Одоогоос хоёр жилийн өмнө Ц.Оюунбаатар, Л.Цог, Ц.Цолмон нарын тэргүүтэй нэр бүхий 24 гишүүн өршөөлийн тухай хуулийг батлан гаргаж, тодорхой тооны хүмүүсийг ялаас хэлтрүүлж, хувь хүн болон улсын эдийн засагт ээлтэй алхам хийхээр төлөвлөсөн байдаг.

Гэвч уг асуудлыг хэлэлцэлгүй нэлээд сунжруулсаны эцэст өчигдөр УИХ-ын чуулганаар оруулаад баталчихлаа. Хууль батлагдсан өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд өршөөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, мөн 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон ялтан, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийг эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас нь өршөөн суллах юм. Мөн түүнчлэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг ч тус тус хэрэгсэхгүй болгох ажээ.

Ингэснээр хямралтай байгаа өнөө үед улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой болох юм байна. Өөрөөр хэлбэл нэг хоригдолд хоногт 10 гариу мянган төгрөгийг улсын төсвөөс зарцуулдаг байна. Ингээд суллагдах хүний тоо 4 мянга гэж бодохоор энэ жилийн эцсийн төсөв болон ирэх оны төсөвт багагүй хөнгөлөлт болох нь дамжиггүй ажээ. Нэг талаас нь аваад үзвэл ийм байна. Харин нөгөө талдаа тэр олон хүнийг хаана хэрхэн нийгэмшүүлээд, яаж хүний дайтай амьдралд хүргэх вэ. Тэднийг шингээх ажлын байр, сургах сургууль, хүмүүжил, төлөвшил олгох нөхцөлийг бэлдсэн үү. Өмнө нь манай улс 1991, 1996, 2000, 2006, 2009 онуудад Өршөөлийн тухай хууль батлан гаргаж, тодорхой тооны хүмүүсийг ялаас хэлтрүүлж байлаа. Мөн мөрдөн байцаалт, прокурорын шатанд байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд хамгийн сүүлд буюу 2009 оны хуулиар гурван мянга гаруй хоригдол төрийн өршөөлийг авч, эрх чөлөөтэй болсон байдаг.

Тухайн үед өршөөлөөр гарсан хүмүүс дахин гэмт хэрэгт холбогдож, хулгай хийн танхайрч, хүчингийн хэрэгт холбогдлоо гэх мэдээлэл нэлээд гарсан. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө бидэнд ажил байхгүй, амьдрах нөхцөл алга хулгай хийхээс өөр сонголтгүй гэж мэдүүлэг өгөх нь ч байсан юм. Тэгэхээр хуулийг батлан гаргагчид өмнөхөөсөө сургамж аван, гарч болох эрсдэлийг хэрхэн тооцоолсон юм бол.

Тэднийг өршөөх нь тун энэрэнгүй зөв үйлдэл болж байна. Гэхдээ тэд нэг л өдөр бөөнөөрөө гараад ирэх нь байна. Дөрвөн мянга гэдэг цөөхөн хүн амтай манай нийгэмд бага тоо биш. Тэднийг нийгэм яаж, хүлээж авах вэ.


Тэр бүү хэл тэдний аав, ээж, хань ижил нь хүртэл гадуурхах тохиолдол бий. Барууны өндөр хөгжилтэй орнуудад ялтныг сул­лагдахаас нэг жилийн өм­нө нийгэмшүүлэх ажлыг эрчимжүүлдэг юм байна.


Ингэхдээ хоригдолтой сэтгэлзүйч нээлттэй ярилцан ажиллаж, айдас, бухимдал, түгшүүрийг аажмаар арилгадаг байна. Ингээд дараагийн ээлжинд хорихоос суллагдаад хүн шиг амьдрахад нь дэм болохуйц амьдралын зөв хэвшлийн тухай яриа өрнүүлж, сэт­гэлийн тэнхээ хайрладаг бөгөөд тэднийг сайхан амьдрах мөрөөдөлтэй, өмнөхөөсөө өөр хүн болсоных нь дараа сулладаг аж. Өөрөөр хэлбэл тэднийг нийгэмд гараад амьдрал зохион үр хүүхэдтэй болж, хичээнгүй шударга хөдөлмөрлөж бусадтай адил сайхан амьдрах хамаг нөхцөлийг бүрдүүлчихэж байгааа юм. Үгээр хүнийг үхүүлж ч болно, амьдруулж ч болно гэдгийг хөгжилтэй орны чадварлаг сэтгэлзүйчид ийн баталдаг юм байна. Үүнээс гадна улсаас нь ажлын байр боловсрох олгох нөхцөл зэрэг хамаг зүйлийг нь бэлдэнэ.

 

Эдийн засгийн хямралтай өнөө үед манайд ажлын байр тун хомс болсон. Хувийн зарим жижиг компаниуд хаалгаа барьж, барилгын ажлууд царцаж, зарим аж ахуй нэгж байгууллагууд орон тоогоо цомхотгож байгаа. Төрийн албанаас цомхотголд өртсөн хүмүүст ажлын байр олдохгүй байгаа энэ цагт, торны цаанаас гарч ирсэн хүмүүсийг ажилд авах байгууллага олдох уу. Манайд ажлын байр хомс, ажил идэвхтэй хайгчидын тоо өндөр болоод тэр үү, ажлын туршлагагүй, ял эдэлж байсан, өмнөх ажлаасаа халагдсан зэрэг шалтгаантай бол томоос том асуудал болдог бөгөөд ажилтай байх мөрөөдөл талаар болох нь энүүхэнд гэдгийг хэн хүнгүй мэдэх байх.Үүнээс гадна ялтанууд олноороо суллагдана гэхийг сонсоод, нийгэм нэг л айдас хүйтэстэй болсон нь анзаарагдаж байна. Тиймээс тэднийг хэрхэн нийгэмшүүлэх вэ. Хэрэв тооцоо, төлөвлөгөө гаргасан бол эрх мэдэлтнүүд олон нийтэд хэлмээр юм. Хэрхэхийг төлөвлөөгүй бол энэ маш том асуудал болох нь байна шүү.

 

Н.Ганчимэг