Монголчууд эрэгтэй хүүхдээ цэрэгт явуулахдаа "эр хүн" болж ирнэ. Мөн эх орныхоо алтан хилийг нэр төртэйгээр хамгаалах хэрэгтэй гэж үзэн дуртай нь аргагүй цэрэгт мордуулдаг байлаа.

Гэтэл сүүлийн жилүүдэд цэргийн зарлан дуудах хуудас ирэнгүүт л санаа нь зовж эхэлдэг болоод буй тухай та дуулсан биз. Учир нь "цэрэгт яваад буцаж гэртээ ирэхгүй" байх вий гэсэн айдас хэн хүний сэтгэлийг нөмрөх үйл явдал олонтоо гардаг болов.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан таван байлдагчид амиа алдсан хэрэг гарав. Энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн анх мэдээлсэн. Тэгвэл уг мэдээллийг Хил хамгаалах газраас ташаа хэмээн үгүйсгэсэн юм.

 

-Цэргээсээ халагдаж ирээд өвчин нь хүндэрч нас бардаг-

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 2013 оноос эхэлж Хууль зүйн яаманд гурван удаа, Хилийн цэрэгт нэг удаа тус бүр албан бичиг явуулжээ. Эцэст нь цэргүүдийн ар гэрийнхэн Хилийн цэргийнхэнтэй уулзуулж өгөх хүсэлт тавьсан тул Ц.Даваасүрэн гишүүн хоёр талыг оролцуулсан уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг уулзалтад Хилийн цэргийнхэн оролцоод цэргүүдийн ар гэрийнхнээс уучлал гуйсан. Гарч яваад хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ эдгээр хүмүүсийг хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Хилийн цэргийнхний нэр хүндийг гутаалаа” гэсэн нь хариуцлагагүй явдал. Уг уулзалт бодит баримтан дээр үндэслэгдэж яригдсан юм.

Нас барсан залуусын нэрийг хэлье. Д.Мэндхүү 21 насандаа, Б.Буяндэлгэр 21 настайдаа, П.Бөхбаатар 21 насандаа, Э.Буянбадрах 19 насандаа, Ч.Отгонбүрэн 20 насандаа хоёр жилийн дотор нас баржээ. Тэднийг эмчийн үзлэгт оруулаад, эрүүл гээд л явуулсан шүү дээ. Хамгийн анх надад 2013 онд энэ асуудлаар нэг гар бүл хандсан. Би Хууль зүйн яаманд уламжилсан. Ингээд хариу хүлээх зуур дахин нэг хүүхэд эндчихдэг.

Иргэн П.Баттунгалаг: Миний дүү П.Бөхбаатар 2012 онд 0311 дүгээр анги руу алба хаахаар яваад 2013 оны аравдугаар сард турж эцсэн байдалтай, хүнд өвчтэй ирсэн. Өвчин нь даамжирсаар 2014 оны наймдугаар сард нас барсан. Үхэн үхтлээ нэг ч хүний нэр хэлээгүй, алба хаах хугацаанд юу болсныг огт яриагүй. Загнаад, шахахаар цэргийн нууц гэдэг байсан. 11 дүгээр ангиа төгсөөд цэрэгт явсан юм. Дуулах дуртай, авьяаслаг хүүхэд байсан. Би их сургуульд сурах байж, яах гэж энд ирэв ээ, миний л хохь юм даа гэж өөрийгөө зүхэх болсон. Би тэр цэргийн ангид очиж үзээгүй ч орчны эрүүл ахуй нь маш муу байх гэж боддог.

Учир нь өөр нэг эрэгтэй дүү маань бас л энэ ангид алба хаагаад ирэхдээ хоёр хөл дээрээ том том, сорвитой болоод ирсэн. Хатиг гарахаар үлддэг сорвитой адил. Гэтэл дараа нь явсан дүү маань мөн л адил, бөөн сорвитой болчихсон ирсэн. Зөвхөн нэг хөл дээрх сорвийг нь тоолоход 27 хүрсэн. Ногоон толгойтой юм гараад, хөл бандайтлаа хавдан, дэлбэрсэн гэж хэлж байсан. Талийгаач дүүтэй маань хамт алба хаасан цэрэг цусны цагаан бөөмийн хавдар гэсэн онош тавиулаад, мөн л нас барсан. Хөлөн дээрх хатиг нь үрэвсэн, ясыг нь идэж, чөмгөнд нь орсноор цусны цагаан бөөмийн хорт хавдар тусч, миний дүү нас барснаас сарын дараа өөд болсон.

