Түүх ингэж эхэлдэг юм. 2011 оны зургаадугаар сарын 20-нд Ж.Сүхбаатар тэргүүтэй УИХ-ын 12 гишүүн “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай” хуулийн төсөл (эдгээр гишүүний зургаа нь буюу дийлэнх нь МАН-ынх байв) боловсруулж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьж байв.

Ж.Сүхбаатар гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, одоогийн сөрөг хүчин МАН УИХ-д 45 суудалтай үнэмлэхүй олонх байсан үе. 28 суудалтай АН-ыг засагтаа оруулсан ч Байнгын хороо, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, товчлуурын олон гээд эрх мэдлийн хуваарилалт МАН-д л төвлөрч байсан хэрэг. Гэхдээ “хар машин” хэмээх шинэ ойлголтыг улс төрд нэвтрүүлэх хуулийн төслийг УИХ-ын босго давснаас таван сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 10-нд гишүүдийн олонх ногоон гэрлээр баталж байв.

Үүнээс ердөө сарын дараа буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг мөн эцэслэж байлаа. Энэ үеэс гараар тоолох уламжлалт аргыг халж, сонгуулийн тогтолцоог холимогжуулан 76 гишүүний 48-ыг томсгосон 26 тойргоос сонгож, үлдсэн 28 суудлыг улсын хэмжээнд авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилах намуудын тохиролцоо “биежиж” эхэлсэн юмдаг. Тухайн үед АН, МАН-ын хөшигний ар дахь тохироо, сонгуулийг шинэ системээр явуулах “туршилт”-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж болох байсан ч тэгээгүй. Ийм нэгэн шалтгаан, тохиролцооны үр дүнгээр УИХ, нийслэл, орон нутаг, Ерөнхийлөгчийн зэрэг дөрвөн ч сонгуулийн нүүрийг үзээд байна.

Тэгэхээр сонгуулийн автоматжуулсан систем, санал тоолох “хар машин” бидний хувьд шинэ зүйл биш юм. Харин загасчны морь усгүй гэдэг шиг УИХ-д олонхийг бүрдүүлж байхдаа баталсан хууль нь өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний байрлалд шилжүүлж, дараалсан ялагдлыг авчирна хэмээн төсөөлөө ч үгүй явсан МАН гол буруутнаараа өнөөх автомагжуулсан систем, “хар машин”-ыг нэрлэж, бас чичлэх болов. Эцэстээ улс төрийн 20 гаруй намыг эгнээндээ нэгтгэн Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, гараар давхар тоолж баталгаажуулах заалтыг хуульд тусгахыг АН-аасаа шаардан Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барин суулт хийж эхэллээ. Энэхүү шаардлага ажил хэрэг болтол улс төрийн тэмцдээ үргэлжлүүлэхийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга онцолно лээ. Үүнээс харахад Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх нь эрх баригч АН-аас хамаарахаар болж байна. Гэхдээ Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт тойрсон намуудын толхилцол Байнгын хороо, чуулганы нэгдсэн хураддаанд нөлөөлж, төрийн ажлыг гацааж эхэлснээс харахад тэд улс орны эрх ашгийн үүднээс нэг ширээний ард суух нь бараг л худлаа болов бололтой.

Өөрсдөдөө байгаа эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сонирхол АН-д бий. Хэдийгээр дургүйцлээ илэрхийлэх болсон ч МАН-д бас хүсэл байсан. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, товчлуурын илүү нь АН-ынх учраас “Эцэг хууль”-даа гар хүрэх боломжтой. Тиймээс Сонгуулийн хуулийг хойш тавьж, Ард нийтийн санал асуулгад нэмэлт өөрчлөлт оруулахаар зүтгүүлж эхэлсэн нь АН-ын сонирхол сүрхий сэдэрч буйн шинж. Гэвч Ард нийтийн санал асуулгад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ынхан тав хоногийн завсарлага аваад хаалт хийчихлээ.

Гэхдээ ингэлээ гээд АН-ын боломжийг хаачихаж байгаа юм биш. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг батлахдаа хүрвэл МАН-ын хэрэг АН-д огт байхгүй. Тэд ердийн олонхиороо л батлах бүрэн боломжтой. Дараа нь өнөөх алдарт “хар машин”-ыхаа асуудлаар санал хураана. Ард нийтийн санал асуулгаар дэмжигдсэн өөрчлөлтийг УИХ-аас шууд баталсанд тооцохоор журмын тухай хуульд заасан болохоор тэр.

