байдал нь хүнд. Хойд талаас нь бас зам гаргаж байгаад нэг хүн амиа алдсан гэсэн. Бас ууланд авирахад хичнээн мэргэжлийн гэхээсээ илүү цаг агаарын нөхцөл байдаг юм билээ. Зургаан сард уулчдын цугларалт болдог. Саяын цугларалтанд таван эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчин нийлээд нийтдээ 7 хүнтэй баг болж явсан. Цугларалтад 40 гаруй хүн оролцсон. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй нь snowboard, харин нэг хүн маань цанаар буусан. Сая азтай байсан. 6 сарын 12-нд яваад 25-нд ирсэн. Extreme спортоор хичээллэдэг залуусын баг саяын цугларалтанд явсан. Бид гурван зорилготой явсан. Цагаан дэглий уулнаас буух, Extreme tour Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын мухартын элс гэдэг газар байдаг. Тэнд элсэн дээр гулгах, Завхан сэнж хадан дээр очиж хадны авиралт хийх гээд гурван ажил байсан юм л даа. Гэхдээ их бороотой байсан учраас Сэнж хад руу авирч чадаагүй. Нөгөө хоёртоо бол амжилттай байж чадсан.  

-       Өвлийн хатуу ширүүн спортоор хичээллэдэг хүний хувьд өвлийн олимпийг мөрөөддөг л байх даа?

-       Хоёр дахиа сонгогдсон ерөнхийлөгч маань сая 2030 онд олимп Монголд зохион байгуулна гээд дуугарчихлаа шүү дээ. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүл “Утаанаас хөшөөгөө авна аа. Өвлийн олимп зохион байгуулна” гэчихлээ. Их олон хүн өвлийн олимпыг Монголд зохион байгуулах боломжгүй гэж боддог. Гэтэл энэ чиглэлээр хичээлдэг бидний хувьд энэ бол боломжтой асуудал гэж үздэг. Бүх юмыг цэгцтэй сайхан, зөв хийгээд явахад 8-12 жилийн дотор өвлийн олимпийн Snowboard ийн төрөлд Монгол улс медаль авах бүрэн боломжтой. Мөнх цаст уулнаас бууна гэдэг хэр баргийн хүн хийгээд байхаар ажил биш. Гэхдээ бид бууж л байгаа биз дээ. Яагаад гэвэл бидний цусанд зоримог эрмэг чанар байгаа. Чадахгүй юм гэж байхгүй гэж боддог.

-       Уулчид бол уулынхаа хүрэх ёстой газар хүрчихээд бас өөрийнхөө чадварт итгэж эрддэг байх. Гэхдээ хоёр жилийн өмнө нэгэн уулчинтай уулзаж байхад гарахаасаа буух хэцүү шүү гэж байсан. Та нарын хувьд ч гэсэн ялгаагүй болов уу. Хичнээн ядарч, цуцаж гарах нь бол хэнд ч ойлгомжтой. Гэсэн ч уулын оргил дээр гарлаа. Одоо  та нарын ажил эхэлж байна. Ёстой өөрийн дуртай хайртай спорт болохоор харин ч улам бадрангуй болдог байх? Бяр дуусна гэдэг ч, бяр амтагддаг байх?

-       Уулын оргил дээр гарахад бүгд л адилхан. Өлсөхийн туйл, цангахын туйл, ядрахын туйл болоод л гарна шүү дээ. Уулчид бол амжилтандаа ханаад бууж байдаг. Харин бидний хувьд одоо л ёстой жинхэнэ ажил эхлэх гэж байна ш дээ. Оргил дээр гарчихаад орилолдоод, хашгираад бөөн эрч хүч. Хүн өөрийнхөө дуртай юмыг хийнэ гэдэг чинь өөрөө бөөн эрч хүч байдаг юм байна. Энэ ядарсан биений хаанаас нь гардаг юм бэ гэмээр их эрч хүч гардаг.

-       Надад тэр Хонгорын элс рүү анх явж байсан чинь хамгийн сонин бөгөөд сайхан санагдлаа. Автобус пургон дамжаад л, зуны халуунд элс зориод л явж байдаг. Үгүй ээ, мөн их дураа?

