Он гарсаар гурван сургуульд хоолны хордлого, хордлогот халдвар гарсан. Тодруулбал, есдүгээр сарын 13-нд Олонлог бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн хоолны хордлого, хордлогот халдварын улмаас зургаан хүүхэд хэвтэж эмчлүүлжээ.

 

Тиймээс НМХГ, ХӨСҮТ-тэй хамтран "Хүрээ", "Олонлог", Олон улсын “И-Эс-Эм” дунд сургуулиудад гарсан хоолны хордлогын талаар хяналт шалгалт хийж, зөрчлөө арилгах хүртэл нь түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.

 

Сургуулиудын цайны газарт хийсэн шалгалтаар хүнс хадгалалтын горим ихээхэн зөрчиж байгаатай холбоотой зөрчлүүд зонхилж байсан аж. Иймд “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетийн аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ” MNS 6308:2012 стандартын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр дээрх гурван сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

 

Шалгалтад гурван сургуулиудын нийт 610 сурагч, есөн багш, долоон ажилтан хамрагдсаны 334 сурагч, гурван багш, хоёр ажилтанд эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Илэрсэн зөрчлүүдийн дийлэнхи нь хоол үйлдвэрлэлийн орчин стандартын шаардлага хангаагүй, хоол үйлдвэрлэлийн технологийн зөрчил, түүхий эдийн баталгаажаагүй байдалтай холбоотой байсан аж.

 

"Олонлог" сургуулийн цайны газар

1.Хоол үйлдвэрлэлийн технологи, урсгал ажиллагаа эрүүл ахуйн шаардлага хангаагүй

2.Цайны газрын ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй

3.Нян судлалын лабораторигүй эмнэлгээр нян тээгчийн шинжилгээг хуурамчаар гаргуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.

 

Тиймээс хуурамч шинжилгээ бүрдүүлэн, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан нэг байгууллага, зургаан албан тушаалтанд 12,096,000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

 

“Хүрээ” сургуулийн цайны газар

1. Ажлын байр нь зураг төслийн дагуу баригдаагүй

2.Халуун боловсруулалт, угаалга, бэлтгэл, агуулах, ажилчдын хувцас солих хэсгийг нэг дор зохион байгуулсан зэрэг зөрчил илэрчээ.

 

Олон улсын "И-Эс-Эм" сургуулийн цайны газар

1.Хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хоол амтлагч нь хаяг шошгын зөрчилтэй

2.Зарим нэрийн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн нь баталгаажилтгүй байсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймд стандартын шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр дээрх гурван сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Тэгвэл ард иргэдийн зүгээс хүүхдийн хоол гэж эрүүл мэнд, амь настай нь холбоотой зүйлд хариуцлага алдаж буй сургуулиудад хатуу хариуцлага оноох ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.

Д.Дуулим

Эх сурвалж: http://www.24tsag.mn/