Нэг ямааг жилд бэлчээхэд 1 га бэлчээрийн талбай шаардлагатай байдаг бөгөөд ямаанаас жилдээ 100 мянган төгрөгийн ашиг олох боломжтой. Харин нэг га талбайгаас жилд 5 кг алт олборлох бөгөөд уг алт нь 375 сая төгрөгийн үнэд хүрдэг байна.

Ингээд ямаа бэлчээсэн нэг га талбайн өвс ургаж, дараа жилдээ хэвийн байдалдаа ордог бол, алт олборлоод орхисон талбай унаган төрхөө олоход зуун жил шаардлагатай байдаг ажээ.

Тэгэхээр манай улсын хувьд “алтыг нь аваад авдарыг нь хаяна” гэгчээр газраа ашигладаг. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийж байгаа нь энэ гээд ухсан нүхээ шороогоор булахаас илүүг бараг хийдэггүй. Үүнээс болж монгол орны газар нутаг нэлэнхүйдээ цөлжилтөд хамрагдаж, ус ургамал ховордох болсон. Энэтхэг, Сири улс маш их газрын баялагтай байсан бөгөөд яг энэ замаар явсаар, уух усгүй, идэх хоолгүй болоод хэдэн арваараа хатаж үхэхэд хүрсэн. Баялагтай газар нутгийн ард түмэн болж төрчихөөд, баялагаа ашигласныхаа дараа эмгэнэлт амьдрал туулсан улсуудын хамгийн тод жишээ энэ.

Харин зарим хөгжилтэй оронд арай өөр. Германд бол газрыг хөдөө аж ахуйн зорилалтаар ашиглачихаад нөхөн сэргээхдээ мод, бутлаг ургамал тарьдаг байна. Ялангуяа, хүрэн нүүрсний олборолт явж байсан уурхайг нөхөн сэргээхэд, моджуулахад онцгой анхаардаг. Тухайлбал компаниуд нь төрийн өмчлөгч нартай тусгайлан гэрээ байгуулж, түүндээ нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө, сэргээх хугацаа, нөхөн сэргээлтийн чанар гэдгийг тусгайлан зааж өгдөг байна. Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг уурхайн түрээслэгч гүйцэтгэдэг бөгөөд зардлыг газар ашигласны татвараас бүрдүүлдэг сангаас санхүүжүүлнэ. Харин Чех улсад уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхөн сэргээхдээ ойжуулах аргыг голчлон ашигладаг. Польшид мөн л адил. Эстонид ойжуулах замаар уул уурхайн зориулалтаар ашиглагдсан газрыг нөхөн сэргээдэг. Жижиг улсын хувьд энэ нь байгаль орчны хувьд төдийгүй эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой байдаг ажээ. Учир нь, 20 нас хүрсэн нарсны модны үнэ нь уулын ба биологийн нөхөн сэргээлтэд зарцуулсан бүх зардлыг бүрэн нөхдөг байна.

Ер нь, дэлхийн дийлэнх оронд уул уурхайн зориулалтаар ашиглаж байсан газрыг нөхөн сэргээхэд моджуулах, бутлаг ургамал тарих замаар эрүүлжүүлэх, сэргээхэд голлон анхаардаг юм байна. Зүгээр нэг булаад орхихгүй тухайн бүс нутагт, экологийн таагүй нөхцөлд ургах чадвартай мод, бут тарина. Тарьсан модондоо 10-12 жил хяналт тавьж, усалгаа, бордоо зэргээр хангаж өгнө. Ингэсний дараа олборлолт явуулсан газар хэвэндээ орж, цөлжилтөөс айхааргүй болдог аж. Тэгэхээр манай улс нөхөн сэргээлтийг нэн яаралттай бүрэн утгаар нь хийдэг болохгүй юм бол Сири, Энэтхэгийн ирээдүй хүлээж байгаа гэдгийг хэлэхэд гашуун боловч үнэн байна.

Н.Ганчимэг