Манай улсын хил дээрх боомт, чөлөөт бүсүүд хөгжихгүй, хилийн нөгөө талд байгаа боомт хөгждөг уламжлал тогтчихов? 1990-ээд онд Замын-Үүдийг зэгсэн гэсэн суурин байхад Хятадын Эрээн жижиг гацаа байсныг хэн хүнгүй мэдэх билээ.

Хятадын Засгийн газраас Эрээнийг эдийн засгийн чөлөөт бүс болгож, ядарсан монголчууд бид хөгжүүлсэн гэхэд хэлсдэхгүй. Алийн болгон хүний сайхныг бишрэн хараад суухыг хүсэх билээ. Иймээс ч Дорнод аймгийн Чойбалсан хотыг “Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн чөлөөт бүс” хэлбэрээр хөгжүүлэх саналыг орон нутгийн удирдлагууд дэмжин иргэдээсээ санал авч Засгийн газарт хүргүүлэхээр болжээ. Тус бүс нутаг нь хөрш орон руу шууд хиллэдэг нь чөлөөт бүс байгуулах хамгийн давуу тал болох юм.

Чөлөөт бүс байгуулах нь олон талын ач холбогдолтой. Нийгэм эдийн засгийн хувьд гэвэл бүс, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах эрчимжүүлэх, ХАА-н бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, өндөр технологиор үйл ажиллагааг дагнан явуулах компани үйлдвэрлэгчид бий болох. Харин төрийн бодлогын хувьд гадаадын хөрөнгө оруулалт, өндөр технологи, үйлчилгээ нэвтрүүлэх, өндөр мэргэшсэн хүмүүст шинэ ажлын байр бий болгох зэрэг болно. Харин хөрөнгө оруулагчдийн хувьд үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд ойртуулах, импорт, экспортын гаалийн татварыг тогтвортой багасгах, дэд бүтцийг хөгжүүлэх, хямд ажиллах хүчин ашиглах гээд олон зүйл бий.

Манай улс чөлөөт бүс байгуулах боловсон хүчний чадавх сул, дэд бүтцийн хөгжил муу байгаа ч 2-5 жилийн цаадахыг биш 30-50 жилийн алсын хараатай төлөвлөн ажиллах шаардлагатай. Дэлхийн туршлагаас харахад хүчирхэг эдийн засагт шилжсэн орнууд 15-25 жилийн хугацаанд хөгжлийн өндөр түвшинд хүрч чадсан байдаг. Эдүгээ дэлхий дахинаа 135 гаруй оронд ажиллаж буй 3000 гаруй чөлөөт бүс нь 63 сая хүнийг ажлын байраар хангаж, 500 тэрбум ам.долларын бараа эргэлт гүйцэтгэж байгаа гэсэн тооцоо судалгаа байдаг. Мөн худалдааны чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, үйлдвэрлэлийн парк, шинжлэх ухаан технологийн бүс гэсэн үндсэн төрлүүдээр үйл ажиллагаа явуулдаг, их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээс хойш нэлээд хугацааны дараа үр дүн нь мэдрэгддэг утгаараа Чөлөөт бүсийн төсөл онцлог юм.

Т.Буянаа