Нэг хэсэг тэнгэрт хадаж байсан махны үнэ хатуу өвөл болох сургаар сүүлийн үед ихээхэн буурч байгаа яриа хаа сайгүй дуулдах боллоо. Нийслэлийнхэн өвлийн идшээ базааж байгаа энэ өдрүүдэд махны үнэ хямдарсан нь эдийн засаг хүнд, цалин хөлс цагтаа буухгүй байгаа өнөө үеийн ганц сайн мэдээ болж байна. Нэг талаас өвөл болохоос өмнө махаа борлуулах гэсэн малчдын нийлүүлэлт, нөгөө талаас хямд байгаа дээр нь идшээ бэлдэх гэсэн хэрэглэгчдийн эрэлт яг таг нийцэж, “Хүчит шонхор” захын гаднах талбай мах ачсан орон нутгийн машин, худалдан авагчдаар дүүрч, хүн явах зайгүй шахам хөл ихтэй байна.

“Ямар мах авах вэ? Сайн яриад өгнө шүү” хэмээн ар өврөөс татаж, хоргоох махны худалдаачид өглөө үүрийн таван жингээс эхлэн “Хүчит шонхор” дээр худалдаагаа хийнэ. Өглөөний 6:30 цагийн үед хөдөө, орон нутгаас мах нийлүүлдэг ченжүүд тэвш дүүрэн ачсан, бод, богийн махыг тус захын худалдаачдад авчирч өгөх ажээ.

Ихэвчлэн зүүн аймгаас ирсэн малын махыг энд худалдаалж байна. Орон нутгаас ирсэн хонины махыг “Хүчит шонхор”-ын худалдаачид нэг кг-ыг 2800-3000 төгрөгөөр бодож аваад, 4400 орчим төгрөгөөр зарах аж. Амт чанар, амин дэмийн ичлэгтэй үхрийн мах бусдаасаа арай өндөр үнэтэй буюу бөөндөө килограмм нь 3800-4200-гийн хооронд хэлбэлзэж, лангуун дээр ирэхээрээ 5200 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин ямаа болон адууны мах 2800 төгрөгийн ханштайгаар худалдаачид болон иргэдийн гарт шууд хүрч байна.

Өнгөрсөн зун ихэнх нутгаар газрын гарц муутай, зуншлага тааруухан байсан учир малчид өвлийн хахир хатуу цагаас урьтаж, мал сүргийнхээ тоо толгойг цөөлж байгаа. Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас ирж “Хүчит шонхор”-т махаа борлуулж байгаа малчин ч ийн ярилаа. “Өнгөрсөн зун ерөнхийдөө гандуу байлаа. Манай нутагт хээрийн түймэр гарч, малын идэш гэх юм юу ч үлдээгүй. Зундаа олигтой ногоо идээгүй олон малтай өвлийг давна гэдэг чанга. Тиймээс малаа цөөлөх гээд мах болгоод аваад ирлээ. Хүүхдийн сургалтын төлбөрт ч нэмэр болно. Гэхдээ махны үнэ хямд байна” хэмээсэн юм.

Бог малын мах бөөндөж зарж буй ачааны машинуудын хажуугаар явбал “Хүчит шонхор”-ын жижиглэнгийн худалдаачид ойролцоогоор 17 килограмм жин татах гулуузалж хөргөсөн хонины шинэ бүтэн махыг 51000 төгрөгөөр бодож 20-30 гулуузыг бөөндөж авч байлаа. Ингээд бөөндөж авсан гулуузаа дотор лангуунд жижиглэнгээр зарахдаа авсан үнээсээ даруй 1000-1200 төгрөг нэмэх аж.

Энэ тухай “ХҮЧИТ ШОНХОР” захын түрээслэгч О.Цогтоо ярихдаа “Хөдөөнөөс махны нийлүүлэлт сайн байгаа, үнэ ч хямд байна. 8500 төгрөгөөр худалдаалж байсан хонины мах одоо бараг 50 хувь хямдарсан. Энэ нь хөөрхий малчдад ч ашиггүй, амьдралаа тэтгэх гэж яваж яваа бидэнд ч ашиггүй болчихлоо. Иргэд л хожиж байна. Гэхдээ нэгэнт нөхцөл байдал ийм байхад эвлэрэхээс өөр арга алга” гэв. Бусад түрээслэгчидтэй ярилцахад ч мөн л ийм утгатай хариулт өгч байна.

Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Булган зэрэг зүүн аймгийн малын мах том, тарга тэвээрэг сайтай байдаг учир “Хүчит шонхор” захад илүү худалдаалагддаг тухай захын зохицуулагч нар хэллээ. Баруун аймгуудын малын мах холоос ирдэг, жижиг биетэй учир тийм ч ихээр зарагддаггүй бололтой. Гэвч чанартай, амттай байдаг гээд Баянхонгор болон Завхан аймгаас ирсэн зарим худалдан авагч хайж явахтай ч таарлаа.

Үхэр, адуу, хонь, ямааны махыг гулуузлан хөлдөөж машины тэвш дүүргэн ачсан наймаачид бие биеэсээ өрсөн махаа борлуулахаар ширүүхэн өрсөлдөнө. “Хөөрхий малчдынхаа хөлс хүч шингэсэн малын махыг энэ дамлагчдаар дамжуулан өндөр үнээр авч байгаа хотын бид хохирч байна. Дамлан худалдааж байгаа ченжүүдийг болиулмаар байна” хэмээн ярих хөгшид, худалдаачид ч олон байлаа.

Портер, Бонго маркийн ачааны машины тэвшнээс хөлдүү махыг тав таваар нь түрдэг тэргэнд ачих нь ачаад, үүрэх нь үүрээд худалдан авагчдын машин руу зөөх ачигчдаас эхлээд хямдхан бөгөөд амт чанартайхан мах хайн тэвш болгон руу өнгийн үнэ асуух иргэдийн хөл хөдөлгөөн энд үл тасарна. Төө холоос “Хөөе хэн ээ эндээс үүрүүлье”, “Адуу, үхрийн мах түрүүлье” хэмээн хашгирч, нэрийг нь үл мэдэх хэн нэгнийг дуудсаар их хотын хамгийн хөл хөдөлгөөний захын амьдрал үргэлжилсээр. Шинэ мах, хямд үнийг эрэлхийлэх хотын оршин суугчид аа гэж.

З.Батхуяг

Эх сурвалж: Newscom.mn