Үүрэн телефоны оператор компаниудтай холбоотой гомдол их бий. Тэр тусмаа “Мобиком” корпорацийнхан иргэдийн мөнгийг бага багаар өөрийн халаас руу хийхээ юман чинээ ч тоохоо больж.

ШӨХТГ-т тэдэнтэй холбоотой гомдол их ирдэг. Харин тэд иргэдийн гомдлын дагуу шалгадаг бас торгодог. “Мобиком”-ын хувьд 10 сая төгрөг юу ч биш болоод удаж байгаа. Тэд энэ хэмжээний мөнгөөр торгууллаа л гэж дуулддаг. Иргэдийг шулж байгаа нь батлагдлаа, нотлогдлоо л гэдэг. Гэсэн ч тэд иргэдийн мөнгөөр тоглож, шулахаа зогсоохгүй нь бололтой.

ШӨХТГ-ынхан тус корпорацитай холбоотой гомдлын дагуу шалгалт явуулжээ. Иргэдийн зүгээс төлбөрөө хянаж чадахгүй байна, интернэт ашиглах гэж дата багц хэрэглэх, гадаадад утсаа ашиглахад төлбөр нь маш өндөр гарчихдаг гэсэн асуудлыг тавьжээ. Энэ дагуу хяналт шалгалтыг хийхэд урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр, бичгээр байгуулсан гэрээнд нь өөрчлөлт оруулахгүйгээр суурь хураамж гэж төлбөр авсан. Үүнийгээ 2014 оны 11 сарын 18-ны өдөр захирал нь тушаал гаргасан боловч 11 сарын 1-нээс ухрааж төлбөрийг нь авсан аж.

Мөн хэрэглэгчдэд буруу мэдээлэл өгдөг. Бодит байдалтай нийцэхгүй мэдээлэл өгдөгөөс болоод хэрэглэгчид илүү төлбөр төлөх, хэрэглээндээ хяналт тавих боломжгүй болдог. Үүнээс болж Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хуулийн тодорхой заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гараад 10 сая төгрөгөөр торгож, захиргааны хариуцлага ногдуулжээ.

Гэвч “Мобиком”-ынхонд энэ торгууль тавьсан нь ямар нэг нөлөөлөл үзүүлэхгүй байгаа бололтой. Тийм ч учраас ийм хэмжээний торгууль тавиад тэд хашраагүй дахин хууль зөрчсөн байна. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн асуудал гаргасан. Тухайлбал, давамгай байдлаа хууль бусаар ашигласан, өрсөлдөгч байгууллагаа зах зээлээс шахан гаргахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Энэ нь нэлээд хариуцлага өндөртэй заалт. Яагаад гэвэл энэ нь зах зээлд маш хор уршигтай нөхцөл байдлыг бүрдүүлдэг гэж ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлсэн юм.

Дахин дахин торгууль тавьж, хууль зөрчсөнийг нь шалгаад тогтоогоод байхад л тоохгүй байгаа “Мобиком”-ынхныг яах вэ. Хуулиас дээгүүр эрх мэдлийг тэдэнд хэн өгөөд байна вэ.

ШӨХТГ-аас “Мобиком”-д хатуухан арга хэмжээ авахаар шийдсэн байна. Энэ арга хэмжээ нь 2.3 тэрбум төгрөгийн торгууль. Энэ торгуулиа тэд өгөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Иймдээ ч удирдлагууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу уг торгуулийг хүчингүй болгуулахаар ШӨХТГ-ынханд хандсан аж. Гэсэн ч үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус газраас үзэн хариуг нь “Мобиком”-ынхонд өгсөн байна.

Энэ удаа ШӨХТГ-ынхны тавьсан торгуулийг “Мобиком” корпорацийнхан төлөх болов уу. 2.3 тэрбум төгрөгийн торгуулиа төлж, иргэдийг дахин шулахгүй байж чадах уу.

bolod.mn