Таван жилийн өмнө баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.8-д Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонх нь оролцож, тэдгээрийн олонх нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг багалсанд тооцно гээд хуульчилчихжээ. Ард нийтийн санал асуулга явуулах нь Сонгуулийн хуулиас илүүтэй АН-ын санаа тавих сэдэв гэдгийг эндээс төвөггүйхэн ойлгож болно.

Гагцхүү АН-аас бусад нам сонгуулийн санал хураалтыг гараар давхар тоолохыг дуу нэгтэйгээр шаардах болсон нь Ард нийтийн санал асуулгыг цаг хугацаагаар шахах, УИХ дээр унагаж мэдэх эрсдэл үүсгэж байгаа юм. УИХ-д суудалтай намуудаас МАН-ын 26, “Шударга ёс” эвслийн 10, ИЗНН-ын хоёр, нийт 38 гишүүн саналыг гараар давхар тоолж баталгаажуулах асуудалд санал нэгдээд буй. Ирцээ 100 хувь бүрдүүлж, бие даагч гурван гишүүнтэй хавсайддагтүй л юм бол АН-ын автортай Ард нийтийн санал асуулгын хууль УИХ дээр бүдрэх нь бараг тодорхой гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаагүй болсон гэсэн сөрөг хүчний үйлдэл Сонгуулийн хуулиар барьцаалсан улс төр байх талтай. Нөгөө талаас сөрөг хүчнээ аргадаж зөөллөх, Сонгуулийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар сонирхлоо гүйцэлдүүлэх улс төрийн зайлшгүй шаардлага өнөөдөр АН-д бий болж байна.

Саналыг гараар давхар тоолохыг шаардан парламентыг барьцаалж эхэлсэн МАН, түүгээр нь далимдуулж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тулгах болсон АН-ын зөрчлийг дурдахад ийм байна. Хамгийн сонирхолтой нь энэ шалтгаанаас үүдэн сонгуулийн товыг гурван сар хойшлуулах тухай яриа саарал ордноор хэдийнэ тэнүүчлээд эюлчихжээ. Хэдийгээр АСЕМ-ын хуралдаанаар шалтаг болгож буй ч есдүгээр сард сонгууль явуулах энэ хувилбар ердөө л Үндсэн хуулийн болон Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хийх зорилгодоо цаг гаргах гэсэн ердийн арга бололтой.

Нэг зүйлийг тэмдэглэхэд гараар давхар тоолох саналыг хуульд тусгахын тулд АН-ын зүгээс МАН-д нэг болзол тавих нь тодорхой. Тэр нь мэдээж Ард нийтийн санал асуулгыг дэмжиж, цаашлаад хамтраад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Уг нь сонгуулийн саналын дүнг гараар давхар тоолох МАН-ын саналыг зөвшөөрөх нь АН-ын хувьд алга урвуулах төдий зүйл. МАН-ынхан ч Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нь АН-ын дэмжлэггүйгээр явахгүйг сайн мэдэж байгаа.

Гагцхүү тэд тохиролцож чадалгүй өдий хүрч байгаа хэрэг. Сонгуулийн тухай хуулийн төслийг хугацаандаа хэлэлцэн баталж чадахгүй бол Үндсэн хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болно. Тиймээс эрх баригчид болон сөрөг хүчнийхний албан бусаар ярилцаж байгаа шийдэл нь дээр дурдсан сонгуулийг хойшлуулж, есдүгээр сарын дундуур явуулах хувилбар байх бололтой. Нэг үгээр хэлбэл, Сонгуулийн хуульдаа МАН-ынхны саналыг тусгаж, үлдсэн хугацаанд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах сэдэл энэ парламентад хэдийнэ бий болчихоод байгаа хэрэг.

2016 он Монголын улс төр, эдийн засаг төдийгүй гадаад харилцаанд шийдвэрлэх чухал жил мөн. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт саадгүй үргэлжлэх, Тавантолгойн ордыг хөдөлгөж чадах, эсэюэс Монголын эдийн засаг хамаарна. Харин сонгуулийн үр дүнгээр бий болох УИХ, нийслэл, орон нутгийн удирдлага, бүтэц Монголын ирэх дөрвөн жилийн өнгө төрхийг тодорхойлох учиртай. Долоодугаар сарын дундуур буюу наадмын дараа Улаанбаатарт зохион байгуулах АСЕМ-ын дээд хэмжээний уупзалт ч Монголыг дэлхий дахин үнэлэн дүгнэх, шинээр харах боломжийг бий болгоно. Ийм шийдвэрлэх жилийн босгон дээр улс төр нь иймэрхүү эрээюр хураавар байдалтай, гацаа саадтай, зорилго зөвшилцөлгүй байгаа нь сайны тэмдэг лав биш биз ээ.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/