Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулсан иргэний тээврийн хэрэгслийг ачих асуудал яг ямар журмаар зохицуулагдаж байна вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Замын хөдөлгөөний нэгдүгээр эгнээнд буюу хориглосон газарт дур мэдэж автомашинаа байрлуулсан иргэний тээврийн хэрэгслийг ачих журмыг өмнө нь цагдаагийн байгууллагын дарга гаргаж, баталдаг байсан. Тэгвэл үүнийг өөрчилж, Хотын захиргаа бүрэн хариуцдаг болсон. Өөрөөр хэлбэл, хотын захиргаанд бүх эрх үүрэг нь шилжсэн гэж ойлгож болно. Гэхдээ одоогийн байдлаар яг, ямар журмаар тухайн тээврийн хэрэгслийг ачиж, жолооч нарыг хэрхэн, яаж торгох зэрэг нь тодорхойгүй байна. Гэсэн ч цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол гаргасан буюу өөрөө явж чадахгүй болсон тээврийн хэрэгсэл болон бичиг баримтгүй, согтуугаар жолоо барьсан жолооч нарын автомашиныг журамлаж, ачиж байгаа. Дээр нь яалт ч үгүй хориглосон газар автомашинаа байрлуулсан жолоочийн тээврийн хэрэгслийг эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрээр ачиж байна.

-Гэхдээ хориглосон газарт автомашинаа байрлуулсан жолоочийн тээврийн хэрэгслийг ачихгүй, хэлэхгүй хэрнээ торгуулийн хуудас ирээд байгааг жолооч нар гайхаж байна билээ. Өөрөөр хэлбэл, ачилтыг зогсоосон хэрнээ яагаад торгууль тавиад байгаа юм бэ?

-Одоогоор хориглосон газарт тавьсан автомашин ачихыг зогсоосон. Зохицуулж байсан эрх зүйн хэм хэмжээ нь байхгүй болоод өөр зохицуулалт орж ирэх гэж байгааг хэлсэн. Нэг үгээр хэлбэл, шинэ хууль, эрх зүйн журам гарахыг хүлээж байна гэсэн үг. Тиймээс автомашин ачих ачилтыг түр зогсоосон юм. Гэхдээ зөвхөн ачилтыг зогсоосон болохоос торгуулийн арга хэмжээ болон өмнөх журам одоогоор үйлчилж байгааг иргэд анхаарах шаардлагатай. Автомашинаа нэгдүгээр эгнээнд тавьсан жолоочид торгуулийн хуудас очдогоороо очиж байгаа. Түүгээр ч зогсохгүй удаа дараа зөрчил гарвал жолооны эрхийг нь хасах хүртэлх арга хэмжээг авах болно гэдгийг жолооч нар анхаарах хэрэгтэй.

-Тэгвэл автомашиныг нь ачихгүй торгууль тавьж болж байгаа юм бол цаашид заавал тухайн тээврийн хэрэгслийг нь ачиж, иргэдэд чирэгдэл үүсгэх шаардлага байна уу?

-Ачилтын компаниуд анхнаасаа ямар зорилготой гарч ирснийг бүгд мэдэж байгаа. Мэдээж өнөөдөр нийслэл хотод автомашины зогсоол үнэхээр хүнд асуудал болсон. Харин зогсоолгүй гэдэг үүднээс жолооч нар дуртай газраа тээврийн хэрэгслээ байрлуулдаг байсан. Үүнээс болж ямар нөхцөл байдал үүсдэг байсныг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Наад зах нь замын түгжрэлээс эхлээд олон бэрхшээл гардаг. Улмаар зам тээврийн осол ихээр гардаг нь нотлогдсон. Замын цагдаагийн газраас зам тээврийн осол гарч болзошгүй, иргэдийн хөдөлгөөн их байдаг газар замын тэмдэг, тэмдэглэгээ тавьдаг. Бид өмнө нь дүрэм зөрчсөн иргэдийн автомашиных нь дугаарыг тайлж аваад явдаг байсан. Тухайн газар тэр машин хэдэн цаг ч хамаагүй зогсож байгаад жолооч нь ирэхээр арга хэмжээ авдаг байв. Зөрчил үнэхээр арилаагүй. Үүнийг бид ярьсаар байгаад ачилтын компани гэдэг зүйлийг оруулж ирсэн.

-Ингэхэд шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолооч нарын тоо хэдэн хувиар буурсан бэ?

-Мэдээж багассан. Гэхдээ одоо бол буцаад нэмэгдэх хандлагатай байна. Шалтгааныг нь сайн мэдэхгүй юм. Уг нь, бид хяналт, шалгалтаа өмнөх шигээ явуулж байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар зам тээврийн ослын дуудлага 17.7 хувь, осол 27.6 хувь, хүн гэмтсэн асуудал 29.1 хувь, нас барсан хүн 30.8 хувь, согтуу жолоочийн илрүүлэлт 40.2 хувиар буурсан. Үүнээс харахад тухайн жолооч хуулиа мөрдөөд, замын хөдөлгөөндөө соёлтой оролцох юм бол осол, аваар гарахгүй. Үүнийг л хаана хаанаа сайн анхаарах хэрэгтэй.

Б.Бат