Дэлхийн дэвжээн дээр улс орнууд хоёр талцан зодоглоод эхэлжээ. “Баруун” талын тэргүүн магнайд Америк, Герман, Япон, Франц тэргүүтэй хүчтэнүүд, “Зүүн” талын тэргүүн магнайд Орос, Хятад, Энэтхэг тэргүүтэй аварга, арслангууд хурсан орныг шуугиулан, дэвэн дэвсээр гарч ирж байна.

“Баруун” жигүүрийнхэн бидний өнөөгийн түнш, “Зүүн” жигүүрийн хамгийн том цолтой хоёр нь хоёулаа нэгэн цагт манай итгэлт нөхөр, “ах” гэж авгайлуулдаг байсан ч цагийн нугачаанд бид хоёуланг нь дараалаад хөөгөөд явуулчихсан, гэхдээ өнөөг хүртэл салаад нүүж чадаагүй, хаяа дэрлэн амьдарсаар байгаа гэдэг утгаараа биднийхээ өдөр тутмын амьдралд өнөөдөр ч нөлөөтэй хэвээр. Тиймээс энэ хоёр үзэлцээд эхэлвэл бид хэнд нь “балиашиглаж”, хэний нь захыг мушгих нь их сонин.

“Баруун”-ыхантай бид өвөр түрийдээ ороод удаагүй байгаа, шинэхэн амраг нь учир одоогоор тэднийдээ зочлох бүртээ бага сага юм зууж, зөөж чадаад байгаа, тэд ч нэг их гар татаад байх нь гайгүй санж. Гэхдээ өмнөх гэрлэлтүүдийг нь харахад удаад ирэхээрээ уйдах нь амархан, тэр мөртөө дээрэлхүү, омог сүрээрээ түрээ барих гээд, “үгэнд орохгүй бол хохь чинь шүү” гэхээсээ сийхгүй, ханилгаа муутай талдаа. Ихээхэн тушааж, тулгах маягтай, Африкийн орнуудыг анх эрх чөлөөгөө олж байхад нь долоочих шахдаг байснаа одоо бүрмөсөн хаячихсан, үгэнд орохгүй байгаа сербүүдийг бөмбөгдөж, грекийн эдийн засгийг бужигнуулан самарч, Иракт цэргээ оруулан сүр үзүүлж, Ливийг зүгээр байхад нь гэнэт цохиод унагаачихсан. “Баруун”-ыхантай орооцолдсон улс орнууд сүүлийн үед өөдлөхөө болиод, дотоодын үймээн самуун, иргэний дайнд татагдан орчих гээд байх нь их болж. Египет, Афганистан, сүүлийн үед Украйн гээд, нэгэн цагт тайван сайхан хөгжиж цэцэглэж байсан улсуудыг харахад... нэг л биш ээ.

“Зүүн”-ийхнээс Хятад бол их өөр, аль дивангалбын үеэс л хил нийлж, дундуураа Цагаан хэрэм татаж, дайтаж, найрсаж явсан “мөнхийн хөрш”. Аль алиныхаа хэл, соёлд харилцан нөлөөлсөн зүйлийг тоолоод баршгүй. Гэхдээ өнөөдөр бидний хамгийн их айдаг, болгоомжилдог, сэрддэг, сэрэмжилдэг, гол мөртөө далд дайсан. Тэгсэн атлаа бид өнөөдөр хоол унднаасаа эхлээд хэрэглээнийхээ хамаг юмыг тэндээс зөөж, эрх баригчид нь мөнгө гуйж очихоосоо ичихээ хэдийнэ больсон. Уг нь шинэ үеийн түүхэнд гадаадын хамгийн заналт дайснаас нь салгахад Монгол улс, монгол цэргүүд оролцож байсан болохоор бидэндээ ач санах өртэй л улс.