-       Хүмүүс хэлдэг юм. Үхэж болно. Гэмтэж болно. Яг юу нь тэгэж сайхан байдаг юм бэ гэж асуудаг л даа. Гэхдээ яг ингээд сайхан гэхээр хэлэх үг надад олддогүй юм аа. Нэг л юмтэй зүйрлэмээр байна. Төрөлхийн хараагүй хүн байя гэж бодъё. Тэр хүн нар яг ямар вэ гэж асууя л даа. Нар бол шар өнгөтэй, олон цацрагтай. Дулаахан, гэрэлтэй гээд олон юм тайлбарлах болох байх. Гэхдээ тэр хүн нарыг харж байж л аан нар ингээд сайхан юм байна гэж ойлгоно. Тэгвэл яг л тийм мэдрэмж байдаг. Үгээр хэлэхийн аргагүй.

-       Уул руу явахад бэрхшээл их тулгарна биз. Ядаж үглэж дуулах хүмүүс гарах байх? Би л байсан бол олон юм ярина аа?

-       Биднийг явахад жилд хоёр гурван шинэ хүн дагаж явдаг. Замын турш үглэнэ. Би одоо энэ эзгүй уулын мухарт амаараа дүүрэн яртай ядарч туйлдаад юугаа хийгээд яваа юм бэ. Ингэж ч ээлжийнхээ амралтыг нураах гэж, гэртээ зурагтаа үзээд, хоолоо хийж идээд хэвтэж байх нь жаргал байж гээд л замын турш үглэнэ. Бид юу ч хэлэхгүй л явдаг. Тэгээд уулнаас буучихаад буцаад ирэхэд дараа жил нь би явна шүү л гэчихсэн байж байдаг байхгүй юу.

-       Энэ спортоор хичээллэдэг хүний хувьд бусдад хэлэх үгтэй болсон байж таараа?

-       Би өөрийнхөө дүү нарт хэлдэг юм. Спортоор хичээллэ гэж. Өвөл боллоо ханиад хүрнэ. Баахан эм тариа болно. Хавар баахан нэмэлт тэжээлийн бүтээгдхүүн хэрэглэнэ. Хүний бие өөрөө асар том фаприк байхгүй юу. Яг ууланд авираад ядарчихсан байхад хүний тархи ажиллаж эхэлдэг байхгүй юу.  За ус хэрэгтэй байна гэхэд нэг газраасаа ус олоод ирнэ. Саахар хэрэгтэй гэвэл саахар олоод ирнэ. Хүний биед энэ бүгд чинь нөөцлөөстэй байж байдаг. Тэгэж эргэлдэж, өөрийгөө цэвэрлэж байж хүний бие эрүүл байдаг. Тэгэхгүй өнөө нөөцлөснөө хэрэглэхгүй харин ч дээрээс нь нэмэлт тэжээлээр бөмбөгдөөд байдаг. Хүний эрхтэний системүүд ажиллахгүй үхмэл байдалд ороод байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр өөрийхөө биеийг юу ч үгүй болтол шавхах хэрэгтэй юм шиг байгаа юм. Хоёр хөл нь хугарчихсан хүн уулнаас гурван өдөр мөлхсөөр байгаад буугаад ирсэн байсан. Тэгтэл эрдэмтэд түүнийг судлаад үзсэн чинь морифиноос ч илүү хүчтэй шингэн ялгаруулсан байна гээд тэмдэглэчихсэн байсан.

-       Уулын оргилоос буухдаа айдаг уу? Бууж байх асар богино хугацаанд лав юм бодож амждаггүй байх?

-       Юу ч бодож амжихгүй шүү. Айна ш дээ. Үхтэлээ айдаг. Зүрх чинь цээжнээс гарч ирэх гэж байгаа юм шиг болтлоо оволзож байдаг. Хугацаа их сонин ш дээ. 3-н өдөр явж байж гарч ирчихээд нэг минут 50 секунд нь л бууна. Юу ч бодож амжихгүй.

-       Спорт амжилт, эрсдэл хоёрыг зэрэг дагуулдаг гэж би хувьдаа ойлгодог. Та нарын хувьд бол бэртэл гэмтэл гэдэг зүйл хамгийн ойрхон дагаж явдаг нь ойлгомжтой?