Харин Хилийн цэргийн албаныхан тэр хүүг шумуул хазсанаас нас барсан гэж тайлбарлалаа. 2007-2013 оны хооронд алба хаасан бүх цэрэг их бага сорвитой ирцгээсэн. Яагаад хөлийн тавхайнаас өвдөг хүртэл нь хазаад, өөр газарт нь хазаагүй вэ гэдэг нь их сонин. Хилийн цэргийнхэн ийм л хариуцлагагүй зүйл ярьсан. Бид хэн нэгний ажилд саад хийх гэж ирээгүй. Хүний амь удаа дараа эрсэдсэн болохоор цаашид ийм зүйл бүү гараасай гэсэндээ ирлээ.

- Эцэг, эхчүүд "Эрүүл гэсэн эмчийн бичигтэй хүүхдээ хүлээж авна" гэдэг болсон-

Ренчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Энхтүвшин “Цэрэг татлага, халалтыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хариуцдаг. Маш хүнд, эцэг, эхчүүд одоо “Эрүүл гэсэн эмчийн бичигтэй хүүхдээ л хүлээж авна” гэдэг болсон. Ренчинлхүмбэ сумаас 0311 дүгээр ангид татагдсан цэргүүдээс тав нь ар гэрийнхнийхээ асаргаанд байгаа. Тэдний нэг нь цэргийн албанд байхдаа ар гэр рүүгээ утсаар ярьж “Одоо надад бүтэн эрхтэн үлдсэнгүй, зодуур их байна, дэг их байна” гэж ярьсан байдаг. Ийм яриа сонссон учраас эцэг, эх нь сумын Засаг даргын Тамгын газарт хандсан, би аймгийн Цэргийн штаб, аймгийн Засаг даргад хандсан байгаа.

Мөн цэрэгт татагдаад удаагүй байсан хүүхдийг нь өвдлөө гээд цэргийн ангиас ярихад нь ар гэрийнхэн нь очсон, гэтэл өрц нь цоорсон байсан. Цэргийн алба хаасан нэг жилийн хугацааныхаа долоон сарыг нь эмнэлэгт байж, хаасан. Халагдаад ирснийх нь дараа эмчийн нарийн үзлэгт оруулахад юу ч хэлдэггүй. Бодит байдал ийм байгаа. Бид 1000 гаруй км цаанаас Улаанбаатар хотыг зорьж ирсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын нэр хүндийг зохиомлоор гутаах гэж ирсэн юм биш. Асуудлыг анхаарч засахгүй бол эрдэнэт хүний амь эрсдэж, хүнд өвчин тусч байгаа учраас зохих хүмүүстэй нь уулзаж бодит үнэнийг хэлж арга хэмжээ авахуулах гэж л ирсэн” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

 

-Цэргүүд алба хааж байхдаа нас бараагүй-

Тэгвэл дээрх хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийхдээ тав биш нэг цэрэг амиа алдсан хэмээн мэдэгдэв. Таван цэрэг алба хааж байх хугацаандаа амиа алдсан гэсэн нь ташаа. Тодруулбал Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын II багийн иргэн талийгаач Бөхбаатар 2012 оны аравдугаар сард цэргийн албанд татагдаж цэргийн албаа амжилттай хаан бэлтгэлээр халагдсан байна. Алба хааж байх хугацаандаа сахилгын зөрчилд холбогдож байгаагүй. Мөн гэмтлийн улмаас болон ямар нэгэн өвчнөөр эмчлэгдэж байгаагүй цэргийн албанаас халагджээ. Цэргээс халагдсан хойноо өвчилж нас барсан.

Харин талийгаач Б.Бат-Эрдэнэ нь 2012 онд цэргийн албан татагдан ирээд алба хааж байх хугацаандаа гэдэс, хэвлий дүүрэх зовиуртайгаар Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэн онош бүрэн тодроогүй тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт татан авч шинжилгээнд хамруулахад хэвлийн сүрьеэ гэх оноштой болох нь тогтоогджээ. Ингээд 2013 оны наймдугаар сард цэргийн албанаас чөлөөлөгдөж, ХХЕГаас нэг сая нэг зуун ерэн долоон мянга таван зуун /1,197,500/ төгрөгийн эмчилгээний зардал олгосон. Гэвч дараа нь сүрьеэ өвчнөө дийлэхгүй нас барсан.

Талийгаач Б.Батдэлгэр нь цэргийн үзлэгийн үеэр онош нь илрээгүй. Цэрэгт ирсэн хойноо цусны цагаан эсийн хурц хавдартай болох нь тогтоогдож халагдсан. Халагдсныхаа дараагаар харамсалтайгаар нас барсан байсан хэмээн ХХЕГ-ын Хилийн боомтын хэлтсийн дарга А.Ганбилэг хэвлэлийн хурал хийх үеэрээ хэлсэн юм.

Ийнхүү цэл залуу насандаа эх орноо хамгаалах гэж цэргийн албанд мордсон залуус алтан амиа алдсан нь тун харамсалтай. Холбогдох байгууллагууд дээрхийг анхааралдаа аван шалгах нь зүйн хэрэг биз ээ.

 

Х.Даваа