Оросууд болохоор талаар нэг тарчихсан ванлигууд байснаа Монголын байлдан дагуулалтын ачаар нэгдсэн улсын ач тусыг ойлгосон, нэг ёсондоо монголчуудын “хичээнгүй шавь” болох түүхтэй улс. Өнөөгийн хүчирхэг Орос орны үндэс суурийг чухамдаа Монголчууд тавьж өгсөнтэй боловсролтой хүмүүс бол маргадаггүй. Тэр утгаараа бас л ач санах өртэй, гэхдээ нэг үе Халх гол, НҮБ, Эрдэнэт гэхчлэн том том асуудлаар гайгүй тусалчихсныг нь бодоход өрийнхөө тал хагасыг ч гэсэн төлчихсөн гэж харагдана. 1380 онд Монголд өгдөг хэдэн төгрөгний татвартаа гол цохиж, Куликовын талд Мамайн цэргийг цохисныхоо дараа гэнэт сүүлээ сэрвээндээ агсаж, монголчуудыг хуучин ванлигуудынхаа бүх нутгаас хөөж гаргаснаар барахгүй Ермак мэтийн орох оронгүй зуугуул дээрэмчдээ турхирч байгаад газар нутгаас маань булаагаад эхэлсэн, одоо тэр Ермак нь Оросын үндэсний баатар гэж судар түүхэнд дуудуулна. Хачирхалтай нь тэр дээрэмчнийг магтсан олон ангит киног монголын телевизүүд байн байн үзүүлэх дуртай. Монголын байлдан дагуулалтын Оросын түүхэнд гүйцэтгэсэн эерэг үүргийн тухай ил ярихад их дургүй, юм л бол татар-монголын дарлал гэж гоншигонох нь нажидтай, цор цор гээд байсан хэдэн ванг Калка гол дээр дараад алчихсан, Рязань, Козельск гээд гарын хуруунд багтах цөөн хэдэн хотыг нь шатаачихсныг нэг их юм болгон, өнөөг хүртэл сүржигнэхийг нь харвал бас их өсч, гомдомхой, юмыг удаан мартдаг улс юм.

Нэг ийм л хоёр талын дунд бид сул хоёр түүз атгачихаад, хөзрийн дуудлагад алийгаа өгөхөө мэдэхгүй суугаа муушигчин шиг алцганах болой.

“Баруун” талаа эхлээд шинжье. Энд олон бөхчүүд байгаа боловч, хамгийн том цолтой нь Америк. Үндсэндээ “баруун” талын гол засуулч, гол дасгалжуулагч, гол бэлтгэл хангагч, гол турхирагч, начны найрааг голлон зохион байгуулагч нь энэ. Бусад нь, хөөрхий, зарим нэг жижигхэн асуудал дээр өөрийн бодол, байр сууриа хааяа нэг хулчгардуухан илэрхийлэх боловч үгнээс нь гарнаа л гэсэн тооцоогүй. Гэхдээ түүний ард дэлхийг улс төр, эдийн засгийн талаар бүхэлд нь гартаа оруулах сонирхолтой бүлэг байгаа гэсэн хардлага байнга явдаг нь бас ч гэж үндэслэлтэй. Цөөн хэдэн тэрбумтныг багтаасан нууц клубийн зүгээс Америкаар дамжуулан “баруун” талыг бүхэлд нь удирддаг гэх хэд хэдэн баримт сүүлийн үед ил болсон. Санаандаа таарахгүй улс орныг дотоодын үймээн самуунд турхиран бужигнуулах, цэвэрхэн ч гэмээр юм уу, аргаар гартаа оруулах талдаа сүүлийн үед илт гаршаад байгаа Америкаас болгоомжлох, болж өгвөл салхин доогуур нь орчихгүйхэн явах сонирхолтой улс орнуудын тоо түргэн өсч байна. Түүний хэт дээрэнгүй, түрэмгий зан нь улам олон хүний дургүйг хүргэдэг болж, тулгалтыг нь ил, далдаар сөргөлдөн тэмцэх хандлага нэмэгдэж байгаа юм. Хамгийн балиар арга нь аливаа улс орны улс төрчдийг худалдан авах, худалдагдсан, урвасан, өөрийнхөө тоглоомын хүмүүсийг дээш нь түлхүү гарахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг нь дархлаагүй болгодог. Түүнийхээ дараа ивээлдээ багтааж, хамгаалалтдаа авч байгаа сайхан сэтгэлт Санта Клаусын дүрээр бүх эрх мэдлийг нь хурааж, дураараа тоглон, хүссэн бүхнээ цөлмөдөг байх юм. Үүнийг сүүлийн үед “эдийн засгийн аллага” гэж нэрлэдэг болжээ. Бидний хувьд Хятадуудаас хэд дахин илүүгээр сэрдэж, сэрэмжилж, үг, үйл нэг бүрээ цэнэж байгууштай тал уг нь энэ. Хөөгдвөл, хөөрхий муу хоёр хөрш шиг чимээгүйхэн пүүгээгээ баглаад, гомдлоо өвөртлөөд гараад явчихна гэж байхгүй, хараал идсэн гамингуудаас ч илүү холын санаатай, хогийн бодолтой, өмхий аргатай нь дэндсэн улс.

