МАХН-ын дарга Н.Энхбаярын бор оймсоо өргүүлэх хүртэл асуудал нь өндрийг авсан "Улаанбаатар таймс" сонины байрыг дуудлагаар худалдахаар болсон байна.

Хотын төвд балгас болж олон жил болсон энэхүү барилгын дуудах анхны үнэ 7,1 тэрбум төгрөг. Авах сонирхолтой аавын хүү энэ байшингийн балгас байгаа 2698м2 бүхий газрыг хэдээр үнэлэхийг таашгүй. Эндээс харахад нийслэлд төв цэг буюу А бүсэд байрлах газрын доод үнэ 7,1 тэрбумаас эхлэх ханшийг тогтоож байгаа бололтой.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай хэмээн албан зард дурджээ. Ингээд анхны дуудах үнийг 7,155,000,000 гэсэн байна.

Улстөрчдийн хэрүүлийн бай, гадныхны өмнө муухай харагдуулдаг балгас зарагдаж магадгүй.

 

Б.Санчир

http://www.times.mn