Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр гэрлэх хосууд “Хамтын хариуцлагын гэрээ” байгуулах тухай гаргасан захирамжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цуцлахаар болжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд гаргасан захирамжийн дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос захирамжаа цуцлах шаардлага хүргүүлсэн ч хүний эрх зөрчөөгүй гэх үндэслэлээр шаардлага биелүүлэхгүй болохоо мэдэгдсэн байна.

Улмаар ХЭҮК удирдах албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад шаардлагыг хүргүүлсэн бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн захирамжийг цуцлахаар болжээ.

Сүүлийн жилүүдэд манай аймагт гэр бүл салалт ихсэх хандлагатай болсон байна. Тиймээс П.Мөнхтөр гэр бүлийн бат бөх байдлыг хадгалах, салалтаас үүдэн гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шинээр гэрлэгсдэд “Хамтын хариуцлагын гэрээ” байгуулах шийдвэр гаргасан байна.

Хэрэв энэ гэрээг байгуулж, нотариатаар батлуулаагүй бол гэрлэлтийг нь батлахгүй болохыг захирамждаа тусгасан байна.

Харин ХЭҮК-оос “сайн дурын үндсэн дээр бий болдог харилцааг төр бүртгэх үүрэгтэй болохоос харилцаанд оролцох, үүрэг үүсгэх эрхгүй” гэсэн үндэслэлээр цуцлахыг шаардсан байна.

http://www.dornod.net