Гэтэл эрх баригчдыг худалдан авах хэдэн долларыг нэг гартаа барьж, нөгөө гартаа хүрз барьсан ийм “эдийн засгийн алуурчид” өнөөгийн Монгол төрийн хамгийн дотны итгэлт анд, ивээлт түнш болж хувирсан ажээ. “Ардчилсан төр” гэсэн хуурамч нэрийн дор үндэсний бахархал, соёлоо дэвсэж өгсөн “баруун”-ы утсан хүүхэлдэйнүүдийн сүүлийн хорин хэдэн жилийн ноёрхол Монгол улсыг “баруун”-ыхны нэргүй колони болгож, монгол газрын өрмийг ямар ч хяналтгүйгээр, ямар ч эрээ цээргүйгээр цуслах боломжийн үүд хаалгыг цэлийтэл нээгээд өгсөн байна. Тиймээс бидний явж байгаа зам хөгжилд хүргэх үү, мөхөлд хүргэх үү гэдэг нь тодорхойгүй болж, ирээдүй харанхуйлав. Бид чухам хаашаа яваад байгаагаа харахаа байгаад, нүдээ боолгочихоод “барууны ах нарынхаа заасныг дагаад байвал аятайхан бэлчээрт хүрчих юун магад” гээд таамгаар тэмтчидэг болж. Зааж өгсөн бэлчээрт нь очсон чинь “баруун”-ууд нь өөрсдөө түрүүлж өвсний соргог, усны тунгалагийг нь хуу хамаад, бидэндээ шаар шавхруу ч үлдээлгүй бултчихсан байвал яана?

“Зүүн”-ийг бол бас “БРИКС” гэж нэрлэхэд болно. “Баруун”-ы балиар аргаас өөрийгөө хамгаалах, тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь хамгаалж үлдэх сонирхолтой улс орнуудын нэгдэл болсон энэ бүлэгт цолны эрэмбээр манай их хөршүүд-Орос, Хятад хоёр зуузай холбон тэргүүлэх бөлгөө.

