Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмыг улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын шийдвэр гарсан. УИХ-аар хэлэлцэх ёстой энэ шийдвэр өнөөг хүртэл нутгийнхны дунд маргаан дагуулж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд, мөн Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт хоёр Ноён уул газрын зурагт тэмдэглээстэй байдаг. Засгийн газрын шийдвэрээр энэ хоёр ноён уулын нэгийг нь тусгай хамгаалалтад авахаар болоод байгаа юм.

Засгийн газрын энэ шийдвэр олон эргэлзээ төөрөгдлийг дагуулж байгаа учраас ирэх долоо хоногт хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтоод байгаа.

Жижиг ноён уул буюу далайн түвшнөөс 1759 метрт өргөгдсөн энэ уулыг Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан тахиж шүтэж ирсэн. Бас орон нутгийн тусгай хамгаалалтадаа авсан. Энэ хэсэгт ямар нэгэн археологийн үнэт олдвор олдоогүй болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Зураг дээрх улаанаар тэмдэглэгдсэн хэсгийг буюу жижиг Ноён уулыг улс тусгай хамгаалалтад авахаар дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрөл, хоёр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор болсон.

Гэтэл урд Ноён уул буюу далайн түвшнээс дээш 1722 метрт өргөгдсөн Ноён уул орчим нь түүхийн үнэт олдвор олддог гурван ам бүхий уул юм. Энэ хэсгийг харин улсын тусгай хамгаалалтад авалгүй зөвхөн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаа бодон уул уурхайн компаниудын мэдэлд орхижээ. Нэг үгээр хэлбэл энд Центерра гоулд компанийн мэдэл дэхь 50 тн-алтны нөөц бүхий орд газрыг үлдээхийн тулд нэгэнт олборлолт хийгдэж нөхөн сэргээгдээгүй талбайг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

Засгийн газрын ноён уулыг хамгаалалтад авах үндэслэл дотор байгаль экологийн тэнцвэрийг хадгалах бас түүх соёлын үнэт дурсгалыг хамгаалах гэсэн үндсэн зорилго агуулагдаж байгаа. Гэхдээ үндсэн зорилгоосоо хазайсан нь дээрх баримтуудаас нотлогдож байна. Тиймээс ч нутгийн иргэд хэрвээ ирээдүйгээ бас түүх соёлоо, газар нутгаа бодож байгаа бол энд уул уурхай явуулах шаардлагагүйгээр бүхэлд нь улсын тусгай хамгаалалтанд авсан нь зүйтэй гэж үзэж байсан юм.

УИХ-аас байр суурийн зөрүүтэй байдлаа нэгтгэж ир гэсэн үүрэг авсан Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам хамтран ирэх долоо хоногт энэ асуудлаар нутгийнхан болоод бусад холбогдох мэргэжилтнүүдийн хамт хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.

 

Эх сурвалж: www.sonin.mn