-       Бэртэл гэмтэл бол байнга шүү дээ. Яалт ч үгүй тулгуур яс хугарчихсан бол 2 сар хэвтэнэ л дээ. Би нэг өөртөө болсон явдалыг ярья. Миний нуруун дээр нэг юм томбойчихоод өвдөөд л байлаа. Бараг сар болсон байх. Гэхдээ гулгахаар зүгээр болчихоод байсан юм. Гэтэл хамт гулгаж байсан нэг найз маань гараа хугалчихаад гэмтлийн эмнэлэг дээр цуг очдог юм байна. Тэгээд гэнэт санаад эмчээ энд нэг юм өвдөөд байгаа юм гээд үзүүлсэн чинь зургаа авахуул гэж байна. Зургаа авахуулсан чинь эмч “Чи чинь харин овоо юм гар уу. Нурууны чинь сэртэн яс хугарчихсан байна” гэдэг байгаа. Өвдөнө, бэртэнэ. Гэхдээ гулгахаар гайгүй л болоод байсан юм. Хүн дуртай юмандаа дуртай л байдаг юм билээ.

-       Тэгэхээр үүнийг юу гэж ойлгох вэ? Хобби ч биш юм шиг санагдчихлаа?

-       Дон байхгүй юу. Энэ бол жирийн хобби биш. Хүнийг бүүр нэг донтуулдаг байхгүй юу. Бид одоо тус тусдаа ажлаа хийгээд л явж байна. Яг яс юм нь дээр, чи snowboardoo сонгох уу, ажлаа сонгох уу гэвэл snowboardoo л сонгоно гэж хэлнэ. Хүнийг ийм болтол нь донтуулдаг спорт. Мөр мултрах энэ тэр бол юу ч биш шүү дээ.

-       Хэзээ ч гулгахаа больё гэж бодож байсан уу?

-       Үгүй бодоогүй. Энэ чиглэлээр амжилт гаргасан нэг тамирчны ярилцлагыг уншиж байсан. Би өөрийнхөө арван гурван ясыг хугалж байсан гэсэн байсан. Тэр хүн тэгэж байж амжилт гаргасан байна шүү дээ. Түүний дэргэд бидний жижигхэн бэртэл юу ч биш.

-       Та нарын мөрөөдөл юу?

-       Өвлийн олимпыг Монголд зохиох. Өвлийн олипоос Монголчууд медаль аваагүй байхад чи нүд аньж болохгүй шүү гэж өөртөө хэлдэг. Бид бол гуч гарчихлаа. Энэ чиглэлээр амжилт гаргахгүй нь тодорхой. Гэхдээ бид энэ замыг дүү нартаа гаргаж өгөх ёстой Монгол хүн өвлийн олимпоос медаль авна гэдэг үнэндээ санаанд хангалттай багтдаг. Сая цагаан Дэглий уулнаас буухад дараагийн зорилттой болсон. Урамтай сайхан байна. Бид нийтдээ далайн түвшинээс дээш 4000метрээс өндөртэй дөрвөн мөнх цаст уулнаас буусан. Snowboard хамтрагч байхгүй бол болдоггүй спорт. Бид бол нэг нэгийгээ сумлагч гэдэг. Миний сумлагч Мөнхсайхан гэж найз маань байгаа. Хоёулаа нэг нэгийгээ сумалсаар байгаад дээшээ гарсан. Сумалсаар байгаад бууж ирсэн. Бууж ирсний дараа Г.Өсөхбаяр гавьяат та хоёр одоо Эльбурст авирч гараад snowboardooр буу гэсэн. Сая та хоёрыг харж байхад Эльбурсээс буухад асуудал алга гэж урам хайрласан. Ирэх жилийн зорилт бол Эльбурс болчихоод байна.

-       Баярлалаа. Зоригтой, зүтгэлтэй монгол эр хүнтэй ярилцсандаа таатай байна. Таны хүсэл биелж, өвлийн олимп Монголд болох болтугай. Монгол тамирчин Өвлийн олимпийн аварга болох болтугай. 

 























































































Ярилцсан Б.Чулуунцэцэг