Оросууд бол манайхаас хамгийн сүүлд хөөгдсөн болохоороо гомдол нь тайлагдаагүй, өнөө ч гэсэн биднийгээ “найдваргүй, урваач, шарваач” гэх билээ. Ойлгож болно оо, болно. “Баруун”-ыхан шиг нүүрэн дээр нялганаад байхгүй, бидэндээ дээрэнгүй ханддагаа нуудаггүй, хамраа сөхөмтгий, харьцаа муутай. Нэг талаар энэ нь эвгүй боловч, нөгөө талдаа жинхэнэ нүүр царай нь ил учир харьцахад “баруун”-ыхнаас арай дөхөм. 1223 онд Калка голд няхуулснаасаа хойш, албан ёсны түүхээр бол 1380 он хүртэл 150-иад жил гэдэг боловч, хэрэг дээрээ түүнээс ч удаан хугацаагаар Монголчуудын эрхшээлд байсандаа ичдэгтээ ч юм уу, хорсдогтоо ч юм уу, монголыг Хятадын нэг муж төдий хэмээн үл тоомсорлодог гэдгээ байнга харуулахыг оролддог байснаа Барон Унгерн эндээс Зөвлөлтийн нутаг руу цөмөрч, Сибирийг Алс Дорнодтой холбодог ганц гол төмөр замыг нь таслангаа алдсанаас хойш аргагүй сонирхох болсон. Дараа нь 30-аад оны сүүлээр Япон, 60-аад оны эхээр Хятадтай сөргөөлцөх үед Монгол бүр ч үнэд орж, бидэнд байдгаа барьсаан, хөөрхийс, үнэн үнэн. Тийм учраас 90-ээд оны эхээр хөөгдсөндөө голдоо ортол гомдсон биз. Одоо бол “та нар шиг хэрэггүй юм бидэнд байхгүй” гэсэн царай байнга гаргана.

Хятад бол огт өөр, бидний ганц “хадны мангаа”. Бас ч аргагүй, монголчууд гадны улсын эрхшээлд хэсэг хэсэг хугацаагаар орж байсан ч, хамгийн хатуу Манжийн эрхшээлд байсан үедээ ч уламжлалт засаг захиргааны нэгжээ эвдүүлээгүй юм. Манж нар яах вэ, биднийгээ эзэлсэн л нэртэй болохоос, Хүрээ, Улиастай, Ховдод өндөр хэрмийн цаана бүгсэн, амбанаар толгойлуулж, цөөн цэргээр хамгаалуулсан хэдэн татварын байцаагчтай л байсан улс шүү дээ. Хааяа ганц нэг ноён татвар төлөхгүй гэж гүрийгээд, сэлэм жад агсаад ирвэл өөдөөс нь манжийн хаанд үнэнч гэж жигтэйхэн монгол ноёдыг цэрэглэн явуулж, барьж аваад, Бээжинд аваачаад “чад” болгочихно. Алба татвараа л төлж байвал монголчууд яах нь хэнд ч хамаагүй байсан гэхэд болохоор. Түүнээс өмнөх үеийн хятадууд бол бүр ч амар байсан. Тогоон төмөр хааныг хөөсний дараа байгуулсан Мин улсын цэргүүд Монгол олон удаа халдаж, нийслэл Хархориныг хүртэл эзэлж байсан удаатай мөртөө хааны маань ордон дээр Хятадынхаа тугийг мандуулж, энэ улс, газар нутаг, хүн ам одоо Хятадынх болсон хэмээн шавар тагзаа нүүлгэж авчраад үлдэх гэж нэг ч удаа оролдоогүй, баахан юм дээрэмдэж авчихаад бушуухан нутгаадаа буцчихдаг байсныг түүх гэрчилдэг. Тиймээс “Хятадууд бүх түүхэндээ Монголыг булаан эзэлж, Хятадын нэг хэсэг болгохыг хүсдэг байсан” гэсэн үг жаахан хэтрүүлэгтэй сонсогдох билээ.

Харин Монгол улс түүхэндээ ганцхан удаа “аннексия” гэдэг үгийн жинхэнэ утгаар харьд эзлэгдсэн нь 1919-1920 оны хооронд хэдхэн сарын дотор Хятадын гамин цэргүүдийн хийсэн ажил. Тэд Монголын засаг захиргааны тогтолцоог бүрэн эвдэж, хятад засаг захиргааны нэгжээр солих эхний алхамыг хийж, төрийн яамдыг хөөн тарааж, тамгыг нь хураагаад, Богдыг маань хүртэл гэрийн хорионд оруулсан, азаар хугацаа бага байснаас эцэст нь хүргэж амжаагүй, цагаантнуудад хөөгдөөд талийсан даа. Ёстой үзээгүйгээ үзсэн энэ үйл явдал бидний зүрхэнд орчихсон юм. Өнөөгийн бидний хятадуудад ханддаг хандлага чухамдаа эндээс л улбаатай.

