“Буянт-Ухаа 2” хороолол руу цахилгаан татах дэд станцад техникийн бэлтгэл ажлыг хийх төсвийг энэ оны төсвийн тодотголоор зогсоосон байна. Үүнээс үүдэж “Буянт-Ухаа 2” руу цахилгаан татах боломжгүй болжээ. Тодотголоор тодорч байгаа бэрхшээлүүдийн наад зах нь энэ л дээ. Үүнийг шийдэх хоёр дахь гарц байгаа нь иргэд байрны зээлэнд хамрагдаж урьдчилгаагаа төлж эхэлбэл санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломж гарах юм гэж гүйцэтгэгч компаниуд хэлж байна. Гэвч иргэд хөдөлдөггүй. Энэ нь хавраас эхэлж чимээлээд байгаа урьдчилгааг 10 хувь болгоно гэсэн хүлээлт ийм байдал үүсгээд байна. Хэрвээ 10 хувийн тухай яриагүй, эсвэл эцэслэн шийдвэр гарсан бол захиалагч тал борлуулалтаасаа эргэлтийн хөрөнгөтэй болж, бүтээн байгуулалтын ажил хэвийн урагшлах байсныг захиалагч болон гүйцэтгэгч компанийнхан сайддаа хэлсэн байна лээ.

 

Төрийн түшмэдүүд сэрүүн зүүдээ тооцоо судалгаагүй зарлаж шоудах нь дороо ийм л үр дагавартай байгаа юм. Байранд орох сугалаанд нэр багтвал бушуухан урьдчилгаагаа төлж байсан иргэд байрандаа орох бүх болзлоо хангасан ч урьдчилгаан дээрээ хөдлөхгүй болжээ. Энэ 10 хувийн урьдчилгаагаар тулсан асуудлаа шийдэх барилын компаниуд дагаад дампуурах шахаж байгаа бололтой.

 

Банкуудаас албан ёсоор зарлаагүй ч Ипотекийн зээл олголт ч үндсэндээ зогссон байгаа. Төрөөс байрны урьдчилгааг 10 хувь болгож, 20 хувьд нь баталгаа гаргана гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор иргэд хүлээлттэй болж барилгын компаниудад дампуурал нүүрлүүлж байна гэхэд хатуудсан болохгүй.

 

Орон сууцны ипотекийн зээл олгож эхэлснээс хойшхи хугацаанд нийт 3.5 их наяд төгрөгийн зээлж олгож, энэхүү хөтөлбөрт 72 мянга орчим хүн хамрагдаад байгаа буюу 20-30 жилийн өрийн дарамтад орсон байгаа. Одоо урьдчилгааг 10 хувь болговол төлбөрөө даах орлого боломжоо ч үл тоон барьцах сэтгэлгээрээр байранд орьё гэх айл өрх бодит тооцооллоос давж л гарна даа. Урьдчилсан байдлаар урьдчилгаа 10 хувь болгоход 15-30 жилийн турш орон сууцны зээлтэй амьдрах өрхийн тоо 100 мянгад хүрнэ гэсэн тооцоолол байгаа юм билээ.

 

Энэхүү чихэн дээр ургуулсан цэцэг болоод байгаа 10 хувийн урьдчилгааг тооцоо нарийвчлалгүй хэрэгжүүлж сонгуулийн шоу болговол алсдаа том хямрал нүүрлүүлж болохыг тоосго өрдөг захын компанийн захирал хэлж байгаа. Ажлын байрны баталгаа алдагдаж, төсөв хэмнэх уриан дор цомхтгол чимээлж байхад одоо гарсан байгаа Ипотекийн зээлийнхээ эрсдлийг тооцож энэ зээлээ чанаржуулах тухай л ярьсан нь хал балгүй дээ гэж хэлмээр.

 

Урьдчилгааг 10 хувь болгох гэдэг санаа үнэхээр сайхан ч төр энэ ажлынхаа "пянг" даах уу гэдэгт эргэлзэх үндэслэл эхнээсээ олон байсан. Хамгийн сүүлийн байдлаар ирэх 2016 оны төсөвт орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөрийг бууруулах мөнгө тусгагдаагүй байна.Энэ талаар харин Ч.Хүрэлбаатар гишүүн түс тас хэлсэн байна лээ. Шууд иш татья.

 

"...Зээлийн урьдчилгааг 10 хувь болгон бууруулахад Засгийн газар өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргахаар болсон. Ирэх 2016 оны төсөвт орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөрийг бууруулах мөнгө тусгагдаагүй. Энэ талаар нэг ч удаа эргэн яриагүй. Иргэдэд хандаад хэлэхэд урьдчилгаа төлбөрийг бууруулна гэх үлгэрт итгэх хэрэггүй. Учир нь төр, засгаас энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй. Тухайн үеийн сайдын олны анхаарлыг татах гэсэн нэг л асуудал..." гэлээ.

 

Төр зээлийг тултал авч гадаад өр хязгаараа давчихаад байгаа. Засгийн газар төсвийн цоорхойгоо зээл бондоор нөхсөөр яваа нь үнэн. Нөгөө талд иргэдэд юуны “бонд” нөөц хөрөнгө байх вэ. Манай улсад 820 орчим мянган өрх байгаагаас 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ гарсныг “Голомт” банкнаас мэдээлснийг энд хэлье.

 

Иргэдээ хөлдөө чирч өр тавихад уриалан дуудах хэрэг байна уу. Нөгөө талаас 10 хувийн урьдчилгааны сураг хүлээлт үүсгэж хэвийн явж байсан орон сууцны урьдчилгаа төлбөрийг гацаанд оруулж энэ нь эргээд барилгын компаниудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа жишээг дээр өгүүлэв.

 

П.Баяр

www.shuud.mn