Нөгөө нэг онцлог нь Монголын байлдан дагуулалтын тухайд оросууд шиг “хичнээн олон хүнийг алж, хотуудыг шатаасан гэж бодно оо” гэж гоншгоноод байхгүй, Юан улсын Хятадын түүхэнд гүйцэтгэсэн эерэг үүргийг ил шууд хэлнэ. Хэтрээд ирэхээрээ Чингис хааныг биднээс илүү магтан дуулж, Хубилайг “манай хаан” хэмээн өөриймсөглөх нь угаасаа эх түүхээ бусдаас харамлаж сурсан биднийг улаан даавуу харсан андалузын бух шиг улангасуулаад байдгийг нуугаад яах вэ. Нөгөө талаар түрээр орж ирчихээд хараар үлдэх гэх, уул уурхайн салбар луу хэт шунан зүтгэх, хөдөө гадаагуур тэнэж ховор ургамал, чулуу, ер нүдэндээ харагдсан болгоныг авч хууль бусаар хил давуулаад байдаг хятадууд ягуухан олшроод байгаа нь бидний баадууг бүр ч чангалж орхидог.

Гэхдээ үүний бурууг хятадуудаас өмнө эрх баригчдаас хайх хэрэгтэй. Монголд түрээр орж ирэх гадаадын иргэдийн тоог хязгаарлах, орж ирсэн нь хаагуур, юу хийж яваад хатуу хяналт тавих, нийт ард түмний өмч болох уул уурхайн байлгийг гадныханд хязгаартай, хяналттай эзэмшүүлэх төрийн бодлого гэх юм үзээд өгье ч гэсэн олдохгүй байгаагаас л энэ нь болж байгаа юм. Ер нь манайх шиг гадныханд хамаг хаалга үүдээ дэлгэчихээд хятад гэж хялайх, америк гэж мишээх эрхийг нь ард түмэндээ үлдээчихсэн өөр улс орон байдаг ч юм уу.

Нэг ийм хоёр талаас бид аргагүй нэгийг нь сонгоход хүрээд байгаа билээ. Цаашдаа зээл, тусламжаар угжуулаад байхаа бодвол “баруун”-ыхан нь дээр, гэхдээ Монголын ирээдүйд хэт халгаатай, хөгжилд чөдөртэй. Гай болоод зээлээ төлж чадахгүйд хүрвэл давхиж ирээд “Одоо энэ Монгол улс чинь минийх болсон, дуртай зүгтээ тонилцгоо” гээд, шүүр бариад, тулга тойруулаад биднийгээ элдэж өлхөн чадна, ёстой ичих зовох гээч юмыг даанч мэдэхгүй. Нөгөө талаар барилдаан гэнэт эхлэх ахул хаа холын “баруун”-ыхныг “балиашиглаж” байгаад хоёр хөршийнхөө дургүйг хүргэж, зуултанд нь ороод, хамаг “хараант”-аа хаалгачихвал Америкчууд байтугай бурхан ч өөрөө ирээд аварч чадахгүй юм болж мэднэ. Нутгаа аваад нүүгээд явчихаж чадахгүй, байнга зэрэгцэж суухаас хойш, өдөр тутмынхаа хэрэгцээг хангадгаа бодвол “зүүн” тал нь бидэнд өлзийтэй. “Баруун”-ыхныг бодвол хүссэн үед ам руу будаа халбагадаж өгөхгүй, гар чангатай ч гэсэн, өнөөгийнх нь түүхэнд өвөг дээдсийн маань оруулсан сайн хувийг таг мартчих улс бас арай ч биш, тэр утгаараа үнэхээр ядарсан үед маань түшээд явчих сэтгэл гаргах магадлалаараа “баруун”-ыхнаас лав давж гарна уу гэхээс дутахгүй.

Талууд одоогоор дөнгөж дэвж эхэлж байна, их биш ч гэсэн хугацаа байна, бодоцгооё доо.

 

Чимидийн ЭНХЭЭ